Нийгэм
Х.Баделхан: Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100,000 айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “100 мянган айлын орон сууцыг барих нь Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хувьд үнэхээр чухал асуудал. Маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Зарим нь тооцоо судалгаатай, зарим нь судалгаа тооцоогүй. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байдаг. Цаашдаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтарсан байдлаар асуудлуудаа шийдвэрлэх боломжууд бүрдэж байна.
Бид Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Үүнтэй 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрөл, нягтралыг сааруулахад Налайх, Багануур, Эмээлтийн үйлдвэр, технологийн паркууд маш чухал нөлөөтэй учир та бүхэнтэй хамтран бусад шийдлүүдийг гарган ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна” хэмээн онцолж байв.
972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо
Мөн тэрээр 100 мянган айлын орон сууцыг барихын тулд одоо чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, дээр нь хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой гэв.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дээр манай яам, хотын захиргаатайгаа хамтраад маш хурдан ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг Ерөнхий сайдтай уулзаад асуудлаа бэлдэж тавиад шийдүүлэх зөв юм. Хоёр талаас нийлээд өргөн хүрээнд ажиллах Ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулъя. Энэ ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гарган ажлаа хэрэгжүүлээд Ерөнхий сайдад танилцуулья.
Дараагийн шийдвэрлэх ёстой асуудал бол цэвэрлэх байгууламуийн асуудал юм. Бид шинэ цэвэрлэх байгууламж барихаар гэрээгээ байгуулж, компаниа сонгосон байгаа. Энэ бол урт хугацааны асуудал. Ойрын хугацаанд цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа. Технологийн горим алдагдсан гээд байгаа усгүйжүүлэх төхөөрөмжийн тендерийг зарласан, суурилуулж байгаа. Ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна, ингэсгээр цэвэрлэх байгууламжаас үнэртдэг лагийн үнэр харьцангуй багасна” гэв.
Уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхантай хот байгуулалт, орон сууц, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүд болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр болон 972 айлын орон сууцны ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр саналаа нэгтгэж, ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна