Нийгэм
Засгийн газрын Ням гарагийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
ХУРИМТЛАГДСАН АДУУНЫ ШИРИЙГ ЭРГЭЛТЭД ОРУУЛНА
“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.
Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй байдаг гэсэн судалгаа ч гарчээ.
Ширийг экспортод гаргавал дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлж байжээ. Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Хөтөлбөрт :
Ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах
Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх
Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.
2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.
Товч мэдээ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.
Ирэх онд баригдаж эхлэх Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр /Үндэсний урлагийн их театр/, Үндэсний номын сангийн шинэ барилгын зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Бүгд Найрамдах Грек Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улстай байгуулах Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Энх-Амгаланд олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Монгол Улсын ЗГ-аас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн.
Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжид Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “БНСУ-ын үйлдвэрлэгчидтэй Гадаад хэргийн яамаар дамжуулж хүсэлт өгөөд БНСУ дахь Монгол Улсын элчин сайдын яамаар дамжиж эм үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзсан. Тэнд эм үйлдвэрлэгчдийг цуглуулж уулзалт хийж худалдан авалтын бодлогоо танилцуулсан. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой”хэмээн онцлов.
Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.
Нийгэм
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн нохой устгалын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр хийгдэж байна.
Тиймээс дээрх өдрүүдэд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хүлээнэ гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Нийгэм
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.
Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улс төр3 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм4 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана