Бусад
Энэ өдөр түүхэнд: Чернобылийн сүйрлийг дурсах өдөр
Оны 116 дахь өдөр, Шинэ он хүртэл 249 хоног үлдлээ
Өдрийн баяр
Оюуны өмчийн дэлхийн өдөр
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (World Intellectual Property Organization, WIPO) 1999 оны аравдугаар сарын ерөнхий ассамблейн хуралдаанаар жилийн бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм.
АНУ-д “Мод суулгах баяр” тохиож байна
Уг баярыг Небраска мужийн захирагч, Америкийн газар тариалангийн сайдаар ажиллаж байсан Д.Стерлинг Мортон ацтекуудын хүүхэд төрөхөд мод суулгах уламжлалаас аван санаачилсан гэдэг. Мод суулгах анхны өдөр 1874 онд болоход түүний санаачлагаар Небраска мужид 12 сая мод тарьжээ. Хорин жилийн дараа тэнд 350 сая суулгац ургаж байлаа. Дараа нь мужуудад энэ арга хэмжээ түгэж хүүхдүүд хүртэл энэ ажилд татагдан оролцох болжээ. ХХ зуунаас Ойн өдрийг Герман, Энэтхэг, Солонгос, Хятад зэрэг орнууд тэмдэглэх болсон байна. Энэ өдрийг дөрөвдүгээр сарын сүүлчийн баасан гарагт эсвэл Дэлхийн өдрөөр тэмдэглэх болжээ.
Мод суулгах энэ өдөр интернэтээр дамжуулан америкчуудаас ямар модыг үндэсний гэх вэ гэсэн асуулга явуулахад уг уралдаанд зургаан муж улсын болон нийслэл хотын Колумб тойргийн бэлгэдэлд байдаг царс мод ялсан байна.
Чернобылийн сүйрлийг дурсах өдөр
1986 оны 4 сарын 26-ний шөнө 1 цаг 23 минутад Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар гарсан юм. Уг шөнө АЦС-т нэмэлт эрчим хүч гаргаж авах туршилт хийж байжээ. АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдсан байна. Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсаныг хожим тогтоосон юм. АЦС-д дэлбэрэлт болсоноос хойш 14 хоногийн турш түймэр дэгджээ. Энэ үеэр ч өөр хорт бодис агаарт цацагдсаар байсан юм. Чернбылийн орчимд байсан хүмүүс Хиросимо хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон байна. Дэлбэрэлтийн үеэр 30 км-ын эргэн тойрон газар цацраг идэвхит бодист хордсон байна. нийт 160 мянган квадрат км талбай химийн бодист хорджээ. Украин улсын хойд хэсэг, Беларусь, Оросын баруун хэсэг цацрагт хорджээ. Нийт хордсон 60 мянган квадрат км газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа.АЦС дэлбэрсэний дараа 4 сарын 27-ний өдрийн 14 цагт Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. 3 цагийн дотор Припять хотоос 45 мянган хүнийг гаргажээ.
1986 оны 11 сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Албан ёсны баримт бичигт энэ төслийг “Нуувч” гэж нэрлэсэн байна. харин дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэжээ. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд, 35 тонн нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дууссан. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш алдагдах эрсдэлтэй юм. 1993 оны намар АЦС-ын 2-р блокийг, 1996 оны 12 сарын 1-нд 1-р блокийн хөдөлгүүрийг зогсоожээ. 2000 оны 12 сарын 6-нд АЦС-ын 3 дахь блокийн хөдөлгүүр эвдэрч зогссон байна.
Чернобылийн цацраг идэвхит бодис зөвхөн Европт ч биш Канад, АНУ, Японд бүртгэгдсэн байв. Цацраг идэвхитийн бохирдол зөвхөн бөмбөрцгийн өмнөд хэсэгт л бүртгэгдээгүй.
Сонирхолтой үйл явдал
1792 – Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав. Тэрээр “Рейны армийн цэргийн марш” гэсэн дууны үг, аяыг 1792 оны дөрөвдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө зохион бичжээ. Түүхэнд “Нэгэн шөнийн суутан” нэрээр орсон цэргийн инженер тэрээр Хувьсгалт Франц улс Богем, Унгарын хаанд дайн зарласны дараа уг дууг зохиож, өөрийн найз Детришийн гэрт нь анх дуулж танилцуулжээ. Руже де Лиль Рейны армид алба хааж, Франц улс Австри, Пруссид дайн зарлах үед ахмад цол авчээ. Уг дуу нь тэр үеийн орчин нөхцлөөс үүдэн гарч амархан аятай байсан учир бүх нийтийн дуртай дуу болж чадав. Энэ дуутайгаар 1792 онд Парист Марселийн сайн дурынхны суман орж ирсэн ба одоо дуу нь “Марсельеза” нэрээр алдартай. 1893 оны дөрөвдүгээр сарын 24-нд “Марсельеза” дууг Францын сүлд дуугаар баталжээ.
Өнөөдөр түүхэнд
1282 – Хан хүү Мөнхтөмөр бие барсан тул Хүтүй хатан тэргүүтэй ноёд Аргуныг дэмжих болов. Энэ үед талийгаач хааныг Тэгүдэр орлож байсан тул талуудын маргаан нэлээд ширүүсэх үед Шиши хэмээх нэгэн ноён Аргунд хандан Тэгүдэрийг
1783 – Арвангурван настай Людвиг ван Бетховен Бонн хотын ордны хөгжмийн хамтлагийн даралтад хөгжмийн зэмсэгийн мастераар томилогджээ.
1802 – Наполеон Бонапарт хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохоор хамтран ажиллана гэж амалжээ.
1828 – Оросын эзэн хаан I Николай Туркт дайн зарлав. Туркийн эсрэг Грекийн чөлөөлөх тэмцлийг Орос дэмжиж байсан учир 1827 оны сүүлчээр Туркийн султан II Махмуд Оростой хийсэн бүх гэрээ хэлцлээ таслан Орост дайн зарласан байлаа.Жилийн дараа 1829 оны намар гэхэд Оросын арми бүрэн ялалт байгуулав. Адрианопольд бичигдсэн энхийн гэрээгээр Орос Туркийн хил орчмын ихээхэн нутгийг аваад зогсоогүй дайны төлбөр гэсэн том хэмжээний нөхвөр авчээ.
1903 – Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.
1925 – Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.
1933 – Фашист Германы рейхстагийн дарга, Пруссын Дотоод яамны сайд, Германы нисэхийн сайд Герман Геринг төрийн нууц цагдаагийн алба гестапа байгуулах хууль гаргажээ. Шинэ байгууллага шууд түүнд захирагдаж байлаа.
1937 – Испанийн иргэний дайнд үндсэрхэг үзэлтнүүдийг дэмжиж байсан Нацист Германы нисэх хүчний бөмбөгдөгч онгоцнууд Герника хотыг газрын хөрснөөс арчив. Испанийн алдарт зураач Пабло Пикассо энэ үйл явдлаас өмнө зурсан “Герника” нэртэй алдарт зургаараа тэр эмгэнэлийг урьдчилан харсан гэдэг.
1942 – Манжийн Беншиху нүүрсний уурхайд осол болж 1,549 уурхайчин амиа алджээ.
1944 – Грекийн Ерөнхийлөгчөөр Георгиос Папандреу сонгогджээ.
1960 – Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рег эсэргүүцсэн “Дөрөвдүгээр сарын хувьсгал”-ын үр дүнд Сингман Ре албан тушаалаа огцров. Тэрээр тус улсыг 15 жилийн турш дарангуйллын замаар удирдсан юм.
1963 – Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.
1964 – Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.
1965 – Зөвлөлт Холбоот улсын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар Ялалтын баярын өдөр тавдугаар сарын 9-нийг ажлын бус өдөр болгожээ.
1966 – Тэр жилийн энэ өдрийн 05:23-д Ташкентад газар хөдлөв. Харьцангуй бага магнитуттай (Рихтерын шаталбараар М=5,2) байсан ч 8-3 кмийн бага гүнд хөдлөлтийн голомт байснаас тэр нь гадрага дээр 8-9-баллын (MSK-64 гэх 12-баллын шаталбараар) хүчтэйгээр тусав.Газар хөдлөлтийн улмаас Ташкентын төв бүрэн сүйрсан ба хоёр сая кв/м орон сууц, 236 засаг захиргааны байр, нийтийн хоол, худалдааны 700 байгууламж, 181 сургууль, соёлын 36 байгууламж, эмнэлэгийн 185, үйлдвэрийн 245 барилга нуржээ. Тэр үед амьдарч байсан 300 мянган хүний тал хувь нь гэр оронгүй болсон байлаа, Зөвлөлтийн үзэл суртал зөвхөн найман хүн үрэгдсэн гэж зарлаад өнгөрсөн юм. Жил хүрэхгүй хугацаанд Ташкентад сая гаруй кв.м сууц барьсан байв. Хотыг 3,5 жилийн дотор бүрэн сэргээн босгожээ.
1981 – АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
1986 – ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припять хотод орших Чернобылийн н атомын цахилгаан станцад осол гарав. Өнөөдөр радицийн осол болон сүйрлээр үрэгдэгсдийн дурсгалын өдөр. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан осол хүн төрөлхтөний түүхэн дэх техногенийн сүйрлийн гунигт бэлгэдэл болсон юм.
1989 – Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн төвд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 хүн орох оронгүй болжээ.
1994 – Япон улсын Нагоя нисэх буудалд Хятадын агаарын тээврийн 140-р нислэгийн онгоц сүйрэв. Ослын улмаас хөлгийн багийн болон зорчигч 271 хүн бүгд амиа алдсан юм.
2002 – Германы Эрфурт хотын Гутенбергийн бага сургуульд Роберт Стайнхаузер гэх этгээд халдаж 16 сурагчийн аминд хүрчээ.
2005 – Сирийн зэвсэгт хүчний 14,000 цэрэг Ливаны анги нэгтгэлийн эсрэг байлдан дарж, улмаар тус улсад хяналтаа тогтоогоод байсан Ливаны дарангуйлал 29 жилийн дараа эцэслэсэн юм.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ