Улс төр
“Босч үг хэлэх нь сонгодог парламентын жишиг, би зохиогоогүй”
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр тус хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Хэлэлцэхээс татгалзсан шалтгааныг нь хууль санаачлагчийн хувьд та юу гэж үзэж байна вэ?
-Хуулийг төслийг хэлэлцэхээс татгалзсан гишүүдийн өмнөөс харамсаж байна. Асуудалд улстөржилтөөр хандан, өмнөх талцал хагарлаар санал хураалтад оролцлоо. Өнөөдрийн бидний явцуу хагарлаас илүүтэй парламент ёсны төлөвшлийг бий болгох нь энэ цаг үед хамгийн чухал болчхоод байна. Энэ хуулийн төсөл нь зөвхөн Х.Нямбаатар болон таван гишүүний үзэл баримтлал, бодлоор бичигдсэн зүйл огт биш. Маш олон эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргасан зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулах багт ажилласан олон хүний бүтээл юм. Үүнийг харлуулна гэдэг инээдтэй. Ер нь бол гишүүдийг дэглэх л ёстой. Дэлхийн нийтийн хандлага цахим шилжилт рүү орж байхад үүний эсрэг бичиг цаастайгаа байх ёстой гээд асуудалд хандаж болохгүй л дээ.
-УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болсон. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ гэж үзэж байгаа. Гишүүдийн хариуцлага тодорхой хэмжээгээр нэмэгдэж, хууль батлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн энэ үед чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгаа юм вэ?
-Дэгийн тухай хууль 2007 онд батлагдсанаас хойш 140 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэр бүхий гишүүд бидний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг аливаа хуулийн төслийг хэлэлцэхэд хариуцлагатай ханддаг болгох, чанартай хууль баталдаг байх энэ процессыг бий болгох зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд аливаа хуулийн төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцдэг байх энэ зарчим руу оруулах нь уг хуулийн гол агуулга. Одоо бол хуулийн төслийг хэлэлцдэггүй, хуулийн төсөл дэх зөвхөн зарчмын зөрүүтэй саналын хоёр үгийг хэлэлцээд л хууль баталчихдаг. Ингэснээр чанаргүй хууль гаргах, хууль тогтоомжуудын хооронд зөрчил үүсэх гол нөхцөл нь болдог. Өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг хэн голдуу хэрэгжүүлдэг үү гэвэл байнгын хороодын референтүүд зарчмын зөрүүтэй санал боловсруулж, УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлдэг. Хуулийн зүйл, заалт бүрийг нь нэг бүрчлэн хэлэлцдэггүй гэсэн үг. Тийм учраас бидний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тухайн хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцдэг болох, УИХ-ын гишүүд зөвхөн тухайн хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт тавьдаг, үгээ хэлдэг энэ зарчим руу орох юм.
-Нэг ёсны хууль төрөх босгыг өндөрсгөнө гэсэн үг үү?
-Яг тийм. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар мэтгэлцэхдээ парламентын мэтгэлцээний үндсэн шинж чанар болох индэрт гарч няцаагч, нотлогч тал мэтгэлцэж мэргэжлийн түвшинд асуудалд ханддаг байх нь чанартай хууль батлах үндэс болно. Товчхондоо Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөл нь УИХ-ын чуулганы хуралдааны парламент ёсны төлөвшлийг илүү баталгаажуулж, бэхжүүлэх, Хууль тогтоох парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Парламентын гишүүд хууль батлах үйл ажиллагаанд илүү хариуцлагатай оролцдог болох гэсэн үндсэн гурван зорилгын хүрээг агуулсан.
-Өнөөдөр үйлчилж буй Дэгийн тухай хуулиар УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар юу орох, юу орохгүйг Даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Тэгвэл таны өргөн барьсан Дэгийн тухай хуульд Дотоод асуудлын байнгын хороотой болох саналыг тусгасны ач холбогдол нь юу вэ?
– Дэгийн тухай хуулиар хийгдэж буй хамгийн том өөрчлөлт бол Спикерийг Спикер төвшинд байлгах асуудал. Өнөөдөр УИХ-ын дарга чуулганы хуралдаанаар юу орох, юу орохгүй, юуг хойш тавихыг шийдэж байна. Тэгэхээр бид дэлхийн парламент ёс төлөвшсөн улс орнуудын жишгээр Дэгийн байнгын хороо байгуулах ёстой. Дэгийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааныг бүтэн сараар нь төлөвлөх ёстой. Тухайн сарын эхний нэгдүгээр долоо хоногт ямар асуудал хэлэлцэх юм. Хоёр, гурав, дөрөвдүгээр долоо хоногт яг ямар асуудлыг хэлэлцэх юм. Зохион байгуулалт нь ямар байх ёстой юм гэдгийг тодорхой зохион байгуулалттай болгоно. Энэ бол хамгийн том дэвшил. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх, мөн хууль өргөн мэдүүлэх процессыг ёслол төгөлдөр буюу чуулганы нэгдсэн хуралдаан дээр гүйцэтгэдэг болох, Иргэдийг хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулах буюу тухайн төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх.
Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх гэх мэт үндсэн агуулгаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулсан. Анхдугаар чуулган гэдэг бол төрийн үйл ажиллагааны хамгийн эмзэг үе байдаг. Энэ үеийг маш хатуу хуульчилснаар Монгол төрийн дархлаа тогтоно.
-Одоогийн Дэгийн тухай хуулийн 49 орчим хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна. Хуулийг шинэчилсэн найруулгаар нь өргөн барьж болоогүй юм уу?
-Энэ талаар өмнө нь бүлгийн хурал дээр хоёр удаа ярьсан. Шинэчилсэн найруулга хэлбэрээр үү эсвэл нэмэлт өөрчлөлтөөр өргөн барих уу гэдгийг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн. Дэгийн тухай хууль байнга шинэчлэгдэж байдаг зүй тогтолтой гэдэг утгаар дараагийн УИХ нь Дэгийн тухай хуульдаа тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй үлддэг гэсэн үг.
-Өнөөдөр гишүүд байнгын хороод, чуулганы хуралдаанд ямар ч бэлтгэлгүй орж юу ч хамаагүй ярьдаг. Чуулганы нэгдсэн хуралдаан муухан хошин шогийн продакшины тоглолтоос илүү инээдмийн жүжиг гэж хошигнох болсон?
-Тийм ээ. Зарим гишүүд хэлэлцэж байгаа асуудалтайгаа ямар ч холбоогүй танин мэдэхүйн асуулт асууж, амьтны элэг доог болж байна. Зарим нь нэгнийгээ доромжлохын тулд, гутаахын тулд үг хэлж байна. Зарим нь асуудлаа ч ойлгохгүй байх жишээний. Гэтэл чуулганы хуралдаан дээр улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж байдаг. Тиймээс мэргэжлийн байнгын хороодыг байгуулж, тэндээ хэлэлцүүлгээ чамбай хийж нэгдсэн чуулган дээрээ бүгд асуудлаа мэддэг байж хэлэлцдэг болох хэрэгтэй. Хуулийн төслийн заалт бүрийг унш, түүнтэйгээ холбогдуулж асуулт асууж, үгээ хэл гэсэн энгийн логик бидний санаачилсан хуулийн төсөлд үйлчилнэ.
-“Босч үг хэлэх” хуулийн төсөл санаачиллаа гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсэн. Сууж эсвэл босож үг хэлэх ямар ялгаатай юм бэ?
-Гишүүд босч үг хэлэх нь дэлхийн парламент ёсны сонгодог жишиг. Уинстон Черчиллийн “Never, never, never give up” кинонд парламент дахь талуудын мэтгэлцээнийг маш тод харуулдаг. Энэ бол парламентын үндсэн амин сүнс нь. Няцаагч, нотлогч хоёр тал ээлжлэн босож үгээ хэлдэг гэсэн үг. Үүнийг би зохиогоогүй. Дэлхийн парламент төлөвшилттэй орнуудын парламентын ширээн дээр нэг ч микрофон байдаггүй юм. Бүгд индэр дээр зогсч үг хэлдэг. Манайх шиг ширээнийхээ хойноос юу ч хамаагүй ярьдаг парламентын жишиг хаана ч байхгүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд чуулганы индрийг хэн нэгнийг доромжлох, гутаах хэрэгсэл болгож хувиргасныг бүгд мэднэ. Энэ бүх алдаагаа засч, нэгэнт л парламент ёсоо төлөвшүүлье гэж байгаа бол бусад төлөвшсөн улс орнуудын жишиг рүү явах ёстой.
-Энэ Дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд үг хэлэхэд бэрхшээлтэй болохоор байна. Тойрогтоо ажиллаад хөдөө явж байгаа гишүүн сүлжээнд холбогдоогүй бол хэлэлцэх асуудлаар үг хэлэх хүсэлтээ урьдчилж өгөх боломжгүй шүү дээ?
-Бид л эрх чөлөөтэй байна, бид л хөдөө гадаа байнга явж байх ёстой гээд дэлхийн нийтийн хөгжлийн эсрэг байж болохгүй. Энэ зохицуулалтыг хийхгүй бол зарим гишүүн таван минут хэлсэн үгэн дотроос хоорондоо логик уялдаатай ганц ч үг олдохгүй байна. Энэ бол хайран цаг хий үрэгдэж байна гэсэн үг.
Дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хууль батлалцах, хууль бүтээх энэ үйл явцыг илүү үр дүнтэй болгоно.
-“МАНАН дэглэмийн эсрэг” хөдөлгөөнийг та таван гишүүн өнгөрсөн өвлөөс хойш өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний үр дүн өнөөдөр хаана байна вэ. Иргэдийн амьдрал бахь байдгаараа, ядуурал хэвээр, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, малаар баян Монголчууд нөөцийн маханд хүртэл дугаарлаж байна?
-Хэд хэдэн тодорхой хүмүүсийг “МАНАН” бүлэглэлийг үндэслэгч гэж үздэг. Одоогоос 15 хоногийн өмнө АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлснөөр хууль, хяналтын байгууллагын шударга бус тогтолцоо бага ч гэсэн өөрчлөгдсөн гэж хэлнэ. Өнөөдөр хүнийг хууль бусаар барьж хорьдог, хилс хэрэг хүлээлгэдэг энэ тогтолцоог нураая гэсэн зарчмаар бид анхнаасаа явж ирсэн. “МАНАН” дэглэмийн үед хэлмэгдсэн, хохирсон бүх хүний эрхийг нь хамгаалах, шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэж хэргийг дахин хянуулах үйл явц үргэлжилж байна. Маш олон жил тогтсон шударга бусын тогтолцоог нураахад тодорхой цаг хугацаа шаардлагатай. Иргэдийн амьдрал ахуй ямар байна вэ гэдгийг Засгийн газрын нөхдөөс асуух нь илүү оновчтой. Ер нь бол өнөөдөр бизнес эрхлэгчдийн дунд айдас хүйдэс бий болсон тал байгаа нь үнэн. Бусдын бизнесийг хүчээр булааж авдаг, лицензийг нь хураадаг, эрүүдэн шүүдэг зэрэг энэ бүхнийг цаашид гаргахгүйн төлөө бид ажиллана.
-Монгол Улсад хэрэгжиж байгаа, дэлхийн хэмжээний том төсөл болох Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг удахгүй байнгын хороо, УИХ-аар хэлэлцэнэ. Тус төслийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Одоогоор ажлын хэсгийн дүгнэлтийг уншиж судалж байна. Ер нь бол Оюутолгойг төслийг зогсооно гэхээс илүүтэй гэрээг сайжруулах чиглэлээр хоёр тал ширээний ард суугаасай гэж бодож байна. Оюутолгойн асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Хэд хэдэн тодорхой зөрчлүүд байгаа бол түүнийг нь арилгахын төлөө ажиллах ёстой. Манайх бие даасан тусгаар улс байна, дор хаяж борлуулалтын гэрээг нь авч үзээд хөрөнгө оруулагч тал хэдэн төгрөгийн орлого олж байгааг үзэх эрх нь бий гэж бодож байна. Мөн олон улсын гэрээний чиглэлээр илүү мэргэшиж ажилласан хуульчдын баг ажиллуулж хөрөнгө оруулагч талтайгаа харилцах нь зөв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав