Нийгэм
НЕБ-ын 29 дүгээр сургуулийн их засварын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:
Долоодугаар сарын 29-ний өдөр бид их засварын ажлыг эрчимжүүлэхээр сургуулийн байранд ажилласан. Түүнээс хойш гүйцэтгэл сайжирсан харагдаж байна. Төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө их засварыг дуусгаж ашиглалтад оруулна.
“Гурван тахилагат оргил” ХХК-ийн Л.Чойжилсүрэн:
Манай компани долоодугаар сарын 8-ний өдөр гэрээт ажлаа хүлээн аваад төлөвлөгөөний дагуу шуурхай эхлүүлсэн. Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ний байдлаар дотор заслын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Хугацаа бага учраас ажилчид уртасгасан байдлаар буюу 06:00 – 00:00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж буй. Уг барилга нь 35 жилийн турш засвар хийгдээгүй учраас нураалтад их хэмжээний хугацаа орсон. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөхөөр шахан ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар:
Сургуулийн барилга анх 1964 онд ашиглалтад орсон бол эрэгтэй, эмэгтэй дотуур байр 1989 онд ашиглалтад орж байсан. Энэ хугацаанд засварын ажил огт хийгдээгүй. Дулаан алдагдал маш ихтэй, жилийн дөрвөн улиралд дээврээсээ бороо, цасны ус нэвчдэг хүнд хэцүү байдалтай байсан. Сүүлийн зургаан жил шат шатны байгууллагад хандсан ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Харин хоёрдугаар сард Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай танилцан уг ажлыг эхлүүлэхэд нөлөө үзүүлсэнд баяртай байна. Уг асуудалд одоогоор Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр зуун хувь хариуцаж ажлыг эрчимжүүлж байна. Бүх талаар дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Цаашдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллана.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.