Нийгэм
2019 оноос хэрэгжүүлэх Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.
- Хамтарсан төслийн чиглэлүүд
- Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа
Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажил байна.
Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Хятадын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Монгол, хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг дараах шинжлэх ухааны чиглэлээр хүлээж авна:
- газар тариалан, мал аж ахуй,
- биотехнологи, хүрээлэн буй орчны хамгаалал,
- уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт,
- мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан.
Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ШУТЯ хариуцна. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулах ба гүйцэтгэх хугацаа 2-3 жил байна.
Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар цахимаар мэдүүлнэ. /Хятадын талын төслийг ШУТЯ дээр хүлээн авна./
Төслийн материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол болон англи хэлээр бичнэ. Хамтарсан төслийн үр дүнд гарах оюуны өмчийг эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулсан байна.
Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ, ШУТЯ хамтран гаргана.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар
Утас: (976-51)-263181
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.