Эдийн засаг
Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.
2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.
Эдийн засаг
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,тогтвортой” түвшинд хүрлээ
Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+/Тогтвортой” түвшинд хүрч сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна.
Үүнд:
-Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан.
-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон.
-Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан.
-Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн гэжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал болон геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.
Харин манай улсын хувьд хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй, ач холбогдол өндөр үзүүлэлт юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
Өчигдөр буюу 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 49 493 832 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 4,
6 орон таарсан 49,
5 орон таарсан 449,
4 орон таарсан 4455,
3 орон таарсан 44583 баримт тохиролд таарч азтан боллоо.
“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Хамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг 9087 азтан, Хан-Уул дүүрэг 8036 азтан, Баянзүрх дүүрэг 6097 азтан, Чингэлтэй дүүрэг 5040 азтан, Баянгол дүүрэг 5011 азтан, Сонгинохайрхан дүүрэг 3828 азтан, Орхон аймаг 2420 азтан, Дархан-Уул аймаг 1028 азтан тохирол таарсан байна.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг 27 хувь , Баянхонгор аймаг 25 хувь, Говь-Алтай аймаг 22 хувь, Баян-Өлгий аймаг 21 хувь, Булган аймаг 20 хувь, Дорноговь аймаг 16 хувь, Увс аймаг 16 хувь байлаа гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Эдийн засаг
Инновацын оффис нээв
Финтекийг хөгжүүлэх зорилт тавьж буй улс орнуудын авч хэрэгжүүлдэг хамгийн энгийн боловч үр дүнтэй чухал арга хэрэгсэл нь инновацийн оффис байгуулах явдал юм.
Инновацын оффис гэдэг нь зохицуулах, хяналт тавих, зөвшөөрөл өгөх эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгж байх бөгөөд финтек компаниудад хууль эрх зүйн орчин, баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, тэдгээрт зааж, зөвлөх, чиглүүлэхэд тус оффисын үйл ажиллагааны зорилго оршино.
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй финтек компаниудад төвлөрсөн нэг цэгээс хууль эрх зүйн орчны зөвлөгөө өгөх, чиглүүлж хамтран ажиллах үүрэгтэй төвлөрсөн тогтолцоо өмнө нь байгаагүй. Тэгвэл тус инновацын оффисыг үүсгэн байгуулснаар финтекүүдийн үйл ажиллагаа нь зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаанд хамаарах эсэх, эсхүл урьд өмнө байгаагүй шинэлэг үйлчилгээ байх тохиолдолд зохицуулагч байгууллагын зүгээс хэрхэн бодлогын арга хэмжээ авч хариу үйлдэл үзүүлэх, эрх зүйн тогтолцоонд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэх зэрэг олон чухал асуудлаар шийдвэр гаргах, хамтран ажиллах боломжийг олгоно.
Монголбанк болон СЗХ-ноос тавигдах шаардлага өндөр, зөвшөөрөл авахтай холбоотой хууль, журмын давхцал, тодорхой бус байдал, их хэмжээний бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл авахтай холбоотой шимтгэл, хураамж гэх мэт олон асуудлаас болж финтек компаниуд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа хойрго хандах байдал ажиглагдаж байна. Тийм ч учраас Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтэс, Хяналт зохицуулалтын хэлтэс хамтран хүсэлт ирүүлж хандсан, мэдээлэл хүссэн байгууллага, финтек компаниудад зөвшөөрлийн болоод хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ирсэн. Гэвч ажлын ачаалал, уулзалт хийх хүсэлт ирүүлсэн байгууллагын тоо олон зэргээс шалтгаалан ихэнх тохиолдолд хүсэлт гаргасан даруйд нь уулзалт зохион байгуулах боломжгүй байв. Харин бидний өнөөдөр нээж буй инновацын оффисын тусламжтайгаар одоогийн зохицуулалт, зөвшөөрөл авах процесс, бүрдүүлэх материалтай холбоотой аливаа мэдээллийг цаг тухайд нь өгснөөр финтек компаниудад шаардлагатай зөвшөөрөл авахад нь томоохон дэмжлэг, түлхэц үзүүлэх юм. Мөн зах зээлд шинээр гарч ирэх санхүүгийн үйлчилгээ, шинэ технологи зэргийг цаг алдалгүй таньж мэдэх, финтек компаниудтай биечлэн уулзаж, санал, туршлагыг нь сонсож, цаашдын чиг хандлагыг нь тодорхойлон, түүнд нийцсэн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлтийг ч хийх боломжтой болно.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу инновацын оффисыг байгуулах үүрэг нь Монголбанканд олгогдсон бөгөөд төлбөрийн системийн журмаар уг үйл ажиллагааг зохицуулахаар тусгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар ийнхүү инновацын оффисыг нээж, түүнд хандсан санал хүсэлтийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
МОНГОЛБАНК
-
Улс төр24 цаг өмнө
Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ
-
Нийгэм24 цаг өмнө
Улаанбаатарт 5 байршилд авто зам хааж, шинэчилнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Музей ба монгол бичиг” өдөрлөг болж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Нийтийн тээврийн 8 чиглэлийг түр хугацаанд өөрчилнө
-
Нийгэм24 цаг өмнө
Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ
-
Улс төр23 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно