Нийгэм
Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт ажиллаж төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа.
Батсүмбэр сумын “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэх, тарих гарц шийдлийн талаар аймгийн Засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж, ойрын хугацаанд сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлж, нэгдсэн тоо гарган зохиомол хээлтүүлэгт боловсон хүчнээ бэлтгэхийг үүрэг чиглэл болголоо.
“Үдлэг Бургалтайн шим” хоршоонд нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлж байна.
Сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь өвс, тэжээлийн үнэ их байгаагаас үхрээ стандартын дагуу тэжээж чадахгүй байна. Иймд малчдад тариан талбайг нэмж олгон шим тэжээл сайтай тариалан эрхлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна. Түүнчлэн Батсүмбэр сум нь цахилгааны хүчдэл муугаас цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болж, өөрсдөө цахилгааны өсгөгч авч сүүгээ хөргөн компаниудад нийлүүлж байгаа талаар хэлсэн.
Цаашлаад сүүний урамшууллыг есдүгээр сараас зургаадугаар сар хүртэл олговол хаврын хатуу цагт өвс, тэжээлээ бэлтгэхэд бодит дэмжлэг болно. Иймд салбарын яам тооцоо судалгаа хийж үзэх хүсэлтийг тавилаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.