Улс төр
МОНГОЛ ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ ХАКЕРЧДЫН ГАРТ БАЙНА
Монгол Улс иргэнийхээ мэдээллийг хамгаалахгүй бол түгшүүр зарлаж буйг “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндсөн. Бид “Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл төрийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, нууцлал хамгаалалт тэг зогсолт хийснийг, Монгол төрийн ой санамж хакерчдын гарт байгааг хүлээн зөвшөөрч анхаарахгүй орхиж болохгүйг АТГ баталж өглөө.
Буянт-Ухаа II хороололд 972 айл орон сууц түрээслэхийн тулд 35 мянгуулаа цахимаар бүртгүүлэв. Нийслэлийн орон сууцны корпорацийн цахим хуудас руу хэдэн мянган иргэн нэгэн зэрэг “дайрснаас” болж цахим систем ачааллаа дийлэхгүй гацах, алдаа заах зэргээр ёстой л багахан хэмжээний “дайн” дунд 14 хоногт 35 мянган хүн бүртгүүлсэн гэж хэлж болно. Зарим нь хороо, дүүрэг дээрээ хонон өнжин байж цахим системд бүртгүүлсэн гэх. Гэтэл 35 мянган иргэнийг итгэл найдвар тээгээд шударгаар өрсөлдөж байх хойгуур комьпютерийн цаанаас нэг хакерчин мэдээллийг нь засаад сууж байж. Үүнийг АТГ илрүүллээ. АТГ-аас мэдээлснээр хэсэг хүмүүс иргэдээс мөнгө аваад, НОСК-ийн системд халдаж, гаднаас нь автоматаар нэр бүртгүүлсэн байна. Энэ бол ГГ-ийн мэдлэгтэй нэг нөхөр төрдөө итгэж данслуулсан, хуулиар баталгаажуулж өгсөн хувийн өгөгдөл, төрийн нууц мэдээллээр “тоглоод” сууж байдгийг харуулсан нэг л жишээ. Үүний цаана төрийн мэдээлэл хамгаалалтгүй болсныг нотлох барим тавим баримт олон бий.
Монголчуудын амьдрал сугалаанаас хамаараад удаж байна. Газар өмчлөх, хүүхдээ цэцэрлэгт өгөх, орон сууц түрээслэх, НӨАТ-ын буцаан олголтын хонжвор гээд амьдралын чухал хэрэгцээ бүгд сугалаагаар шийдэгддэг болсон. Гэтэл төрийн мэдээллийг хакердсан энэ удаагийн үйлдлээс харвал татварын мөнгийг сугалаагаар тарааж, балчир үрс цоожтой хаалганы цаана үлдэх, орон сууцанд амьдрах эсэхийг шийдсэн энэ бүх бодлого, шийдвэр хакерчдад боломж олгож, тоглоом шахуу болж таарлаа. Зүгээр л 1Т-ийн мэдлэгтэй нэг нөхөр төрийн бүх шийдвэр, шалгаруулалтыг дэлгэцний цаана зохицуулаад сууж байх жишээтэй. Магадгүй таны, миний хүүхэд цэцэрлэгийн сугалаанд шалгарч, газар өмчилж,НӨАТ-аас мөнгө хожсон ч оронд нь өнөөх хакер өөр хүн шургуулчихсан ч юм бил үү, яаж мэдэхэв. Нэг хэсэг нь энд азгүйтэж байхад компьютерийн мэдлэг дөнгүүр нэг нь хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, газар, орон сууцтай болж, сугалаа хожоод л ямар ч асуудалгүй амьдарч байх нь. Өнөөдөр яг л ийм нөхцөл байдал үүсээд байна.
Төр, хувийн хэвшил гэлтгүй технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, ажлаа амарчлахын тулд бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж байгаа нь сайн хэрэг. Гэтэл үүний цаана өнөөх л мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалт байна уу гэдэг асуудал давхар хөндөгдөж байна. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна. Хэсэг залуус нийлж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй их сургуулийн 12 оюутан сургуулийнхаа системд нэвтэрч тааруухан дүн авсан нэгнээ тэтгэлэгт хамруулсан, сайтын серверт хандаж хэдэн мянган ном хуулбарласан. Монголын томоохон худалдааны компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгаа нь Моншл төрийн мэдээлэл хакерчдын гарт буйн бас нэг баталгаа юм.
Хамгийн эмгэнэлтэй нь төрийн ой санамжийг хамгаалж байдаг Үндэсний дата төвийг гадаадаас хакердсаныг гадны сайтууд болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч хэлж байв. Төрийн онц чухал мэдээлэл, гурван сая иргэний хувийн өгөгдөл, гадаад, дотоодын байгууллагууцын мэдээллийг хадгалдаг Монголдоо хамгийн өндөр хамгаалалт бүхий дата төв хакердуулчихаад байхад мэдээллийн аюулгүй байдлын талаар төрийн байгууллагуудтай яриад ч нэмэргүй юм.
Тэгвэл мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтдаа төрийн байгууллагуудаас арай илүү мөнгө “хаядаг” нь арилжааны банкууд. Гэтэл хөдөөгийн дунд сургуулийн хоёр сурагч мэдээлэлзүйн тэнхимийнхээ компьютерээс багшийнхаа данснаас мөнгө шилжүүлээд авчээ. Хөдөөгийн дунд сургуулийн сурагчид хүртэл арилжааны банкуудыг “ашиглаж” байгаагаас харвал манай улсад төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр мэдээллийн аюулгүй байдал нойл зааж байна. Монгол Улс төр, иргэнийхээ мэдээллийг алдахад юу болохыг төсөөлөх аргагүй. Тиймээс цаг алдахгүйгээр мэдээллийн аюулгүй байдалдаа гар таталгүй мөнгө зарж, хамгаалалтаа сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч ирэв. Энэ байдлаар бол нэг л өдөр төрийн ой санамж харьд худалдагдаж, иргэдийн хурууны хээний тусламжтайгаар байршлыг нь мэдээлж, тагнаж, банк санхүү, бүртгэлийн чинь аюулгүй байдалд дур зоргоороо нэвтэрч, таны өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэх аргагүй юм. Цаас цахим болж технологи хөгжихийн хэрээр олон дэвшил гарч байгаа ч эргээд ноцгой эрсдэл дагуулж байгааг анхаарлын гадна үлдээж болшгүй нь.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.Уянга
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ