Улс төр
Тасганы овоо руу мацсан шүүгчдийн уралдаан болж байна
ШЕЗ гэж шүүхийн захиргааны байгууллага Тасганы овоонд байдаг юм. Энэ зөвлөл таван гишүүнтэй байх ёстой. Одоо дөрөв бий. 2019 оны нэгдүгээр сард О.Зандраа тэтгэвэртээ гарснаас хойш УДШ-ийн квоттой энэ суудал өнөөг хүртэл эзгүй байгаа юм.
Саяхан, тавдугаар сарын 25-ны өдөр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Энэ хоёр хүний оронд ШЕЗ-ийн гишүүнийг нөхөн сонгох үйл ажиллагаа эхлээд байна. Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун хоёрын орны гишүүдийг Анхан шатны шүүхийн шүүгчид, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид сонгох ёстой.
Анхан шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос ШЕЗ-ийн гишүүнд 13 хүнийг нэр дэвшүүлээд байна.
Увс аймгийн харьяатай, МУИС-д багшилж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж явсан, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Т.Мэндсайхан,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Баянхонгор аймагт төрж өссөн А.Насандэлгэр,
Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2013 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Оч,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр хэдхэн хоногийн өмнө томилогдсон Х.Ганболд,
ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан, 2014 онд шүүгч болж, 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй А.Сарангэрэл,
Увс аймагт төрж өссөн, 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Л.Энхтайван,
2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй Д.Оюумаа,
2016 оноос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилласан П.Туяат,
2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Б.Баатар,
Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ жилээс “Сити” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ,
2013 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Д.Мягмаржав,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2015 оноос ажиллаж буй Б.Хажидмаа нар нэрээ дэвшүүлжээ.
Тэдний нэг нь Н.Лүндэндоржийн оронд ШЕЗ-ийн гишүүн болно. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тооллогын төв комиссоос дөрвөн хүнийг ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлжээ. Эдний нэг нь Д.Эрдэнэчулууны оронд ШЕЗ-ийн гишүүн болно гэсэн үг.
Сэлэнгийн харьяатай, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа Д.Цогтсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Оюуны өмчийн газарт хэлтсийн даргаа ажиллаж эхэлсэн Э.Мягмардорж, “Шинжээч XXI” сургуульд хуульч мэргэжил эзэмшиж, МУИС-д магистрын зэрэг хамгаалаад 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Э.Зоригтбаатар, Төв аймгийн харьяатай, 2016 оноос Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Өрнөндэлгэр нарыг Давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос нэрийг нь дэвшүүлжээ.
Энэ удаад, ингэж арав, хориороо ШЕЗ-ийн гишүүний суудал руу зүтгэж, нэрээ дэвшүүлсэн явдал анх удаа болж байна гэж шүүхийнхэн ярьж байна. Үнэхээр ч өмнө нь 1-2 хүн өрсөлдөөд нэг нь сонгогдоод явдаг байлаа.
Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсгээр Тасганы овоон дахь ШЕЗ-ийн гишүүнээр томилогдон очиж байсан Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрх дуусгавар болж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-д анхны “томилгоо”-гоо хийх гэж байгаа нь энэ олон шүүгчийн горьдлогыг төрүүлсэн байж мэднэ.
Гэхдээ бас нэг шалтгаан ярьж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод байлгах, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүгчдэд арга хэмжээ авах, талийгаач Б-г тойрсон асуудлаар 40 орчим шүүгч хариуцлага хүлээх болж байгаа зэрэг нь эрх мэдэл нь хуулиар хамгаалагдсан ШЕЗ рүү олноороо хошуурах болсны шалтгаан болж байж ч магадгүй ажээ.
Нөгөөтэйгүүр ШЕЗ-д шүүгчээр ажиллаад төдийлөн удаагүй, эсвэл тэтгэвэрт гарах нас нь болсон, тэр ч бүү хэл шүүх байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс нэр дэвшиж байгаа нь ч анхаарал татаж байгаа юм. Товчхондоо, ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид нэлэнхүйдээ одоо ажиллаж байгаа 500-гаад шүүгчид хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй хүмүүс байна гэдгийг шүүгчид, шүүхийн байгууллагынхан ярьцгааж байна.
Тэдний дунд бас нэр мэдээлэл яваад байгаа нь энэ удаагийн ШЕЗ-ийн гишүүдийн томилгоонд ЕТГ-ын дарга З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч, зарим нэр дэвшигчийг нэр заан “буудаж” байна гэж буй юм. ЕТГ-ын даргын дэмжлэгийг авч байгаа хоёр шүүгчийн нэрийг ч шүүгчид сонсчихсон, бие биедээ дуулгаж байна. Шүүгчдийн яриагаар З.Энхболд дарга Н.Лүндэндоржийн оронд А.Сарангэрэлийг, Д.Эрдэнэчулууны оронд Э.Зоригтбаатарыг зүтгүүлж байгаа гэж байна.
Гэхдээ ЕТГ-ын дарга З.Энхболд тэднийг томилохгүй. Хууль нь өөр. Нөгөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Анхан болон Давж заалдах шатны бүх шүүгчийн зөвлөгөөн болж, цахимаар санал хурааж ШЕЗ-ийн хоёр гишүүнийг томилох юм.
Тэр болтол Тасганы овоонд байдаг ШЕЗ рүү мацсан шүүгчдийн уралдаан ширүүхэн үргэлжлэх бололтой.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна