Нийгэм
Х.Нямбаатар: Хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлнэ
Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалт болон 2025 онд барих шинэ замуудын талаарх мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Яармагийн шинэ гүүр ашиглалтад орж байгаа нь Сонсголон болон Яармагийн хуучин гүүрийн ачааллыг багасгаж, мөн Монголд барьсан хамгийн урт гүүр болж байна. Гэхдээ энэ ажил дөнгөж эхлэл. Ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүрэн байгууламжийг барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно. 2025 онд нийслэлчүүд анх удаа хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гарсан. НИТХ-аар энэ арванхоёрдугаар сард төсвийг батлахаар бэлтгэл хангаж байна. Эдгээр ажлыг яаравчлан эхлүүлэхийг бид зорьж байна. Бүтээн байгуулалтын ажил хийхэд тулгамдсан олон асуудлыг даван туулж, шийдэж байж цаашид түгжрэлгүй болно. Өнөөдөр дугаарын хязгаарлалт хийх, хөдөлгөөний зохицуулалт хийх зэрэг түр зуурын аргацаасан зохицуулалт хийснээрээ авто замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Захиргааны болон хууль, эрхзүйн шийдвэрүүд гаргаж, авто замын хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны зам болон метро, тусгай замын автобус BRT зэрэг масс тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бид төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна” гэдгийг хэллээ.
Авто замын түгжрэлийг бууруулсан орнуудын туршлагаас харахад хот дотроо хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замыг барьсан байдаг. Тиймээс 2025 онд Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлнэ. Үүнээс өрсөж одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг 2025 оны зургаадугаар сарын 1-нд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Мөн дээр дурдсан Туулын хурдны зам дээр холбогдох хагас саран хэлбэрийн тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна гэсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.