Нийгэм
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх дулааны 2а магистралийг өргөтгөн шинэчилж байна
Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байна.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр нар тус байршилд ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү гүйцэтгэгч компанид есдүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болгов.
“Рутан” ХХК-ийн захирал П.Бямбабаатар “Газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэн. Манай ажилчид зарим тохиолдолд гараар ухаж, магистрал шугамд таарсан аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хичээж ажиллаж байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд хонгилын систем хийж байгаа учир газар доорх зогсолтгүйгээр үргэлжилж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээг одоо байгаагаас илүү олон улсын стандартад нийцүүлэх гэж хийж байгаа өргөн хэмжээний ажил гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 950 метр хос шугамыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй. Бид тендерийг хоёр жилийн өмнөөс зарлаж, энэ жилээс ажлаа эхлүүлсэн. Зуны богино сарын хугацаанд хотын төвийн А бүсэд 30-60 жилийн насжилттай шугамыг бүрэн шинэчлэх ажилд хүндрэл бэрхшээл багагүй учирч байна. Гэсэн хэдий ч хугацаандаа амжиж дулаанаа өгөхөөр хичээж ажиллаж байна” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.