Нийгэм
“Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж, 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал албадан чөлөөлөх арга хэмжээг авна”
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа иргэдийн шаардлагад хариу өгөх” түр ажлын хэсэг байгуулж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажиллуулж байгаа билээ.
Ажлын хэсгийнхэн өчигдөр Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хэвийн явуулах хэрэгтэй. Та бүхний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд жагсаж цуглах эрх нээлттэй. Гэхдээ төрийн захиргааны байрыг эзлэн түрэмгийлж хэрхэвч болохгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргээс өдөр бүр маш олон өргөдөл гомдол ирж байна. Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал бид албадан чөлөөлөх арга хэмжээг авна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болон дахин сонгуулийг зохион байгуулахдаа энэ хуулийг ингэж зөрчсөн гэдэг ямарч байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй” хэмээв.
Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт болсон нөхөн сонгуулийн дүнг эсэргүүцэж тус дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шаардлага хүргүүлж, хотын захиргааны байрны үүдэнд суулт зарлаад байсан юм.
Харин тэдгээр иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Дахин сонгуулийг зарлахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг ашигласан, МАН-ын төлөөлөгчид олонхи болоогүй, тийм атал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг хууль бусаар батламжилсан тул өөрийн захирамжаа цуцлахыг шаардаж байна” гэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.