Бусад
Энэ өдөр түүхэнд: Никола Тесла цахилгаан дамжуулах аргыг танилцуулав
Оны 136 дахь өдөр Шинэ он хүртэл 229 хоног үлдлээ
Өдрийн баяр
Намтар бичигчдийн баяр
Энэ өдөр Намтар бичигчдийн (Biographers Day)баяр. Манайд намтар гэж орчуулагдан тогтсон биографиа гэсэн үг нь амьдрал, бичиж байна гэсэн эртний грекийн хоёр үгнээс үүсчээ. Ихэнх тохиолдолд биографиа нь хүний талаар бидний авах гэдэг мэдээллийн анхан эх сурвалж юм. Хамгийн анхны намтар бичигдийн нэг нь эртний Грекийн гүн ухаантан Плутарх юм.
1763 онд Лондоны нэгэн номын дэлгүүрт Сэмюэл Жонсон өөрийн намтрыг бичигч Жеймс Босуэллтай анх тааралджээ. Танилцаж нөхөрлөсөн тэдний харилцаа нь 1991 онд хэвлэгдэн гарсан “Сэмюэл Жонсон амьдрал” гэсэн хоёр боть номыг гаргажээ.
Сонирхолтой түүх
Берлинд анхны трамвай гарч иржээ
XIX зууны сүүлчээр Берлины төв ихээхэн хөдөлгөөнтэй болж, хотын хүн ам нэг сая болсон байв. Энэ үед цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал тавьжээ. Сименс 1879 оны хавар Берлины үзэсгэлэнд цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагонуудтайгаар харуулсан нь ихээхэн анхаарал татжээ. Европчууд галт тэргэнд дасаад байсан учир уур утаагүй галт тэрэг тэдэнд хамгийн их гайхал төрүүлжээ.Гурван вагон чирсэн цахилгаан зүтгүүр 18 хүнийг зөөж байсан ба үзэсгэлэн дээр уурын биш, мориор чирдэггүй тээврийн хэрэгслээр зорчих гэсэн хүмүүс олон байв. Цахилгаан галт тэрэг цагийн долоон км-ын хурдтай байсан юм.
Сименс өөрийн мөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр Берлины захын Лихтерфельд ба Кадетын корпусийн хооронд тавьсан замаараа явуулсан нь морийг халсан хотын тээврийн хэрэгслийн эхлэл байжээ.Трамвай шинэ замаараа 30 км/цагийн хурдыг үзүүлж, эхний гурван сард 12 мянган хүнийг зөөжээ.
Гэхдээ тавиад оны дунд үеэс европчууд трамвайнаас татгалзаж эхэлсэн. Берлин хуваагдмал байхад Баруун Берлин трамвайгаа 1967 онд хаасан байлаа. Одоо хотын баруун хэсэгт трамвайн хоёр шугам үлджээ.
Өнөөдөр түүхэнд
946 – Японы эзэн хаан Сүзакү эрх мэдлээ төрсөн дүү Мүракамид шилжүүлэв.
1527 – Медичигийн гэр бүл Флоренцийн эрх мэдлийг эргүүлэн авснаар Флоренцийн Бүгд найрамдах улс бүрэлдэв.
1584 – Испанийн колони болох Филиппинийн зургаа дахь Ерөнхийлөн захирагчаар Сантиаго де Вера томилогджээ.
1686 – Польш –Литовын төлөөлөгчид, хэлэлцээр хийсний явцад Орос ба Речь Посполитая хоёрын хооронд “мөнхийн энх тайвны гэрээ” гэгчийг байгуулсан байна. Энэ гэрээ нь 1667 оны Андрусовскийн эвлэрлийн нөхцлийг батлан Орост Смоленскийн орчим Зүүн эргийн Украин, Запорожье ба Чернигов болон Стародубыг оруулсан Хойт хязгаарын нутаг дэвсгэрийг баталгаажуулж өгчээ.
“Мөнхийн гэрээ”-г хэрэгжүүлэхээр Орос Крымын хаант улсын эсрэг дайтахаар болсон байна. Үүний хариуд нь польшууд 145 мянган рублийн нөхөн төлбөр аваад Киевээс нэг мөр татгалзсан ажээ.
1770 – Францын хожмын хаан 15 настай Луи-Август 14 настай Мария Антуаннеттай ураг барилдав.
1812 – Хаант Оросын фельдмаршал Михаил Кутузов Бухарестын гэрээнд гарын үсэг зурснаар Орос-Туркийн дайн дуусав.
1866 – АНУ-ын Конгресс никель зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлэх тогтоол баталжээ. Никель зоосон мөнгөн тэмдэгтийн найрлагын 25 хувийг никель, 75 хувийг зэс эзлэхээр тогтоолд тусгажээ.
Парисын коммунарчууд Наполеоны ялалтад зориулан 1806-1810 онд босгосон Вандомын баганыг 1871 оны энэ өдөр буулгаж нураажээ. Эзлэн түрэмгийлэх дайны бэлгэдэл болсон энэ хөшөөг буулгах тунхаглалыг тэд дөрөвдүгээр сард гаргажээ. Буулгаснаас хойш дөрвөн жилийн дараа уг баганыг дахин сэргээн босгожээ. Уг баганыг дайснаас олзолсон их буунуудын хүрлийг хайлуулан босгосон бөгөөд баганыг Наполеоны хөшөө төгсгөдөг. Түүний өндөр нь 43,5 метр. Өнөөгийн Парис хотын гол түүхэн дурсгалуудын нэг юм.
1877 – Франц улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямралд өртөв. Бүгд найрамдахчууд болон Язгуур угсааныхны хооронд засаглалын төлөөх ширүүн тэмцэл Францын гурав дахь Бүгд найрамдах улсыг бүхэлд нь ганхуулсан юм.
1888 – Словени гаралтай Америк физикч Никола Тесла цахилгааны хүчдэлийг ашиглан цахилгаан шон босгон илүү хол зайд түгээх боломжтойг тогтоон олон нийтэд танилцуулав.
1920 – Ромын хамба XV Бенедикт Жанна Д.Аркийг гэгээнтнээр өргөмжлөв.
1951 – Иргэний агаарын тээврийн анхны хуваарьт нислэг АНУ-ын Нью-Йорк хотын Айдлуайлдын нисэх буудлаас Лондон хотын Хитроу нисэх буудал руу хөөрөв. Анхны төлөвлөгөөт нислэгийг Израилийн “Эль Аль Израиль” компани гүйцэтгэсэн юм.
1960 – АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын Хьюстоны судалгааны лабораторид нэрт эрдэмтэн Теодор Мейман оптикийн лазерыг анх удаагаа туршин танилцуулжээ.
1961 – Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийсэн Пак Чон Хе Ерөнхийлөгч болж Өмнөд Солонгосын хоёр дахь Бүгд найрамдах улс байгуулагджээ.
1966 – БНХАУ-ын Коммунист нам “Тавдугаар сарын 16-ны тунхаг” хэрэгжиж байгааг зарласнаар Соёлын хувьсгал албан ёсоор эхэлсэн юм.
1974 – Югославын холбооны улсын удирдагч Иозеф Броз Титог мөнхийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилжээ.
1975 – Эверестийн оргилд Японы Юнко Табей гэдэг эмэгтэй анх гарчээ
1988 – Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Тэрбээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.
1997 – Заир буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн зугтав.
2001 – 1970 оны гуравдугаар сарын 31-нд Японы зорчигчдийн онгоцыг булаан авч Хойд Солонгост нисэн очиж байсан Японы улаан арми гэх хэт даврагч байгууллагын есөн гишүүдийн охид Пхеньянаас Япондоо буцан иржээ. Тэд онгоцны буудал дээр мэдэгдэл хийхдээ “Бидний эцэг алдаатай зүйл хийсэн” гэж мэдэгдэж байлаа.
2004 – Ромын хамба лам II Иоанн Павел Ромын каталик шашны гэгээнтнүүдийн тоонд савны хорт хавдартай гэдгээ мэдсээр байсан ч дөрөв дэх охиноо төрүүлээд 1962 онд нас барсан Жанна Беретта Молла гэдэг итали эмэгтэйг оруулан зарлав. Ватиканы түүхийн сүүлийн таван зуун жилд айлын эхнэр байсан эмэгтэйг ийнхүү хувилгаан болгосон анхны тохиолдол нь энэ байлаа.
2005 – Кувейтын эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей нь хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.
2011 – АНУ-ын Кеннедийн нэрэмжит Сансар судлалын төвөөс “Шаттл” сансрын хөтөлбөрийн хүрээнд олон дахин ашиглагдах “Эндевор” хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна