Нийгэм
Шонхорын ” хамаатан” эрхэмсэг Ага, Ига
Ч. Чулуун.
“ Сав шим”булангийн энэ удаагийн дугаарт ар царамд суудал засан тухлах монгол бүргэдийн сонирхолтой амьдралын талаар бэлтгэлээ. Аадар шаагиж, мөндөр орж байхад бүхий л шувууд ойр орчмынхоо хад бут, агуй хонгил, тэр ч байтугай, нүх сүв рүү орж хоргоддог. Харин бүргэдэд энэ бүхэн хамаагүй. Бараан хар үүлийг сөрөн нисч, түүний дээд чинад руу тэнгэрийн мандал өөд цойлно. Зангирсан хар үүлсийн дээр гарч сүр жавхлангаа харуулан исгэчин нисэх нь түүний мөн чанар. Бүргэд ийм л эрхэмсэг жигүүртэн.
Үүрэндээ өтөлсөн бүргэд гэж дуулсан уу
Хаврын тэргүүн сар гарсан хэдий ч сүрлэг Алтайд цас ханзрах яагаа ч үгүй, хөндий тэр чигээрээ нэлийсэн цагаан тал харагдах аж. Өглөө мандсан нарны туяа цасан дороос үзүүр нь цухуйх хөх сарьдгийн бэлд тусах үед авд мордсон өрхийн тэргүүн үнэгний олзтой өргөөнийхөө гадна буулаа. Азаар олз нь тарган байлаа. Үр нь мэндэлсэн тухай баярт мэдээтэй эхнэр нь угтав. Хоёр сар дарсан өндөгний нэг нь сая нэг юм хагарч ууган үр нь мэндэлжээ. Хоёр дахь өндөг тав хоногийн дараа хагарах учиртай. Ууган дэгдээхэй амаа ангалзуулан орилох нь хоол нэхэж буйн шинж. Хосууд”гэрлээд” удаагүй тул өд сөд ч үгүй царай муутын туйл болсон хачин амьтныг хэрхэн хооллож, өсгөж өндийлгөх учраа олохгүй байлаа. Гэвч эм хүйстэн бүхэнд заяадаг төрөлх совиндоо хөтлөгдөн олзны зөөлөн хэсгээс тас татан зажилж, түүнийгээ эргүүлж гарган гулгидсаараа хооллохыг оролдов. Хаврын тэнгэр ямар билээ дээ, хойноосоо харанхуйлж, удалгүй цасан шамарга тавьж эхлэх нь тэр. Хоёр сар өндгөө дарж, туйлдсан хөөрхий эх дөнгөж төрсөн нялх үрээ халуун элгэндээ наан дарж хэвтлээ. Тэнгэр хангай хэзээ онгойно тэр хүртэл хөдлөхгүй хэвтэх ёстой. Харин ижил хань нь хэдийнэ үүргээ ухамсарлаж, өргөөнийхөө хойморт салхи хаан хүглийж байлаа. Эрхэм уншигч авгай та дээрх өгүүлбэрээс бүргэд хосоороо амьдардаг болохыг , эмэгчин нь хоёр өндөг гаргадаг, тэрхүү өндөг нь тав хоногийн зайтай хагардаг болохыг мэдэж авлаа шүү дээ. Алив араатан, жигүүртэнд үр төлөө бие даан амьдрах чадвартай болтол нь асарч энэрэн хайрлах сэтгэл байдаг гэдгийг хэлэх нь зөв байх. Бүргэд ч ялгаагүй, байгалийн хуульд захирагддаг.
Хүний хорвоод эр нь эмээ сонгодог бол бүргэдийн тухайд эм нь сонголтдоо хийдэг байна. Гэхдээ өндөр шалгуур тавьдаг болохыг танд хэлэх ёстой болов уу. Амандаа бургас зуун асар өндөрт нисч тодорхой цэгт хүрмэц доош нь чулуудаж орхино. Яг тэр агшинд хосоо хайн хөх тэнгэрийн уудамд элэн халин нисцгээх залуу бүргэдүүдээс нэг нь нислэг дундаа шүүрэн авч дүүлэн ниссээр эмэгчний урд авчирч хаяна. Эмэгчинд хамгийн хүчтэй, хамгийн чадалтай нь хэрэгтэй учраас хөөрхий эрийг хайрлалгүйгээр бургасыг тэр дор нь шүүрэн авч дахиад л хөөрнө, дахиад л шиднэ. Шалгуур хэдэнтээ үргэлжилнэ. Тэр тоолонд газар унагалгүйгээр шүүрч чадсан азтай эрийг насны ханиараа сонгоно. Хоёр биеэ олсон хосууд шувуун сүүдэр үл тусах өндөрт үүрээ засч улмаар байгалийн жамаар үржилд орно. Хосууд үүрээ дулаан,зөөлөн байлгахын тулд өөрсдийн өд, далавчийг зулгааж, ая тухыг бий болгоно. Эмэгчин сар гарангийн дараа өндөглөж, дээр дурдсанчлан хоёр өндөг гаргана. Амьтны эцэг, эх болсон хойно хоёр дэгдээхэйгээ хайрлан өсгөж, бороо шороо, нар салхи, шуурганаас хамгаална. Төд удалгүй дэгдээхэй томорч, үүрэндээ эрхлэн жаргах хоногийн тоо дуусах үед эцэг,эхийнх нь зан авир өөрчлөгдөн хойд эх мэт хатуу хахир авир гарган үүрнийхээ өд,сөдийг гарган шидэлж эхэлнэ. Түүгээр үл барам орилох тоолонд амттай зөөлөн нухашаар дайлдаг байснаа больж, бэлдэж ирсэн хүнсээ нүдэнд нь харагдахуйц газарт орхиж, холоос ажигладаг болно. Заримдаа бүр харуулж байгаад л өөрсдөө хүртэж орхино. Ингэж л амьдрал ямар хатуу болохыг үрдээ ойлгуулна. Мэдээж хөөрхий дэгдээхэй эхэндээ эцэг ,эхдээ тунин ориловч тусыг эс олох тул өлсөхийн эрхэнд хөдөлгөөнд орж эхэлнэ. Эхний хөдөлгөөнөө хийж улмаар урд өмнө нь нэг ч удаа хийж үзээгүй үйлдлүүдийг бие даан хийж сурна. Чухам үүнийг л хүлээж байсан эх дэгдээхэйг үүрнээсээ түлхэж орхино. Яг энэ үед бургас шүүрч байсан хашир,туршлагатай эцэг бүргэд дэгдээхэйг унагалгүй шүүрч эхэд нь авчирч өгнө. Эх дахиад л түлхэнэ, эцэг унах бүрт нь шүүрнэ. Үр дүнд нь хөөрхий дэгдээхэй орчлонтой танилцах учиртай. Анхны дэвэлт, анхны нислэг гээд түүнд сурах зүйл олон. Эцгийн сургах ээлж ирэхэд хэрхэн ангуучилахыг, идэх зүйлээ хэрхэн олж харахыг нэгд нэгэнгүй зааж өгнө. Тодруулбал, туулай, тарвага зэргийг шархдуулж авчраад түүн дээрээ дасгал хийлгэнэ. Жигүүртэнд ч гэсэн хөх тэнгэрийн хууль үйлчилдэг. Үүрэндээ өтөлсөн бүргэд гэж дуулаагүй биз дээ. Бүхнийг өөрөөр нь хийлгүүлж амьдралд бэлдэх нь эцэг, эхийнх нь үүрэг бөлгөө.
Шонхрын хамаатан
Монголд 19 багийн, 60 овгийн, 200-гаад төрлийн 458 зүйл жигүүртэн байдаг. Эдгээрийн томоохон төлөөлөгч нь махчин шувууд. Тэднийг дотор нь өдөр, шөнийн амьдралтай гэж хоёр хуваана. Өдрийнхөд шонхор хэлбэртний баг, шөнийнхөд шар шувууны төрөл багтдаг. Тэгэхээр бүргэд шонхорын “хамаатан” байж таарах нь. Монголд цармын болон таравжи бүргэд нутагшчээ. Цармын бүргэд далайн түвшнээс дээш гурваас дөрвөн мянган метрийн өндөрт, ихэвчлэн өндөр, эгц цавчим уул хадтай газарт үүрээ засдаг. Харин таравжи буюу талын бүргэд 1500-2300 метрт багавтар асга хадтай газар заримдаа талд үүрээ засах нь бий. Бүргэд хаана амьдарч буйгаасаа шалтгаалан өөр өөр материал ашиглана. Цармын бүргэд модны мөчир ашигладаг бол талынх нь үс ноос, өвсөөр үүр засдаг. Шувуудын дотор хамгийн цэвэрч нь цармын бүргэд. Тэрээр байнга үүрээ цэвэрлэдэг гэнэ. Таравжи буюу талын бүргэд насан туршдаа нэг л үүртэй байдаг бол цармынх доод тал нь хоёр. Ингэхдээ 1,5 км орчим зайнд хэд хэдэн үүр барина. Эм бүргэд эдгээр үүрүүдээс сонгож өндөглөнө. Хэрэв ангаахай нь ямар нэгэн шалтгаанаар эндэх аваас , тэр үүрэнд дахиж хэзээ ч өндөглөдөггүй. Үүрийг нь ашиглан бүргэдийн насыг тодорхойлж болдог ажээ. Бүргэд жил бүр үүрээ нэг давхар модон үеэр давхарладаг тул үүгээр нь мэдэх боломжтой.
Бүргэдийн үүр болгон хоол идэх тавцантай. Бүргэдийн хамгийн дуртай хоол нь шар шувууны мах. Цармын бүргэдийн гол хоол нь үнэг, хярс, туулай бол таравжи бүргэдийнх тарвага. Бүргэд барих гэж буй ангаа хайхын тулд 2500-3500 метрийн өндөрт ниснэ. Учир нь хэр өндөрт ниснэ, тэр хэмжээгээр ангаа сайн хардаг. Махчин шувуудын нүдний хараа маш хурц байдаг. Бүргэдийн хараа гойд сайн. Хүний харах чадвараас 5-7 дахин илүү гэнэ. Дээр нисч байхдаа барих ангаа олж харсан л бол алгуур доошилж байгаад нэг юм уу хоёр зуун метрийн өндрөөс огцом дайрч ангаа нуруун дээрээс нь шүүрдэг. Түүний дайрах үеийн хурд 100-150 м/сек хүрдэг. Бүргэд өөрөөсөө том биетэй амьтан руу дайрч байгаад гэмтэх нь бий. Учир нь бүргэд нэг хөлөөрөө амьтны нурууг зуурч, нөгөө хөлөө ойролцоо байгаа бут, ургамлаас зуурч тогтдог. Хэрэв бүргэдээс илүү хүчтэй амьтан түүнийг гуд татан хоёр хөлийг нь салгачихдаг тул анч казахууд сураар холбож өгдөг. Бүргэд өдөрт нэг кг гаруй мах иддэг. Тэгэхдээ ан баригдахгүй үед хоёр гурван хоног ч юм идэхгүй тэвчиж чадна.
Шөнө нь шар шувуу, өдөр нь бүргэд
Жигүүртэн дундаа урт насалдаг нь бүргэд. Хамгийн багадаа 40 жил ихэнхдээ 70 гаруй жил амьдрах чадвартай. Бүргэд 20 – 25 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог байна. Хошуу нь хэт урт, махир болсны улмаас ангаа идэх боломжгүй болдог байна. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулж. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, хүнд , маш их өвддөг өөрчлөлтийн үеийг тэсч давах туулах хэрэгтэй болдог гэнэ .
Тэрээр махийж ургасан хошуугаа хагарч мултарч унатал нь хаданд цохин унагааж, шинэ хошуу ургахыг хүлээнэ . Хошуу ургамац хошуугаараа хумсаазулгаасаар бүгдийг нь мулталж, салгаж хаяна. Үүгээр зогсохгүй цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг. Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн таван сар үргэлжилсэний эцэст шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэй болно. Бүргэдийн насыг нь гадна төрхөөр ялгаж таньж болдог аж. Учир нь нас нэмэхийн тоолонд өнгө нь өөр өөр болж өөрчлөгддөг байна. Бүргэдэд дайсан бараг л байхгүй. Энэ нь асар өндөрт үүрээ засдагтай холбоотой. Түүний ганц дайсан нь шар шувуу бөгөөд өдөр нь шар шувууг бүргэд, шөнө нь бүргэдийг шар шувуу барьж иддэг. Иймд бүргэд шөнө унтахдаа толгойгоо нууж унтдаг.
Казах түмний ага, ига
Дэлхийд шувуугаар ан хийлгэдэг цөөхөн үндэстэн бий, тэдний нэг казахууд. Бүргэдээр ан хийлгэж сургадаг уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн. Энэ бүхнээс үзэх юм бол казах эр, бүргэд хоёр олон мянган жилийн өмнөөс нөхөрлөжээ. Тэр үеэс л бүргэдийн гайхамшигт хараа, хүч, чадлын тухай яриа гарсан байх. Казах анчныг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анчин бүргэдийг ангаахай үед нь үүрнээс нь суйлдаг. Гэхдээ зөвхөн эмийг нь сонгоно. Эм нь эрээсээ биеэр том, хүч чадал сайтай учраас тэр. Бүргэдийг үүрнээс авах олон арга байдаг. Гэрийн хана болон аргамжаа ашиглан үүрэнд хүрч авах, дуу чимээ гаргах түмпэн савыг чулуугаар дүүргэн олсоор унжуулан ангаахайг айлган цочоон буулган барьж авах, тор ашиглан барих, хавх тавих, мориор хөөж цуцаах гэх мэтчилэн.
Анч казах бүргэдээ барин ирэхэд нь айл хотлоороо цугларч, ахмад настанууд шинжинэ. Энэ үед гэрийн эзэгтэй бүргэдэд шар шувууны өд зүүж өгнө. Энэ нь бүргэдийг хойшид аюул занал, осол гэмтлээс хамгаалж буй дом юм. Мөн бүргэдийг “Анч бүргэд болох болтугай”, ” Сайн бүргэд болог”хэмээн ерөөдөг. Хүүхэд төрж байх үед бүргэд барьж ирвэл ихэд билэгшээн хүүхдийн нэрээр бүргэдээ нэрлэх, бүргэдийн насыг оруулсан нэрийг хүүхдэд өгдөг заншилтай. Казах түмэн бүргэдэд голдуу “Ага ига”, “Кара кыран” гэдэг нэрийг голдуу хайрлана. “Ага ига”, “Кара кыран” гэдэг нь цагаан мөрт, хар хүчтэн хэмээх утгатай юм. Казах түмнээс “кыран” хэмээх нэрийг хүндэтгэлтэйгээр хүртсэн бүргэд эзнийхээ баруун гарын шуун дээр сууж, үе үе анд мордож хэдэн бээр газар, усыг туулдаг. Эзнийхээ хөдөлгөөн, царай зүсийг андахгүй. Ялангуяа, дуу хоолойгоор нь гайхалтай танина. Кыран гэдэг нь хурц дайчин, хүч чадалт гэсэн утгатай үг. Эрэлхэг зоригт, хурц хараатай “кыран”-ы толгой болон хүзүү ганцхан хоромд 360 градус эргэдэг. Өтөлсөн кыраныг анчид идэх хоолтой нь ууланд аваачин тавьдаг. Бүхий л насаа уул хаданд бус, эзнийхээ бүүвэйнд элээсэн өвгөн бүргэд ууланд хаягдсан ч, ээл нөмрийг нь санадаг ч юм уу эргээд л эзэндээ хүрээд ирдэг байна. Гарамгай бүргэд сайн морь, атан тэмээний үнэтэй ч казахууд бүргэдээ наймаацахыг асар их цээрлэдэг байна.
Нийгэм
УБЦТС: Өвлийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ
Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж байна
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр буюу 12 дугаар сарын 10-нд 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13 244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.
Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас зөвлөж байна.
Нийгэм
Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч иргэдээ шалгарууллаа
Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшилд манлайлагч байж, Эрдэнэт хотын залуу үедээ үлгэр жишээ болж яваа эрхэм хүмүүсээ Орхон аймаг, Эрдэнэт хотын Хүндэт иргэнээр шалгарууллаа.
Энэ жил:
-Паралимпийн наадмын аварга, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ
-Монгол Улсын Гавьяат хуульч, Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Сандагийн Цэгмэд
-Эрдэнэт сонины сурвалжлагч, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Нийтийн мэдээллийн төвийн захирал асан “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун
-Эрдэнэт хотын Ардын Депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Ёндонгийн Баярсайхан нарыг “Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-өөр аймаг, орон нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжиллөө.
Нийгэм
Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд шийтгэл оногдуулахгүй
Иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн үндэслэлээр дахин иргэний үнэмлэх авах хүсэлт гаргасан байхад улсын бүртгэлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, гээсэн тохиолдолд иргэнийг торгож, торгуулиа төлсний дараа иргэний үнэмлэх шинээр олгож байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх прокурорын гомдлоор хянан хэлэлцээд, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.