Нийгэм
БСШУСЯ –НЫ ХАМТ ОЛОН ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ТУСАЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг. Үндэсний өгөх өдрийг угтан Засгийн газраас манай яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 2 өрхийн ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.
Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив цуглуулсан юм.
Үндэсний өгөх өдөрт зориулан өрнүүлсэн БСШУСЯ-ны хамт олны сайн үйлийн аяныг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон дэмжин гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гардууллаа. Их дээд сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй Р.Болджаргал, Б.Энхбаатар нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Аяны хүрээнд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан Ранжинхүүгийн Болджаргалд иж бүрэн тавилгатай гэр бэлэгллэсэн юм. Тэрээр эхнэр таван хүүхдийн хамт хадам аавындаа арав гаруй жил амьдарч иржээ. Удахгүй зургаа дахь хүүхэд нь мэндлэх гэж байгаа аж. Мөн Балдангийн Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Харааны бэрхшээлтэй тэрээр өөрөө бие даан төмөр эдлэл хийхэд суралцаж, түүгээрээ өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байна. “Суурь машин худалдаж авах нь миний мөрөөдөл юм. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсондоо баяртай байна” хэмээн Б.Энхбаатар ярьсан юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.