Нийгэм
Нисэх, Яармагийн замын түгжрэлийн нэг хэсэг нь өндөр төлбөр бүхий хувийн сургуулиуд…..
-Нисэх, Яармагийн замын түгжрэлийн нэг хэсэг нь энэ-
Нисэх, Яармагийн зам өглөө оройдоо түгжирч, хотын төв рүү ажилдаа ирж очдог хүмүүс үгээ хэлж байна. Ажлаасаа хоцрох, шөнийн бор хоногтоо гэрийн бараа харах нь хэвийн үзэгдэл болсон. Тэр орчмын замын түгжрэлийг Яармагийн замд байх өндөр төлбөр бүхий хувийн сургуулиудтай холбон иргэд, зорчигчид гомдоллож байгаа. Тиймээс манай сурвалжлах хэсэг өчигдөр өглөө 06:50 цагт Яармагийг зорилоо. Нэг дор гурван сургууль байдаг учраас түгжрэлд нөлөөлж байгаа нь илт. “British School of Ulaanbaatar”, “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” олон улсын дунд сургуулиуд хүүхдийн автобусаар үйлчилдэг эсэх, замын түгжрэлд хэрхэн нөлөөлдөг юм бол. “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн 51 хувийг нь эзэмшдэг гэх “British School of Ulaanbaatar” сургуулийн сургалтын төлбөр жилийн 50 сая орчим төгрөг гэх бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй хүүхэд суралцдаг. Харин “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах, мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар хамтран байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 700 гаруй хүүхэд хичээллэж байна. Түүнчлэн Кёкүшюзан Д.Батбаярын эзэмшлийн “Сакура” олон улсын дунд сургууль ч мөн тооны хүүхэдтэй шинэ хичээлийн жилээ угтжээ. Ингээд тооцвол гурван сургуулийн нийт 2000 гаруй хүүхэд өглөө бүр хичээлдээ явдаг, тэднийг мөн тооны машинаар хүргэдэг гээд тооцвол таны, миний ч бухимдал төрнө. Гэвч сургууль бүр өөр өөрийн онцлогтой, нэг нэгнээсээ ялгарах давуу болон сул талтай. Бид сургуулиудаар орж, багш ажилчидтай нь уулзахыг зорьсонгүй. Зүгээр л энгийн зорчигчийн нүдээр, түгжрэлд бухимдаж яваа иргэний нүдээр бодит байдлыг дүгнэхийг хичээлээ. Түүнчлэн аль нэг сургууль, эзнийг буруутгах, эсвэл магтах гэсэнгүй. Таны нүдээр л сонжсон хэрэг.
Өглөө бүр 300 орчим хүүхэд сургуулийн автобусаар ирдэг
Өглөөний 07 цаг 20 минут: “British School of Ulaanbaatar” сургуулийн орчим дахь замын буцаж эргэх хөдөлгөөн дөрвөн эгнээгээр чихэлдэж, төв замын машинуудын хажуугаар түгжрэл үүсгэж байгаа нь илт. 07 цаг 35 минутын үед “British School of Ulaanbaatar” сургуулийн үүдэнд очлоо. Цаг эрт, хичээл 08:10 цагт эхлэх тул сургуулийн үүдэнд ажилчдын нэг автобус, ажилтнуудын бололтой 3-4 машин зогсоолд байв. Хичээлийн цаг дөхөх тусам машинууд тасралтгүй ирж, хүүхдээ хөтөлсөн аав, ээжүүд сургууль руу яаран орцгооно. Өглөөний 08:00 цагтай уралдан хүүхдийн автобусууд ар араасаа цувран, нэг автобуснаас 20-иод хүүхэд бууж, сургуулийн хашаа руу гүйлдэнэ. Үүдний харуултай энэ тэрийг ярилцан, дотогш орж, угтагчаас зарим нэг зүйлийг асуулаа. Энэ сургуульд өнөөдрийн байдлаар 25 хүний суудалтай хүүхдийн есөн автобус, ажилчдын хоёр автобус өглөө, оройдоо үйлчилдэг гэдгийг хэлж байна. Үүдэнд хоёр харуул зогсч машин, хүүхдийн автобусыг сургуулийн үүдэнд зогсоож, хүүхдүүд буусны дараа автобусуудыг зогсоолд нь оруулах аж. Нийтдээ есөн автобус дүүрэн шахам хүүхдүүдтэй ирсэн гэж тооцвол ойролцоогоор 200 гаруй хүүхэд сургуулийн автобусаар хичээлдээ ирдэг гэсэн үг. Харин 300 гаруй хүүхэд эцэг эхийн аль нэгээр, автомашинаар сургуульдаа ирдэг байх нь. Яармагийн замд байх “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” олон улсын дунд сургуультай харьцуулахад энэ сургууль харьцангуй олон автобустай, машины зогсоол сайтай нь ажиглагдсан. Харин сургуулийн хүүхдийн автобусны төлбөр тусдаа үнэтэй бөгөөд сая гаруй төгрөг байдаг тухай замын хүнээс сонссон юм. Жилийн 25-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль хүүхдийн автобусаар үйлчлэхдээ нэмэлт төлбөр шаардах нь төдийлөн шударга санагдсангүй. Энэ сургуульд багцаагаар хүүхдийн 20 автобус үйлчлэхэд эцэг эхчүүд хүүхдээ заавал хүргэж өгнө, авна гэхгүй л болов уу. Замын түгжрэлийг бууруулахад төдий чинээ нэмэртэй. 25 хүний суудалтай автобусны зах зээлийн ханш насжилтаас шалтгаалан 30-50 сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол хувийн өндөр төлбөртэй сургуулиуд суралцагчдаа автобусаар зөөхөд тийм ч их хөрөнгө мөнгө шаардагдахгүй л болов уу. Мэргэшсэн жолоочийн цалин, шатахууны зардалд ч түүртэхгүй нь мэдээж.
“Сакура” сургуулийн сурагчид өглөө бүр хувийн унаагаар ирж байна
Өглөөний 07 цаг 10 минут: “Сакура” олон улсын сургуулийн үүдэнд очлоо. Замын хөдөлгөөн ихтэй харагдана. Тус сургууль руу ордог хаалгатай зэргэлдээ авто замын гурван уулзвар байдаг болохоор хаанаас нь ч хамаагүй машин ээлж дараалан хөвөрнө. Харин эсрэг талд нь “Анхаар хүүхэд зорчиж байна” гэсэн самбарыг ажиглаж байгаа жолооч бараг байхгүй гэхэд болно. Тэр нь зүгээр л бэлгэдэл төдий анхааруулах самбар. Харин үүнийг хүүхдийн аюулгүй байдал талаас нь харвал “Сакура” олон улсын сургуулийн байршил тийм ч таатай бус юм. Шуудхан хэлэхэд, сургуулийн байршил зохимжгүй аж. Хэдийгээр сургуулийг тойрсон хамгаалах бүхий хашаа байгаа ч гурван талаасаа угтсан автозамын уулзвар айдас төрөм харагдана. Тиймээс сургуулийн үүдэнд түгжрэл үүсч, дуут дохио хангинаж, эцэг, эхчүүдийн бухимдах нь өдөр бүрийн хэвийн үзэгдэл бололтой. Эцэг, эхчүүдийг ажиглаж байхад бүгд л хүүхдээ гараас нь хөтлөн, сургууль руу гүйж орно. Сургуулийн урд талын туслах зам ачаалалтай байх юм бол зарим нь Нисэх, Яармагийн чиглэлийн төв замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьчихаад, сургууль руу яаран гүйх аж. Замын ойролцоо хүүхдээ буулгачихаад гүйгээд орчих гэж хэлэх эцэг, эх нэг ч байсангүй нь сайшаалтай. Аюулгүй байдал талаасаа хэн ч ингэж зориглож чадахгүй билээ. Тиймээс л түгжрэхийг, түүртэхийг, уурлахыг үл тоодог биз. Тус сургуулийн хичээл өглөө 08:00 цагт эхэлдэг байна. Харин сургуулийг чиглэсэн замын хөдөлгөөн өглөөний 07 цаг 10 минутаас 08 цаг 10 минут хүртэл ачаалалтай үргэлжилнэ. Сургуулийн гадаа бүтэн цаг шахам ажиглаж зогсоход нэг жижиг цагаан автобуснаас 10 хүрэхгүй хүүхэд буув. Харин үлдсэн нь хувийн унаагаар сургуульдаа ирлээ. “Сакура” олон улсын сургуулийн жилийн төлбөр 7.5-9.5 сая төгрөгийн хооронд байх бөгөөд нэг ангид 20-25 хүүхэд сурах боломжтой аж. Харин тус сургуульд хэдэн хүүхэд сурдаг нь тодорхойгүй. Нийт 2300 хүүхдийн хүчин чадалтай гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Хэдийгээр олон улсын боловсролыг хүүхдүүдэд олгох нь зөв ч байршил, хувийн зохион байгуулалтад анхаарал хандуулах цаг нь болжээ. Хүүхдүүдийн сургалтын төлбөрийн нэгээхэн хэсгийг тэдний аюулгүй байдал болон автобусаар сургуульдаа ирж, очих боломжийг бүрдүүлэхгүй л бол Нисэх, Яармагийн замын хөдөлгөөний ачаалал буурахгүй. Жил ирэх бүр л нэмэгдэнэ. Нисэх, Яармаг чиглэлд ажиллаж, амьдардаг хүмүүс “нисэх”-ээс өөр гарц үлдэхгүй.
Эцэг, эхчүүд замын ачаалал үүсгэж байна
Байгуулагдаад удаагүй “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд өнөөдрийн байдлаар 1180 орчим хүүхэд суралцдаг. Харин 100 гаруй багш, ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг аж. Манай сурвалжлах багийнхан 07 цаг 10 минутаас эхлэн Яармаг орчмын замын хөдөлгөөнд тус сургуулийн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байгааг ажиглалаа. Өглөө 07:20 минутаас эхлэн сурагчид нь цувах бөгөөд энэ цагаас эхлэн замын түгжрэл улам ихсэх аж. “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль гадна талбайд зогсоолтой. Уг зогсоолын талбайд ихэвчлэн бага ангид сурдаг хүүхэдтэй эцэг эхчүүд автомашинаа тавьж байгаа харагдлаа. Харин замын хажууд “халаас” байх бөгөөд хүүхдээ замдаа буулгаад цааш хөдлөх эцэг эхчүүд ихэвчлэн машинаа зогсоодог. Гэхдээ зарим нь бага ангийн хүүхэдтэй учраас машинаа түр зогсоож, хүүхдээ оруулж өгчихөөд явдаг байна. Хэдий халаасанд орж зогссон ч буцаж эгнээ байр эзлэх, хүлээх, олноороо дугаарлах гэх мэтээр замын түгжрэлд нөлөөлдөг нь харагдаж байлаа. Тус сургуульд хүүхдээ хүргэж өгсөн нэгэн ээжээс сургуулийн автобус үйлчилдэг эсэхийг тодруулахад, “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль 16-наас сургуулийн хүүхдийн автобусыг гаргана гэсэн. Одоогоор сурагчид нь жигдрээгүй байгаа учраас эцэг эхчүүд хувийн унаагаараа хүүхдээ зөөж байгаа” гэлээ. Нийтдээ 1300 орчим хүүхэд, багш, ажилчид энэ сургуульд өглөө оройдоо ирж очдог гэхээр замын ачаалал үүсэх нь аргагүй юм. Сурвалжлах явцад өөр нэг зүйл ажиглагдсан нь төр захиргааны автомашинууд сургуулийн гадна хүүхэд буулгаж байгаа харагдав. Хуульдаа, албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглосон байдаг ч дүрэм журмаа зарим дарга нар зөрчдөг бололтой. Хууль дүрэм зөрчихөөс гадна замын ачаалал үүсгэхэд багагүй нөлөөлж байх юм. Гэвч тэдгээр албан тушаалтны нэгэнтэй нь холбогдоход өөрийнх нь эзэмшлийн автомашин гэсэн тайлбар өгсөн юм.
Б.Зоригт: Зам дагуу хүүхэд буулгаж саад учруулахгүй байх албан бичиг өгсөн
Яармаг орчмын замын түгжрэлтэй холбоотойгоор Хан-Уул дүүрийн Замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Зоригтоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Өглөө орой ажил эхлэх, тарах үеэр Яармаг орчмын замын хөдөлгөөн хэт ачаалал үүсч байна. Замын түгжрэл үүсэх шалтгаан нь юу вэ?
-Урагшаа чиглэсэн автомашины хөдөлгөөн ихсэж байгаа. Мөн Хан-Уул дүүрэгт бүтээн байгуулалтын ажил их өрнөдөг. Зарим жолооч нарын санамсар болгоомжгүйгээс аваар осол гарч, түгжрэл үүсгэдэг.
-Яармагийн төв дагуу байрлах “British School”, “Шинэ Монгол Харүмафүжи”, “Сакура” олон улсын сургуулийн үйл ажиллагаа замын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Эдгээр сургуульд өглөө оройд хүүхдээ зөөх эцэг, эхчүүдийн автомашины хөдөлгөөн замын ачаалалд их биш ч гэсэн саад учруулдаг. Бид зам дагуу хүүхдээ буулгаж хөдөлгөөнд саад учруулахгүй байх албан бичиг өгсөн байгаа.
-Тухайн сургуулиудаас ямар нэгэн хариу өгч, шаардлагыг биелүүлж ажилласан уу?
-Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ багш нар нь өөрсдөө зам дээрээс хүүхдээ тосож авах маягаар ажиллаж байгаа юм билээ.
А.ОДСҮРЭН
Б.ПҮРЭВЖАВ
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.