Бусад
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг 1.5 га талбайд барих ажлын явцтай танилцлаа. 2025 оны хавар тохижилтын ажлыг хийгээд зун нь ажлыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр ногоон байгууламж, авто зогсоолын асуудлыг нэг дор шийдэх учраас иргэд ч эергээр хүлээж авч байгаа” гэв. Энэ үеэр ажлыг гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр ажлыг төлөвлөгөөний дагуу өдөр, шөнийн ээлжээр тасалдуулахгүй явуулж буйг онцлоод энэ онд газар доорх барилга байгууламжийг хийж дуусгана. Өвөл дотор заслыг нь хийнэ. 2025 оны хавар гадна тохижилтын ажлыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Одоогийн байдлаар газар шорооны ажил дууссан. Барилгын суурийг ухаж, суурийн арматур, хэв хашмалын ажлыг хийсэн, өнөө шөнө суурийн бетоныг цутгана. Өмнөх цахилгаан холбооны шугамуудыг нүүлгэн шилжүүлж, буцаан хэвийн ашиглалтад оруулж, техникийн комисст хүлээлгэн өгсөн. Гадна дулааны шугам сүлжээний ажил дуусаж байна.
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд иргэдээс санал авч, 96 хувийн саналаар дэмжсэн байдаг. Энэ хүрээнд иргэдэд тухайн байршилд ямар ажил хийх талаар тогтмол мэдээллийг хүргэж, орон сууцны орцонд барилгын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй талаар зарлал байршуулах, иргэдийг тав тухтай байлгах үүднээс өглөө бүр барилгын ажлын цэвэрлэгээг тогтмол хийж байгаа талаараа мөн гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном гүйцэтгэгч “Бодь пропертийз” компанийг цаашдаа ч төлөвлөгөөний дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал, стандартыг хангаж барилгын ажлыг явуулаарай гэсэн зөвлөмж өглөө.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.