Дэлхий дахинд
Монгол яагаад Америкийг сонгож байна вэ?
ИЕВ. /DsNews/. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөнтэй Монгол Улс өнгөрсөн зууны туршид амаргүй замыг туулсан хэдий ч одоо эрс өөрчлөлтийн замдаа орж байна. Хятад, Оросын дундах хавчигдмал буюу эмзэг байдал нь өнөө цагт давуу тал болон хувирч эхэллээ.
Агуу эзэнт гүрнээс Хятадын муж болтлоо туулсан зам ба эргэн ирэлт
Орчин үеийн монголчуудын өвөг дээдэс нь Төв Азид МЭӨ ІІІ-I зууны үед амьдарч байсан хүннүчүүд гэж үздэг хэдий ч зарим түүхч үүн дээр санал нэгддэггүй. XIII зуунд Монголын газар нутагт суурьшсан нүүдэлчин овог аймгууд нэг гүрэн болон нэгдсэн юм. Овог аймгуудыг нэгтгэн, өөртөө дагуулах амаргүй үүргийг Чингис хаан гартаа авч чадсан билээ.
1206 онд Чингис хаан дэлхийн хуурай газрын 22 хувийг эзэлж, түүхэн дэх хамгийн том Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Гэсэн хэдий ч 60 жилийн дараа Монголын эзэнт гүрэн задран бутарч, улмаар 1691 онд Хятад улс Монголыг колоничилсон юм.
1911-1912 онд Чин гүрэн нуран унасны дараа Богд Жавзандамбаар удирдуулсан хэсэг бүлэг хүн тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Монгол Хятадын автономит улс байв. 1919 оноос монголчууд ЗХУ-ын тусламжтай Хятадын цэргүүдийг шахан гаргасан бөгөөд 1924 оны 11 дүгээр сард тусгаар тогтнолоо зарлан Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулж, нийслэл хотоо Улаанбаатар хэмээн нэрлэжээ. Энэхүү тусгаар тогтнол нь ЗХУ-ын нөмөр нөөлөгт орсон монголчуудад ямар ч нөлөөгүй байсан юм.
1921 оноос 1980-аад оны сүүлч хүртэл Монгол Улс ЗХУ-ын загварчлалаар хөгжиж, ЗХУ-тай нягт холбоотой байдаг нэг намын тогтолцоотой байсан. Орчин үеийн Монгол гэдэг нь нэгэн цагт Хятадыг байлдан дагуулж байсан эсвэл Хятадын нэр томьёонд ашиглагддагаар Ар Монгол гэгддэг улс юм гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.
1990 оноос эхлэн БНМАУ-д ЗХУ-ын адилаар өөрчлөн байгуулалтын үйл явц эхэлжээ. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдаж, нэг намын тогтолцоонд цэг тавьсан юм. Одоогоор Монгол Улс нь парламентын засаглалтай улс бөгөөд Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн гурван гол нам парламентад суудлын төлөө өрсөлддөг. 2016 оны парламентын сонгуулиар Монгол Ардын нам парламентад 65 суудал, Ардчилсан нам 9, Монгол Ардын Хувьсгалт нам 1 суудал авсан юм. Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч бол Ардчилсан намын гишүүн Халтмаагийн Баттулга.
Орчин үеийн Монголын тулгамдсан асуудлууд ба давуу талууд
Монгол Улсад тулгамдсан гол асуудлуудын нэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил сул дорой, мөн эрс тэс уур амьсгалтай (өвөл нь маш хүйтэн урт, зун богино), далайд гарцгүй. Түүнчлэн дэлхийн хамгийн хүн ам багатай орнуудын нэг болох тус улс нь нийт 3 сая гаруй хүн амтай бөгөөд тэдний тал орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг.
Байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс хүн амын нягтшил багатай. Монгол орны уур амьсгал үндсэндээ мал аж ахуй эрхлэх боломжийг олгодог. Мал сүрэг нь цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өргөн уудам бэлчээрээр нүүдэллэдэг хэдий ч зарим өвөл малын хорогдол 20-22 хувьд хүрдэг байна. Нутаг дэвсгэрийн дөрөвний гурвыг бэлчээр эзэлдэг бол үлдсэн хэсгийг говь цөл, ой мод, тун бага хувийг тариалангийн талбай эзэлдэг.
Өнөөдрийн байдлаар монголчуудын гуравны нэг орчим нь нүүдэлчин амьдралаар амьдарч байгаа бол үлдсэн хэсэг нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд хотын захын дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлж байна. Хэдхэн цагийн дотор барьж, буулгаж болдог Монгол гэрийг нүүрс түлдэг зуухаар халаадаг. Ганц эсвэл хэд хэдэн гэрийг ийм маягаар халаах нь асуудал биш. Харин ийм маягаар халаадаг хэдэн зуун мянган зуух, нүүрс түлдэг цахилгаан станц, хэдэн зуун мянган автомашины яндангаас гарах утаа униар нийлэх үед Улаанбаатар хотыг урт удаан, жихүүн салхитай өвлийн туршид өтгөн утаан манан бүрхдэг байна.
Гэсэн хэдий ч уур амьсгал нь Монголд тулгамдаад буй гол асуудал биш юм. Газарзүйн байрлал нь Монгол Улсыг маш хэцүү хоёр хөршийн дунд эвийг нь олж оршиход хүргэж байна. Хятад улс Монголыг хүчтэй байлдан дагуулагч хэмээн үзэж байсан хэдий ч энэ түүх удаан үргэлжлээгүй юм. Ар Монголтой нэгдэхийг эрмэлзэж байсан Өвөр Монгол эцэстээ Хятад руу орж, Хятадын мужуудын адил соёлд нь ууссан билээ. Өвөр Монголын нөхцөл байдлыг Шинжян Уйгурын Өөртөө Засах Оронтой харьцуулахад арай дээр хэдий ч Хятадын үндэсний нэгдмэл бодлогын үзэл баримтлалыг анзаарахгүй байхын аргагүй юм.
ЗХУ-ын хувьд 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд Орос улс шууд хариуцлага хүлээх үүрэгтэй. Тухайн үед хүн амын 5 орчим хувийг, тэр дундаа өндөр боловсролтой хүмүүсийг устгаж байсан юм. Оросын эрх баригчдын зааварчилгаагаар Монголчуудын соёлын уламжлалыг сүйтгэж, Чойбалсанг засгийн эрхэнд гаргахын тулд хэд хэдэн үндэсний удирдагчийг устгаж байсан юм.
Монголчууд ерөнхийдөө Оросоос илүү Хятадаас болгоомжилдог. Арьс өнгөөр ойролцоо хэдий ч угсаатан зүйн хувьд нэлээд ялгаатай, 1.3 тэрбум орчим хүн амтай Хятад улс 3 сая хүн амтай Монголыг өөртөө шингээж болзошгүй аюултай юм. Үүнд ямар ч түрэмгийлэл шаардлагагүй бөгөөд Монгол улс экспортынхоо 90 орчим хувийг Хятадад нийлүүлдэг бол бараа бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг Хятадаас импортолдог байна. Хятад улс одоогоор тус улсын хамгийн том хөрөнгө оруулагч юм. Түүнээс гадна Хятад улсад хүйсийн харьцаа тэгш бус, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд бага байдгийг авч үзвэл холимог гэрлэлтээр Монгол үндэстэн уусах аюултай байж болзошгүй. Синофобия буюу Хятадаас эмээх айдас, Хятадын эсрэг үзэл нь байгалиас заяасан өөрийгөө хамгаалах хариу үйлдэл байж болох юм.
Энэ нь залуучуудын өвөрмөц дэд соёлд Монголын үндсэрхэг үзлийн нэгэн содон илэрхийллийг бий болгожээ. Угсаатны цэвэр ариун байдлыг магтан дуулж, үндэстнээсээ урвагчдыг хараан зүхсэн “Хү”, “Цагаан Хас” зэрэг хамтлаг нь энэхүү соёлын нэгэн тод жишээ билээ. Гэсэн хэдий ч иймэрхүү үзэгдэл нь Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудаас үүдэн гарч байгаа үр дагавар юм. Орос, Хятадын аль нь вэ гэсэн хоёрдмол сонголтод асуудлын гол оршиж байна. Үүнтэй холбоотойгоор 1990-ээд оноос хойш гуравдагч түншийг олох шаардлагатай байгаа талаар яригдах болсон билээ.
Америкийн Трамп болон Монголын Трамп
Монголын Трамп гэгдэх Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн тэргүүний албан тушаалыг хашиж эхэлснээс хойш АНУ-тай ойртох үйл явцыг эрчимжүүлэх чиг шугамыг барих болсон. Өрнөд рүү эргэж, харилцаа холбоо тогтоох оролдлогыг Монгол Улс өмнө нь ч хийж байсан. Тодруулбал, 2003 оноос хойш Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн удирдлага дор Афганистан улсад Монголын 4500 гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний албан тушаалыг хаших болсноос хойш Монгол Улсын АНУ-тай дотносох хүчин чармайлт илүү эрчийг авч байна.
Ерөнхийдөө Вашингтоны зүгээс үүнийг сайшаалтайгаар хүлээн авч байгаа юм. Орос болон Хятадтай харилцаа хурцдаад буй энэ үед Монголын эрх баригчидтай дотносох нь АНУ-ын хувьд онцгой анхаарал татаж байгаа хэдий ч Монголын эдийн засагт АНУ-ыг чиглэсэн огцом өөрчлөлт одоогоор ажиглагдаагүй байна.
Ийм үйл явцад цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой биз. Хамтран ажиллах хамгийн магадлал өндөртэй салбар нь түүхий эд юм. Монгол Улс зэс, газрын ховор элементээр баялаг. Дэлхийн ховор элементийн нийт нөөцийн 17 хувийг хөрсөн дороо агуулдаг Монгол энэ үзүүлэлтээр дэлхийд Хятадын араас хоёрт жагсдаг байна. АНУ-ын газрын ховор элементийн монополь нийлүүлэгч нь үндсэндээ Хятад улс юм. Хятад, Америк таагүй харилцаатай байгаа билээ. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улстай худалдааны дайн эхлүүлснээс хойш хоёр улсын харилцаа тун эвгүй байгаа билээ. Монгол улс АНУ руу ноолуур татваргүй нийлүүлэх талаар ихээхэн яригдаж байгаа хэдий ч энэ нь экспортын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжоос илүү зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.
Тийнхүү АНУ, Монголын ойртон дотносох байдал нь одоохондоо дипломат, тунхгийн шинжтэй байна. Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн 7 дугаар сарын 31-нд Х.Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзаж, талууд Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан юм.
Тунхаглалд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих замаар хууль дээдлэх ёсонд тулгуурласан ардчиллын зарчмуудыг дэмжих зорилгоор хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүргийг тусгажээ. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж, морь бэлгэнд авсан юм.
Харилцаа тогтоох боломж энүүхэнд бөгөөд аль аль талдаа харилцаагаа хөгжүүлэх хувилбарууд их байж магадгүй юм. Гэсэн хэдий ч эдгээр хувилбар одоохондоо төслийн шатандаа ч ороогүй байгаа юм. Нөгөөтээгүүр, энэ нь 1990-ээд оноос хойш хийгдсэн эхний удаагийн оролдлого биш учир ойртон дотносох ийм таатай нөхцөл бүрдсэн нь энэ удаад үр дүнд хүргэж магадгүй л юм гэж Молдова улсын сэтгүүлч, философч Сергей Ильченкон бичсэнийг Украины “Деловая столица” цахим хуудаст нийтэлжээ. Сэтгүүлч Сергей Ильченко нь Молдова улсын ”Săptămână”, “Коммунист”, “Тусгаар тогтносон Молдова” зэрэг сониноос сэтгүүлчийн гараагаа эхлүүлж байжээ.