Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.