Нийгэм
Ц.Мөнх-Оргил: 2022 оноос бүх сурагч үдийн хоолонд хамрагддаг болно
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль буюу үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгон өөрчлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж, батлах байсан ч хойшлуулсан билээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард нэр бүхий гишүүдийн өргөн барьсан уг хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч багагүй хугацаанд завсарлаж байгаад ийнхүү батлагдах гэж байна. Үдийн цайг үдийн хоол болгон өөрчлөх тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-Үдийн цайг үдийн хоол болгох талаар нэлээд яригдсан. Ажлын хэсгийн гишүүний хувиар хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?
-Өнөөдрийн байдлаар зарим сургууль гал тогоотой, зарим нь гал тогоогүй, тэр бүү хэл тогооч ч байхгүй үдийн цайгаа гаднаас зөөж байна. Энэ хуулийн гол санаа бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 803 улсын болон хувийн сургуулийг дараагийн таван жилийн дотор өөрийн гэсэн гал тогоотой, тогоочтой, хоол зүйчтэй болгох юм.
2019 оны есдүгээр сарын нэгнээс 1-5 дугаар ангийнхныг, 2021 оны хичээлийн жилээс дунд ангийнхан, 2022 оноос ахлах ангийнхныг үдийн хоолтой болгоё гэж байгаа юм. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 593,150 мянган хүүхэд бүгд үдийн хоолонд хамрагддаг болно гэсэн үг.
-Одоогийн 600 орчим төгрөгийн өртөгтэй үдийн цайг хэдэн төгрөгний үдийн хоол болгон өөрчлөх вэ?
-Хуулийн төсөлд одоо байгаа 600 төгрөгийг тэд болгож нэмэгдүүлнэ гэж заагаагүй. Засгийн газар жил болгон инфляцийн түвшинтэй уялдуулж үнийн дүнгийн нормативыг шинэчлэн тогтооно гэж заасан.
-Бүх сургуулийг гал тогоотой, тогоочтой, хоол зүйчтэй болгож, бүх сурагчийг үдийн хоолонд хамрагддаг болгоход нийт хэдэн төгрөгний төсөв шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-Энэ ажлыг зохион байгуулахад жилд 65 тэрбум төгрөг шаардлагатай. Огт гал тогоогүй 40 сургууль байгаа. Тэр сургуулиудыг гал тогоотой болгоно. Их засвар болон урсгал засвар шаардлагатай 359 сургууль бий. Үүнд бас тоног төхөөрөмжийн нийлүүлэлт багтаж байгаа.
Дээр нь тогооч, хоол зүйчээ сургана. Дээрх зардалд хоолны мөнгө багтаагүй бөгөөд миний дээр дурьдсанчлан тухайн жилд шинэчлэн тогтоохоор тооцож байна. Хоолны төсвийг нэмэгдүүлэх бодлого барих боловч эхний ажил маань хоол үйлдвэрлэж, үйлчлэх аюулгүй тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм.
-Хуулийн төслийг боловсруулахдаа гадна орнуудын жишээг хэр судалсан бэ?
-Сургуулийн насны хүүхдүүдээ эрүүл, тэжээллэг, халуун хоолоор хангадаггүй цөөхөн улсын нэг нь манайх. Жишээ нь, Орос, Хятад, Солонгос зэрэг улсууд бүх хүүхдээ үнэгүй хооллодог. Бразил улс гэхэд сургуулийн насны бараг 50 сая хүүхэдтэй. Мөн л улсаас хооллодог. Бид үүнээс хоцорчихоод байна.
-Үдийн цайг үдийн хоол болгох нь халамжийн нэг хэлбэр. Үүний оронд зорилтот бүлэг рүүгээ илүү анхаарах хэрэгтэй гэж зарим хүмүүс эсэргүүцдэг.
-Энэ бол халамжийн бодлого биш. Учрыг нь сайн ойлгоогүй хүмүүс ингэж яриад байгаа юм.
Зорилтот бүлэг гэхээсээ илүү бололцоотой айлын хүүхдүүд ч өнөөдөр буруу хооллож байна. Хоолтой ч гэсэн буруу хооллоод байна гэсэн үг. Нэг хэсэг нь буруу ч хоол байхгүй, зөв ч хоол байхгүй хоосон яваад байна. Нийт хүүхдийн 30 хувь нь ядуурлын түвшнээс доош амьдарч байна гэж үзвэл тэдгээр хүүхдүүд хоолгүй явж байна гэсэн үг. Зарим хүүхэд үдийн цай уух гэж хичээлдээ явж байгаа.
Сургуулийн хүүхдийн хөтөлбөрийг яагаад ялгаварлахгүйгээр хийдэг юм бэ гэхээр хүүхдүүдэд та бүгд адилхан, улс орон чинь та нарт яг адилхан ханддаг шүү гэдэг ойлголт өгөх нь чухал юм. Сурагчдыг дүрэмт хувцсаар ижилсүүлдэг шиг баян ядуугийн ялгааг мэдрүүлэхгүй байх зорилготой.
Зарим хүний санал гаргаж байгаачлан зөвхөн орлого багатай айлын хүүхдэд хоол өгье гэж бодоход сургууль дотор маш олон давхарга үүснэ. Хүүхдүүд зөвхөн сургуулийн хоол иддэг нэгнийгээ “Энэ үнэгүй хоол иддэг” гэж шоолж, гадуурхана. Нөгөө хэсэг нь янз янзын юм сургууль дээр аваачиж чамирхаж эхэлнэ.
Хүүхдүүд эцэг эхийнхээ хэр боломжтойгоос шалтгаалж бүгд өөр өөр хоол идэж байгаа. Гэхдээ энэ нь бүгд эрүүл хоол идэж байна гэсэн үг биш юм. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бид хүүхдүүдээ эрүүл хооллодог болгоно.
Энэ хөтөлбөрийг Дэлхийн банк, Дэлхийн хүнсний хөтөлбөр маш их дэмжиж, бодлого боловсруулагч нарт уриалж, санал болгож байгаа. Танай улс үүнээс хоцроод байна. Энэ бол халамжийн хөтөлбөр биш шүү гэсэн. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол шиг оронд хүүхдүүдийг үнэгүй хооллох нь зөв юм байна гэсэн байсан. Ингэхгүй бол түрүүний ярьсан нийгмийн ялгарал гарч байна мөн нийгмийн эрүүл мэнд гэдэг том сэдэв хөндөгдөж байгаа юм.
-Нийгмийн эрүүл мэнд гэдэг зүйлийг тодруулахгүй юу?
-Нийгмийн эрүүл мэнд гэдэг бол зүгээр нэг ханиад хүрсэн тухай асуудал биш л дээ. Дэлхий даяар тэр тусмаа Монголчууд бид буруу хооллолтоос болоод өвчлөөд байна. Элэг, зүрх, ходоод, гэдэсний өвчлөлүүд, далд өлсгөлөнгийн өвчин буюу цус багадалт, бичил тэжээлийн дутал бүгд буруу хооллолттой салшгүй холбоотой. Хоёрдугаарт, агаар хөрсний бохирдол өвчлөлд нөлөөлж байна. Ийм л зүйлүүдээс болж бид өвчин тусаад байгаа юм.
Тэгэхээр бид хүүхдүүдээ багаас нь хоолтой, тэр тусмаа зөв хооллолттой болгож хэвшүүлбэл халдварын бус суурь өвчлөлүүдээс 10-30 жилийн дотор салж чадна. Эрүүл мэндэд зарцуулаад байгаа их зардлаа өнөөдрийн бидний гаргах гээд байгаа хэдхэн төгрөгөөр хэмнэж болно. Аажмаар нийгмийн маш том проблемыг шийдэж чадах юм.
Хоёрдугаарт, энэ бол боловсролын маш том асуудал. Гэдэс нь өлссөн хүүхэд ном сурахгүй шүү дээ.
-Хуулийн төсөлд сургууль бүр хоол зүйчтэй байна гэж тусгасан. Хоол зүйчтэй байхын ач холбогдол юу вэ. Сургууль бүрт ажиллах хоол зүйч мэргэжилтэн хангалттай бий юу?
-Зүгээр хоол өгөөд зогсохгүй хоол зүйч гэж байгаагийн учир нь яагаад ингэж хооллож байх ёстой вэ гэдэг хичээлүүд явуулж байх зорилготой юм.
Хоол зүйчийг мэргэшүүлж бэлтгэнэ. ШУТИС дээр хоол зүйч бэлтгэх тусгай курсууд бэлдэж байна. Хүнс, хоолны технологич мэргэжилтэй хүн энэ чиглэлийн давтан сургалтад хамрагдаж хүүхдийн хоол зүйч болох юм. Нийтдээ 652 хоол зүйч шаардлагатай ч эхний ээлжинд зохион байгуулалтыг ханган ажилласнаар 133 хоол зүйч шаардлагатай гэж үзэж байгаа. Хууль батлагдмагц энэ есдүгээр сараас сургалтаа эхэлнэ.
Манай боловсролын системийн асуудал нь хүүхдийг эрдэмтэн болгох гээд байдаг. Нэгдүгээр ангиас нь эхлээд л онолын хичээлээр балбаад эхэлдэг. Гэтэл бидэнд хамгийн гол нь хүн хэрэгтэй. Оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл саруул, өөрийгөө зөв аваад явдаг, бүтээлч хүнийг бий болгосны дараа эрдэмтэн хүнийг бий болгож болох юм.
Гэтэл бид эхлээд эрдэмтнээ бэлдээд байдаг. Эцсийн дүнд эрдэмтэн ч байхгүй, хүн ч байхгүй, хүмүүжил ч байхгүй болж байна.
Түүнчлэн энэ бол нийгмийн хүндхэн амьдралтай байгаа хэсэгт хамгийн зөв очдог хөтөлбөр. Хүүхдийн мөнгийг ч энүүгээр орлуулж болохоор хөтөлбөр юм. Яагаад гэвэл хүүхдийн мөнгө яг тухайн хүүхэддээ очиж байгаа үгүйг бид мэдэхгүй. Харин үдийн хоол яг тухайн хүүхдэд очно.
-Үдийн хоолны эрүүл, тэжээллэг тал дээр хэрхэн анхаарал тавих вэ?
-ОХУ, БНХАУ, Бразил зэрэг улсууд энэ төрлийн хөтөлбөрийг орон нутгийн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх асуудалтай уяж өгдөг. Ингэснээр нэг талаар эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоолонд ашиглана. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих юм.
АНУ-д энэ хөтөлбөрийг Боловсролын яам нь биш Хөдөө аж ахуйн яам нь хэрэгжүүлдэг байх жишээтэй. Яагаад гэвэл фермерүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулж байна. Манай хуулинд ч гэсэн нэгдүгээрт, орон нутгийн хүнс, хоёрдугаартүндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, гуравдугаарт эрүүл хүнс байна гээд заачихсан.
-Хууль боловсруулсан ажлын хэсгийг зөвхөн хотын сургуулийн жишээг авч яриад байна гэсэн шүүмжлэл гишүүдийн зүгээс гарч байсан. Энэ хууль орон нутагт хэрэгжих боломж хэр байна гэж харж байгаа вэ?
-Явж явж энэ хууль хамгийн сайн хэрэгжих газар нь орон нутаг юм. Яагаад гэвэл орон нутгийн бараг бүх сургууль дотуур байртай учир өөрийн гал тогоотой, тогоочтой. Тэр хүмүүс энэ ажлыг хийгээд сурчихсан.
Харин хотод бол хүндрэлтэй асуудал бий. Хотын сургуулиудад гал тогоо барихаас эхлээд ажил байгаа. Гишүүд зарим нэг шаардлага нь хөдөөд нийцэхгүй байна гээд байгаа. Жишээ нь, сургуулиудад түүхий эдийг нь хүргэж өгнө. Ингэхдээ шаардлага хангасан техникээр гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ үүн дээр сургууль болгон өөрөө техниктэй бол гэсэн үг биш.
Тэгэхээр хуульд аймаг, нийслэл дэх төрийн өмчит сургуулиудын хүнсний хангамжийг хариуцсан төрийн өмчит ААН-ийг байгуулах үгүйг тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аар шийд гэж байгаа юм. Өөрсдөө тийм ААН байгуулна гээд шийдэх юм бол тухайн ААН-ийг зориулалтын техниктэй байхыг шаардана.
Өнөөдөр Улаанбаатарт хамгийн сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр бол цэцэрлэгийн хоол. Ямар ч асуудалгүй явагдаж байна. Нийслэл дэх төрийн өмчит цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг орон нутгийн өмчит дөрвөн компани хариуцдаг. Энэ дөрвөн компани дүүргүүдээ хувааж аваад, цэцэрлэгийн эрхлэгч, тогоочийн гаргасан хоолны цэсний дагуу материалыг нь хүргэж өгдөг. Хоолны мөнгийг тухайн компанид шууд өгдөг.
Ингэснээр цэцэрлэгийн эрхлэгч, хоол зүй нар нааш цаашаа явах шаардлагагүй, мөнгөнд оролцохгүй, хүнсний компани нь хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр нь их хэмжээгээр татсанаар хэмнэлт гарна. Дээр нь чанар, аюулгүй байдлын тал дээр шалгах, хариуцлага тооцоход хялбар болж байгаа юм. Гэхдээ хүнсний хангамжийн ложистикийн асуудлыг сайжруулах шаардлагатай байгааг бид мэдэж байгаа.
-Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай болчихвол тухайн сургуулийн захирал, хоол зүйч нар ямар нэгэн мөнгөний асуудалд оролцохгүй, хаа хамаагүй бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй болох юм байна гэж ойлголоо.
-Ихэнх сургуулиуд тийм болно. Гэхдээ одоо ч хөдөө сумдуудад зарим сургуулиуд өөрсдөө зохицуулаад худалдан авалтаа хийж байгаа. Тэрүүгээр ч явж болно. Одоогийнхоос өөрчлөгдөөд цоо шинэ болох юм огт байхгүй.
Ер нь сургуулиуд гал тогоогоо түрээсэлдгийг болиулна. Үүнийг хотын сургуулийн зарим захирлууд эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл тэдэнд гал тогоогоо түрээслэх нь, хариуцлага хүлээхгүй байх нь амар байдаг.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа