Нийгэм
“Харлаад” эх орондоо ирсэн хүмүүсийг хаях бус дэмжинэ

“Ажиллах хүчин гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай хууль” Монгол Улсад 2001 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлжээ. Тус хууль 18 жил үүргээ гүйцэтгэсэн ч улс орны эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлтийн дагуу зайлшгүй шинэчлэлт хийх шаардлага тулгарсан байна. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нь таван бүлэг, 43 зүйлтэй байхаар боловсруулагджээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улсын хууль тогтоомжийг судалж дотоодын хууль тогтоомжтой уялдуулан тусгасан хэмээн албаныхан онцолж байсан юм. Ингэхдээ хаврын чуулганаар батлуулахаар төлөвлөжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ренчиндоржтой ярилцлаа.– Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогоос яриагаа эхэлье.
-Тус хууль нь гадаадад ажиллах хүч илгээх, гаднаас ажилтан авах гэсэн хоёр агуулгатай. Бид гадагшаа ажиллах хүчин илгээхдээ олон улсын байгууллагуудын хоёр суурь конвенцэд заасны дагуу заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зуучлуул гэдэг шаардлага тавьдаг. Энэ суурь бодлого хэвээрээ хадгалагдаж үлдэж байгаа. Гэхдээ 2001 оны хуулиас нарийвчилсан асуудлуудыг илүү сайн тусгаж өгснөөрөө онцлог. Зөвхөн бүтцийн хувьд ярихад л зүйл заалтын хувьд өмнөх хууль 43 хэсэгтэй байсан бол одоогийн хууль 132 хэсэг буюу бараг дөрөв дахин их хэмжээний харилцааг зохицуулахаар байгаа.
-Гаднаас ажиллах хүчин авахдаа ямар бодлого баримталдаг юм бэ?
-Ажиллах хүч авахдаа квотын тогтолцоог мөрддөг. Квот гэдэг нь тухай хуулийн этгээдэд хэдэн монгол хүн ажиллаж байгаагаас хамаараад хэдэн гадны иргэн авах эрх үүсэх вэ гэдгийг 2001 оны хуулийн зохицуулалт үйлчилж ирсэн. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тэр харилцааг өөрчлөөд хөдөлмөрийн зах зээлийг шалгуур гэдэг зүйлийг тавина.
Учир нь Засгийн газраас баталсан тоонд багтаан ажил олгогч дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хангагдсаны дараа гадаадаас ажилтан авдаг болох зорилт тавьдаг. Гэсэн ч 2001 оны хуулиар үүнийгээ хэрхэн зохицуулах талаарх тодорхой зүйл байгаагүй учраас захиргааны механик зохицуулалтаар зохицуулж ирсэн.
Үүнийг шинэчилсэн байдлаар зохицуулахдаа ажиллах хүч хайж байгаа хуулийн этгээд нь ажилтны мэдээллийн санд зараа оруулах юм. Ингэснээр гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарцыг бий болгох албан бус зуучлалыг зогсоох зорилготой. Тухайлбал, ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд ажил олгогч гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэх юм. Гадаадын ажиллах хүч мэргэжилтний мэдээллийн санг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлэх ажил олгогч мэдээллийн сангаас ажилтнаа сонгох боломжийг шинээр тусгасан. Тэгэхээр Монгол Улсын иргэний мэдээллийн сан, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний мэдээллийн санг бүрдүүлнэ.
-Гадаадад ажиллаж байгаа хүмүүс илүү их татвар төлөөд Монголд ажиллаж байгаа гадаад хүмүүс бага татвар төлдөг эсхүл татвар төлдөггүй гэх яриа байдаг.
-Гадаадаас Монгол Улсад ирж ажиллаж байгаа ажил олгогч нараас ажлын байрны төлбөр авдаг. Тэрхүү төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгэхээр гаднаас ирж байгаа улс татвар бага төлдөг гэдэг нэг ёсны буруу ойлголт байж магадгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийг дэмжих санд энэ мөнгө төвлөрөөд эргээд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд зарцуулагддаг. Төлбөр авч байна гэдэг нь эргээд Монгол Улсад ажлын байр бий болгох зүйлд зарцуулагддаг гэсэн үг.
-Шинэ хуулийн төсөлд БНСУ-д хараар ажиллаж байгаа хүмүүстэй хамааралтай зохицуулалт хийсэн гэж сонссон. Энэ талаар дурдвал?
-БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явж ажиллах асуудлыг төрийн захиргааны төв байгууллага явуулдаг. Ямар нэгэн зуучлагч болон хувийн байгууллагууд дээрх үйл ажиллагаанд оролцдоггүй. Харин Япон улсын Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд Монголоос ажиллах хүчнээ илгээхдээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар буюу засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулж зуучилна гэсэн бодлого баримталж байгаа. Харин дадлагажигч илгээх тустай тогтолцоог тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд дамжин явуулна. Гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн хүмүүстэй холбоотой дэмжлэгүүдийг хуулийн төсөлд багагүй тусгасан. Үүнийг гол ач холбогдол зорилго нь гадаадад хараар ажиллаж байгаа хүмүүсийг эх орондоо буцааж авчрах хөшүүрэг гэж үзэж байгаа.
Тухайлбал, хилийн чандад байгаа монгол иргэдэд туслах сангаас холбогдох дэмжлэгийг үзүүлэх, хараар ажиллаж байгаад Монгол Улсдаа эргэж ирсэн, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж ялгахгүйгээр зээлд хамруулах баталгаагаар хангах тодорхой зохицуулалтууд тусгасан. Ажлын байраар хангах мэдлэг ур чадварыг нь хүлээн зөвшөөрөх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд сангаас зээл олгох мөн нэг удаа гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд бараа материал тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь чөлөөлнө гэж заасан.
Үүний дагуу гааль болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл давхар орж байгаа. БНСУ-д 17 мянга орчим Монгол Улсын иргэн хараар ажиллаж байна гэх тоо бий. Эдгээр хүмүүсийн хувьд ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хуулиас гадуурх зохицуулалт үйлчилдэг.
–Гаднаас ажиллах хүчин авахдаа ихэнхдээ БНХАУ-ын иргэдийг авдаг гэх шүүмжлэл нийгэмд цөөнгүй байдаг?—Засгийн газрын 2016 оны мөрийн хөтөлбөрөөр гаднаас ажиллах хүчийг авахдаа 50 хувиар бууруулна гэж заасны дагуу 2018 оны жилийн эцсийн байдлаар 41.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд дахин 20 хувиар бууруулахаар зорилт тавьсан. БНХАУ-ын ажилчдын тоо 2016 оноос хойш эрс цөөрсөн. 2016 оны жилийн эцсийн байдлаар 26 мянган иргэн орж ирсэн бол өнөөдрийн байдлаар 10400 болтлоо буурсан байна. Мөн үүнтэй холбоотой нэмэлт зүйл хэлэхэд гадаадаас авах ажиллах хүчний мэргэжлийн зэрэглэлээс хамаарч ялгаатай тогтолцоог сонгох, тоог тогтоох, гадаад иргэнийг ажлын байранд сонгон шалгаруулах, байршуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах хүлээн авахтай холбоотой асуудлыг шинэчлэн зохицуулсан. Мөн гадаадаас ажилтан авсан ажил олгогч дотоодын ажил хайгчийн ажлын байранд дагалдуулан сургах, ажлын байраар хангах үүргийг шинээр тусгасан байгаа.
-Тэгвэл шинэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Одоо хуулийн төслийн эхний хувилбар гараад бид санал авч байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл дээр хаврын чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийгэм
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.
Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.
Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.
Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.
Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.
Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.
Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр8 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна