Нийгэм
Мал хариулж явсан гурван хүн аянгад цохиулж, хоёр нь амиа алджээ
Ховд аймгийн Мянгад сумын нутаг Өндөр хөхийн-Уулын ар бэл гэдэг газар долдугаар сарын 30-ны 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулсан.
Үүний улмаас хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаарх мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долдугаар сарын 30-ны 11:30 цагт очиход 17 настай хоёр хүү нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн 25 настай эрэгтэйн биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Дээрх харамсалтай явдлын талаарх мэдээллийг онцгой байдлын алба наймдугаар сарын 5-ны 09:35 цагт хүлээн авчээ.
Аянга цахилгаантай үед анхаарах зөвлөмж:
- Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх
- Өндөр уулын орой, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх
- Радио телевиз, гар утас зэргийг унтраах
- Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх
- Саваа модон хэлбэртэй зүйлийг толгой дээрээ барихгүй байх
- Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух
- Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж, доош суух
- Модноос дөрвөн метрээс дээш зайнд холдож суух
- Цахилгааны шонгоос хол байх
- Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антеныг брезинт буюу даавуугаар бүтээх
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.