Нийгэм
Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна.
Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байна. 2023 оны байдлаар 64306 нярай амьд төрснөөс 496 нярай эндсэн бөгөөд эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлж байна.
Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нярайн салбарын бодлогын баримт бичиг болох Үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ.
Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаануудад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ.
Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан улс орны үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, эх орны ирээдүй байдаг эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллаж байгаа үндэсний багийн гишүүдэд талархаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.