Нийгэм
БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байна
Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна.
Баянзүрх дүүрэгт:
- Намьяанжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.1 км авто зам;
- Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 2.4 км авто зам;
- Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэл 0.9 км авто зам;
- Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах хүртэл 0.74 км авто зам;
- Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.5 км авто зам;
- Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.4 км авто зам;
- Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.9 км авто зам;
Сүхбаатар дүүрэгт:
- 5-р сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл 0.45 км авто зам;
- Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл, Зоос гоёлын уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл 1.8 км авто зам;
Алслагдсан гурван дүүрэгт:
- Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн уулзвараас Соронзын уулзвар хүртэл 0.87 км авто зам;
- Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Буян налайх” төвийн уулзвараас Уурхайчдын 14 дүгээр гудамж хүртэл 0.9 км авто зам;
- Налайх дүүрэг 4 дүгээр хороо 37А байрны ар талын 1800 ам метр авто зогсоол;
- Налайх дүүрэг 2300 ам метр авто замын засвар арчлалтын ажил;
- Багахангай дүүрэг 850 ам метр авто замын засвар арчлалтын ажил;
Дээрх ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.