Хичээлийн шинэ жил эхлээд гурван долоо хоног болж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байна. Энэ нь өнөөх л сурах бичиг хэвлэх тендертэй холбоотой.
Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэхээр болсон. Санхүүжүүлэгч олон улсын байгууллага болох Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийг хүлээж байгаагаас сурах бичиг хэвлэх ажил эхлэлгүй удааширч байгааг салбар яамны мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.
“ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИЙН НЭРСИЙГ ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ”
Өнгөрөгч долдугаар сард салбар яамнаас сурах бичиг хэвлэх гурван ч тендер зарлаж, наймдугаар сард үнэлгээ хийж, найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой учраас санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж буйг албаныхан хэлсэн юм.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодруулахад “Азийн хөгжлийн банкнаас өөрийн тавьдаг шаардлагадаа нийцүүлэх үүднээс хоорондоо дахин хэлэлцэж, ярилцах зүйл олон гарч байна. Сурах бичиг хэвлэх тендерийг шалгаруулсан ч санхүүжүүлэгч байгууллага хянаж, шалгах ёстой. Тиймээс одоо Азийн хөгжлийн банкны зөвшөөрөл авах эрхийг хүлээж байна. Салбар яамны зүгээс Хичээлийн шинэ жил эхэлсэн учраас яаралтай сурах бичгээ хэвлэх хоног хугацааг нь наашлуулах боломж байна уу” гэдэг хүсэлтийг тавьж байна.
Энэ жил сурах бичиг хэвлэх гурван тендер зарласан. Хоёрыг нь наймдугаар сарын эхээр Азийн хөгжлийн банк руу явуулсан бол үлдсэн нэгийг нь наймдугаар сарын 19-нд хүлээн авч үнэлж, явуулсан. Одоогоор Азийн хөгжлийн банкнаас тендерийн шалгаруулалтыг хянаж байгаа учраас тендерт шалгарсан компанийн нэрсийг зарлах боломжгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хэвлэн нийлүүлэх ажлыг салбар яамнаас зохион байгуулж, энэ жилийн хувьд 1-12 дугаар ангийн нөхөн хангалтын бүх сурах бичгийг 3.6 тэрбум төгрөгөөр хэвлэн нийлүүлсэн. Сурагчдын тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдлыг тооцож, сурах бичгийг дахин хэвлэх шаардлага гардаг гэсэн үг” гэв.
ЕБС-УУДАД ИРЭХ АРАВДУГААР САРААС ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧИГ ТҮГЭЭНЭ
Өнгөрөгч гуравдугаар сард 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улиралд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг гаргасан.
Ингэхдээ бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг хэвээрээ. Мөн дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглана. Харин зөвхөн зах зээл дээрээс худалдан авдаг үлдсэн 60 хувь буюу 181 мянган сурагчид шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн хувьд ирэх аравдугаар сараас түрээсийн сурах бичгийг түгээх учраас багш нарын зүгээс сурагчдадаа онлайн сурах бичиг ашиглах зааварчилгааг өгч ажиллаж байна гэсэн юм.
Энэ асуудлаар өнгөрөгч наймдугаар сард тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулж, мэдээлэл авахад “Өнгөрсөн 2009 оноос эхлэн бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж ирсэн. Тухайн сургуулиас нь нийгмийн зорилтот бүлгийн сурагчдаа тодорхойлоод, сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж, үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг тогтолцоотой байсан. Сурах бичгийн үнэ 2009 оноос хойш 1200-5000 төгрөгийн үнэтэйгээр тогтвортой 10 жил боллоо. Магадгүй дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийн сурах бичгээ худалдан авах юм бол 50-60 мянган төгрөг болдог байсан. Сурах бичгийг зах зээл дээр худалдаалахаар номын бизнес эрхлэгчид үнэ нэмж, дамлан худалдах, сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэх олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Сурах бичиг зах зээл дээр үндсэн үнээрээ зарагдахгүй байгаа учраас эцэг, эхчүүдийг хүүхдэдээ сурах бичиг худалдан авах сонирхолгүй болгож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг аргачлал гарсан. Ер нь сурах бичгийн төлбөр тухайн сурах бичгийн үнийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл 1200 төгрөгийн сурах бичгийг номын сангаас авч ашиглахдаа 500 орчим төгрөг төлнө гэсэн үг. Яагаад 40 хувиас хэтрэхгүй төлбөр төлнө гэж тусгасан бэ гэхээр эхний жил сурагчид цоо шинэ сурах бичиг ашиглана. Тиймээс ирэх намар сурагчид арай 40 хувь хүрэхгүй 36 хувиар төлбөрийг тогтоох болов уу. Хоёр дахь жил нь сурах бичгээ ашиглах зардал буурна. Дараа жилээс нь буураад, дөрөв дэх жилээс 20 хувь хүрч, ашигласан хугацаанаасаа хамаарч төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тогтоно” гэдгийг хэлж байв.
СУРАХ БИЧГИЙН ТЕНДЕРТ 4-5 КОМПАНИ ТОГТМОЛ ШАЛГАРДАГ
Өнгөрсөн жил сурах бичгийн тендерийн маргаан сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх асуудал гарч байсан. Үүний найм нь XII ангийнх, гурав нь тусгай хэрэгцээт боловсролынх, багшийн нэг сурах бичиг, үлдсэн нь VI, VII ангийн уран зохиол, монгол хэл, бичгийн ном байсан. Эдгээр сурах бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр оройтож хэвлээд сургуулиудад хүргүүлсэн талаар албаныхан хэлсэн юм. Гэтэл энэ жилээс эхлэн сурагчдад түрээслүүлэх сурах бичгийн тендер бас л сунжирч, хэзээ сурагчдын гарт очих нь тодорхойгүй байсаар байна.
Сурах бичгийн тендерт жил бүр 10 орчим компани өрсөлддөгөөс 4-5 компани нь тогтмол тендер авч, ажил гүйцэтгэдэг ажээ. Жишээлбэл, “Содпресс”, “Эдмаркет”, “Адмон принт”, “Битпресс”, “Сэлэнгэ пресс”, “Тэнгэрлэг үсэг”, “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг” компани гэх мэт. Эдгээрээс тендерийн шаардлагыг бүрэн гүйцэт хангасан, хамгийн бага үнийн санал өгсөн компанийг нь салбар яам шалгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Тэрнээс биш ганц нэг том компанид сайн дураараа тендер өгсөн зүйл байхгүй гэдгийг мэргэжилтэн хэлж байлаа.