Нийгэм
ОРХОН: 5000 оюутны хотхоны эхний ээлжийн бүтээн байгуулалт 2025-2028 онд өрнөнө

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хэрэгжих 12 төслийн нэг нь “Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор хотхон” байгуулах төсөл юм. Аймгийн Засаг даргын 2012 оны 102 дугаар захирамжаар оюутны хотхон байгуулах зориулалтаар 50 га газрыг Оюут багийн 2а хорооллын урд олгосон. Энэ дагуу Засгийн газрын 2021 оны 321 дүгээр тогтоолоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглэн оюутны цогцолбор хотхон байгуулах шийдвэр гарсан.
Урьдчилсан тооцооллоор 15 байгууламж бүхий 5000 оюутны хотхоныг байгуулна. Нийт өртөг нь 265 тэрбум төгрөг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 400 сая төгрөг тусган, ТЭЗҮ болон ерөнхий төлөвлөгөөг хийх тендерийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан ч шаардлага хангасан санал ирээгүй байна. Тиймээс хотхоны ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г ШУТИС-аар хийлгэхээр Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.
Төслийн талаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д. Зоригтхүү:
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг түшиглэн 5000 оюутны хотхон барих шийдвэр гарсан. Энэ хотхон яваандаа уул уурхай, технологийн төрөлжсөн хотхон байх ёстой. Улаанбаатарт сургадаг зарим нэг мэргэжлийг Эрдэнэт хотод төвлөрүүлэх, мөн төвлөрлийг сааруулах зорилготой. Нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн байгалийн нөөц хязгаарлагдмал. Хэзээ нэгэн цагт шавхагдана. Тэр үед оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг нь бий болгосон байна. Үйлдвэр ажиллаж байх хугацаанд гарсан мэдлэгийг аж үйлдвэрлэлд шингээнэ.
5000 оюутантай байх үед 417 багш, ажилтантай байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Одоогоор 159 багш, ажилчид манай сургуульд ажиллаж байна. Бодлогоор зарим нэг хөтөлбөрийг ШУТИС-иас “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль руу шилжүүлэх үйл ажиллагаа явагдах байх. Ингэж байж багшлах боловсон хүчнээ хангана гэж үзэж байна” гэв.
Төсөлд тусгаснаар нэгдүгээр ээлжийн барилга байгууламж 2025-2028 онд баригдах бол хоёрдугаар ээлж нь 2029-2031 онд баригдах юм байна.

Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр3 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ