Бусад
Цэнхэр шишгэд, хорьдол сарьдгаа манан суух маа нар
Цэнхэр шишгэд, хорьдол сарьдгаа хэдэн зууны турш манан суусан дархад зоныг маа нар гэж нэрлэдгийг юун түрүүнд хэлэх нь зөв байх. Дархад ястныг хар, шар гэж хуваадаг юм байна. Хар дархдууд нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумаар нутагладаг бол шар нь Өвөрмонголын Ордос аймагт аж төрдөг аж. Тэгэхээр би хар дархадын нутагт хөлийнхөө мөрийг үлдээгээд иржээ. Хөл дор хөвд өвс бамбаганаж, дэргэдүүр цэнхэр Шишгэд тунарч мяралзаад л, дээшээ өлийхөөр Дэлгэр хан уул оргилоороо гайхуулахад хаан түүхийн алтан хайч гэгддэг харуул тахилгат Өлийн овоо налайгаад янзтайхан байлаа. Нутаг нь ч янзтай, хүн зон ч янзтай үлгэрийн гэмээр хангай юм билээ. Жиглэгийн давааны жигтэй явдлууд өнөөдөр ч нүдэнд харагдаж, инээд хүрч сууна. Ийм л сайхан нутгаар хөндлөн гулд аялж, Дэлгэр хан уулынхаа баруун , зүүн талд нь ээлжлэн гарч, мэлмэрэн мэлмэрэн өндөлзөх далай ээжийнхээ хөвөөгөөр “Миний нутаг ч болоосой” хэмээн дуу алдаж яваад ирлээ. Миний аялал Баянзүрхээс эхэлж нар зөв тойрсоор Алаг- Эрдэнэ суманд өндөрлөсөн.
Бэлтэсийнхээ ард нь зусч, өвөрт нь өвөлжих баянзүрхчүүд
Дархад зон өөрийн гэх аялгатай, өвөрмөц соёлтой гэдгийг та бид юу эс андах билээ. Тэр утгаараа уул, усны нэр нь хүртэл хачин өвөрмөц. Онгоддоо хөглөгдсөн яруу найрагч шад шадаар нь урсгасан мэт уран яруу хэллэгтэй. Элэгтэг, Хөлжигтөг , Харгана, Хоромдог, Хулганы нуруу , Уутын уулс нутгийн баруун хойд хэсгээр дүнхийж байхад зүүн урд талаар нь Хөенгийн гурван хөндий налайж, Эмтийн эхний хөндий залган цэлийх аж. Бэлтэс, Агар, Хайсын түргэн урсгалт голууд том, том үхэр чулуугаа элээн элээн хүржигнэнхэн урсахад Хөөнгө, Хөлбилтөг, Хар нууранд дэгдээхэйгээ дагуулсан ангир хөвж, хос хунгийн сүрэг нуурын мандалд нисэн буун зугаацах нь чухамхүү баянбүрд гэж үүнийг л хэлэх байх гэх бодол хэн хүнд төрнө. Баянзүрхчүүд сайхан амьдарцгааж байна лээ. Байшин бариагүй айл гэж алга. Хашаа бүхэнд л улаан, цэнхэр өнгөөр будсан төмөр дээвэр бүхий дүнзэн байшингууд шил даран дүнхийжээ. Өвгөрч муудсан байшин ер харагдаагүй. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамж талбайгаа эхнээс нь цэгцэлж эхэлжээ. Гудамжаар хөл хөдөлгөөн бага ч хаа нэг эрээн торгон алчуур хүзүүндээ зангидсан бүсгүйчүүд хэд гурваараа сугалданцан гунхахцгаах нь хэн хүний хараа булаах.
Уулзаад л баймаар Улаан-Уулынхан
Дэлгэрхаан гэх сүрлэг өндөр хайрхныхаа ар хормойд нутаглах цэнхэр хотгор нутаг янзтай сайхан. Хүн, малын зоо тэниймээр сайхан нутаг байна лээ. Монголын эцэг өвгөдийн алтан бууц, домогт Эргүүнэ кун нутгийн баганат хаалга, дархадын 13 овоон дээрээ айлчин гийчнээ тосч хүндэтгэл үзүүлж, буцахын цагт агар хувинтай сүүгээрээ сэтгэлийн мялаалга өргөн үйл нь ариун, зам мөр нь дардам байхыг бэлэгдэн цацал өргөсөөр хоцордог ард түмэн тэнд л байна лээ. Хүний сэтгэл тэр тусмаа дархад зоны сэтгэл ийм аугаа бөлгөө.
Амьдрал баян юм хойно, нутгийн зон олон өөрийн сумын хөгжлийн чин хандлага, улс орны эдийн засгийн байдал, өр шир, шинэ онгоцны буудал, солонгосын виз,Дарханы зам хэзээ ашиглалтад орох гэхчилэн олон асуултыг төв суурингийн биднээс асууж байлаа. Бүх генерал Хурцын асуудал яаж шийдэгдсэнийг ч сонирхож байв. Энэ нь чухамдаа сэтгүүлч биднийг мэдээллийн дунд аж төрдөг, эд л мэдэж байх учиртай, хамгийн бодиттой мэдээллийг эднээс сонсч болно гэсэн итгэл байх л даа. Инээдэмтэй ч гэмээр асуулт бол Ноён уулыг хятадууд өрөндөө авах гэж байгаа гэсэн. Үүнд миний санаа зовоод нойр хүрдэггүй гэх өвгөн буурлын сэтгэл зовнил байлаа. Биднийг Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр баг руу хөдлөх үед 89 настай Н.Гомбо гуайн хүүхдүүд зам тосч уулзсан. Тэд өвгөн буурал аавынх нь иргэнийхээ үүргийг гүйцэтгэн сумандаа гурван ч гүүр барьж ашиглалтад оруулсныг бидэнд харуулах гэжээ. Тэдгээр гүүрийн хоёр нь түүний оюуны бүтээл аж. Биднийг тус суман дээр амарч өнжсөн өдөр үр ач нь дөрөв дэх гүүрийнхээ шавыг тавьсан гэж байлаа. Алтаргана гол дээгүүр тавих гэж буй гүүр нь хүнд даацын машин ч явж болохоор нумтай аж. Зураг төслийг нь өөрөө гаргасан төдийгүй эхний хөрөнгийг хувиасаа гаргасан талаар хуучилсан. Ач хөвгүүдээ гүүр барих ажилд татан оролцуулж байгаа юм билээ. Бүхий л насаараа хөдөлмөрлөсөн, дөрвөн хүний ажлыг ганцаараа хийж, тэр хэрээр цалин авдаг байсан түүний энгэр дээр гялалзах одон үгүйд харамсч зогссоноо нуух юун. Тухайн үеийн дарга нь Гомбо гуайг феодал хэмээн гадуурхдаг байжээ. Буурал гүүрчний МҮЭ-ийн гишүүний үнэмлэх энэ гэр бүлийн хамгийн нандин өмч нь байлаа.
Цаатны өлгий Цагаан нуур
Жавзандамба хутагтын Их шавь болох дархад отгийн нутгийн нэг хэсэг нь Цагааннуур сумын нутаг аж. Их хожуу 1985 онд Цагаан нуур сумыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар байгуулсан байна. Тэр хүртэл Ренчинлхүмбэ сумын нэг бригад гэж явжээ. Монгол Улсын хамгийн бага хүн амтай сумаар нэрлэж ч болно. Сумын хүн ам ердөө 2411. Энэ бол 2017 оны хүн амын тооллогын дүн. Эдийн засаг хямрахын хэрээр залуучууд төв суурин барааддаг байдал Цагааннуурыг ч дайрчээ. Бас нэг сонирхуулах зүйл бол энэ сум 269 цаатан иргэдтэй. Нутаг дэвсгэрийн ихэнх нь ашиглагдахааргүй гүн тайга. Тарган нуур, Дүүрэн нуур Бургаст, Мануулт, Цойцон, Хазаарт зэрэг том том нуурууд хаяа дэрлэн орших нь сүртэй. Нутгийн иргэний өгүүлснээр 300 том, жижиг нуур дугуйранхан нэгэн дор байдаг аж. Бид гүн тайгыг сүлжин мяралзах Тэнгис, Шишгэд голыг машинаараа туулсан. Зарим хэсэгтээ мөсөн хуягаасаа салаагүй цайран харагдах нь сүртэй. Тэндэхийн мөснөөс нь эмтэлж амсахад маш зөөлөн, ер бусын амттай юм билээ. Бус, Сариг, Жамсай, Жолго голын нэрийг дуулснаас очиж үзээгүй. Ойн модоороо улсад тэргүүлдэг аж. Алдарт Агар хайрхан энэ нутагт бий гэнэ лээ. Далайн түвшнээс 3065 метрийн өндөрт оршдог гэхээр цастайгаа дүнхийж байх нь арга ч үгүй биз. Уулархаг, цэвдэг ихтэй болоод тэр байх ногоорч, цэцэг навч дэлгэрсэн тал хөндий тааралдаагүй. Бороо хур элбэг байсан ч мөнхийн цэвдэг хөрс тэгтлээ ногоордоггүй аж. Малчид нь уулын тагт, гол нуурынхаа эргийг бараадан зусч, намаржих тул хүн малгүй ийм нөхцөлдөө дасчихсан, болоод л байдаг бололтой. Өнгөрсөн жилийн зун олон мал бүхий өрх бэлчээр хөөн Булганы Тэшиг суманд өвөлжжээ. Эргэж ирсэн нь бараг үгүй гэж багийн Засаг дарга өгүүлсэн. Сумын төвийн тухайд хөгжил тун тааруу. Хүн ам ч цөөн юм даа. Үүний давуу тал байж мэднэ, намчирхал харьцангуй гайгүй болох нь анзаарагдсан. Цагаан загасаараа Цагааннуур сум алдартай. Гэсэн хэдий ч нутгийн иргэд явуулын улстай нийлэн нуурандаа тор тавиад ихээхэн сүйтгэсэн гэнэ. Сүүлийн дөрвөн жил хатуу хяналт тогтоосноор хулгайн загас агнуур зогссон гэв. Гэхдээ аймгийн дэлгүүрт нь савласан шилтэй загас худалдаалагдаж байхыг бодвол Цагааннуурыг загасны аж ахуй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэрэг. Цагааннуурчуудад зовлон их л байдаг бололтой. Сумын төвд ганц нэг хүнтэй мэнд амараа мэдэлцэж, үгийн солио хийх зуур сумын хөгжил, бараа бүтээгдэхүүний үнэ, дархад иргэдийг төрөөс дэмждэг байх, ойгоосоо хэрэглээнийхээ модыг өөрийнхөө дураар татдаг байх. Аймгийн эмнэлгийн эмч нарын мэргэжлийн ур чадвар дутмаг, тоног төхөөрөмж муу, хүүхдийн эмнэлэг байхгүй, эмнэлгийн газрыг нь арьс ширний ченжүүд худалдаж аваад дууссан гэхчилэн хөвөрсөн. Монгол Улсын эдийн засгийн хямралаасаа хэзээ гарах тухай, зээлийн асуудлыг ч тэд хөндөж л байлаа. Хүний сэтгэлээ гэж. Хөдөөний, малчин гэж голж боломгүй юм билээ.
Будилж төөрөлдсөн, намчирхаж талцсан Ренчинлхүмбийнхэн
Энэ бол худлаа гээд хаацайлахын аргагүй үнэн. Үеэл ахтайгаа золгомоор байдаг. Гэтэл ах нь АН-ын ухуулагч учраас холуур өнгөрөх хэрэгтэй болдог. Хүнсний талоноор гурил, будаагаа авахын тулд сумын Засаг даргадаа нийцүүлж, МАН-д гишүүнээр элсэх ёстой. Тэгэхгүй бол хүү нь төсөлд хамрагдаж чадахгүйн дээр нас өндөр эмгэн буурал ижий тэтгэврийн зээл авах эрхгүй болдог гээд ардчилсан нийгэмд байж үл болох амьдралыг тэндээс олж харлаа. Чихэндээ итгэхэд ч бэрх гэлтэй. Аргаа барсан иргэд “Улсын тэргүүний намын үүр байснаас Улсын тэргүүний сум болох нь бидний амьдрал” хэмээн шинэхэн танил маань өгүүлээд олон жил сэтгэлдээ тээж явсан бухимдлаа хэлж амарлаа гэх шиг уртаа гэгч санаа алдсан даа, хөөрхий. Магад тэр эр ихээхэн зориг гаргасан биз ээ. Үнэндээ ч сумын төв хөгжлөөрөө хоцрогджээ.
Адтай, одтой Хатгалынхан
Дархадын цэнхэр хотгорын хэдэн сумдаас хөгжлөөрөө түүчээлж,тэр хэрээрээ иргэдийнх нь амьдрал дээшилж буй газар бол Хатгал тосгон. Алаг-Эрдэнэ сумын мэдэлд олон жил явсан хатгалчуудын чин хүсэл нь тосгоны статусыг өөрчилж, Хатгал сум болгох явдал юм билээ. Орон нутаг хөгжихөөрөө ирээдүйгээ ийн харж, хөгжлөө өөрөөр төсөөлдөг аж. Энэ нь Хөвсгөл аймаг хөгжихийн үндэс суурь ч болж мэднэ. Замтай болсон хатгалчууд дотоодын жуулчдын хөлд дарагдаж, ашиг орлого нь сайн байгаа хэдий ч тэр хэрээр байгаль орчин нь бохирдож, Далай ээжийн эрэг хөвөө хэрэглэсэн ариун цэврийн цаасаар хучигдах шахаж байгаа гэнэ. Монголдоо цор ганц “Сүхбаатар” хөлөг онгоц, цорын ганц мэргэжил болох усан онгоцны капитантай хатгалчуудын амьдрал өөдрөг байна лээ.Тэндээсээ аяны жолоог эвхэн эвхэн давхисаар урианхай зоны өлгий нутаг Чандмань –Өндөр сумаар дайрч улмаар Хатгал тосгонтой хил залган орших Алаг-Эрдэнэ сумын төвөөс холгүйхэн урсах Эгийн гол дээр уурга шидсэн шиг өнжөөд Мөрөнгийн зүг хөдөлсөн дөө. Эх орныхоо хоймор нутгаас хийсэн тэмдэглэлээ үүгээр жаргаая.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө