Нийгэм
Сургуулийн барилга булаацалдах зуур сурагчид ОУ-д зэрэг явагддаг шалгалтаа өгч чадахгүйд хүрэх нь

Манай улсын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь цэцэрлэг, сургуулийн барилга. Ирэх онд сонгууль явагдах гэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэ цаг үетэй уралдаж улс төрчид ажлаа үнэлүүлэхээр зэхэж буй.
Гэтэл улс төрчид сонгуулийн амлалтаараа хамгийн түрүүнд цэцэрлэг, сургуулийн хичээлийн байртай болгож хүүхдүүдийг сурах эрхээр нь хангаж өгнө хэмээн амладаг. Тэгвэл өнөөдөр энэхүү амлалтаа биелүүлэх нэрээр нэг сургуулийг нь байрнаас нь хөөж байгаа нь өнөөгийн төрийн эмгэнэл болоод байна. У
чрыг тодруулбал, Олон улсын Кембрижийн сургалттай Монгол тэмүүлэл сургууль одоогоос хоёр жилийн өмнө хичээлийн байртай болжээ. Харин 133-р сургуулийн хичээлийн байрыг барих газрын асуудал энэ оны тавдугаар сарыг хүртэл шийдэгдээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол тэмүүлэл сургууль нь 133-р сургуулийн газар дээр боссон гэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 м.кв газрыг Олимп хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК-ийнхан өөрийн эзэмшлийн талбайг хууль бусаар авлаа гэж шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд орсон байна. Ингээд газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүднээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн эзэмшлийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг га газар авахыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү зөвшөөрчээ. Ийнхүү хотын даргын захирамж гарч 133-р сургуулийн хичээлийн байрыг барих газартай болсон юм.

Тэгвэл гурван сарын өмнө шийдэгдсэн энэ асуудал дахин сөхөгдөж, Монгол тэмүүлэл сургуулийг байрнаасаа гарч түрээсийн байранд ор гэжээ. Оронд нь 133-р сургуулийг оруулахаар шийдэж байгаа талаар эцэг эхчүүд эсэргүүцэн олон нийтэд мэдээлэв.
Г.Эрдэнэбилэг “Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулийн тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд төрийн өмчийн Монгол тэмүүлэл сургуулийг анх байгуулсан. Монголд олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургууль байдгийн нэг нь Монгол тэмүүлэл юм. Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, 2017 онд ашиглалтад орсон. Гэтэл сүүлийн үед улстөрчдийн сонгуулийн шоуны золиос болж, зориулалтын байраа алдах төдийгүй Кембрижийн сургалтын эрхээ алдах ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ Монгол тэмүүлэл сургууль стандарт, шаардлага хангасан зориулалтын байргүй л бол эрхээ алдана.
БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол тэмүүлэл сургуулийн 1, 2-р давхарт 133-р сургуулийн зарим бүлгийг түр хугацаанд байршуулж байсан юм. Хамт нэг байранд хичээллээд хоёр жил болж байгаа. Одоогоос гурван сарын өмнө төр засгийн удирдлагууд ирж танилцаад 133-р сургуулийн барилгыг барих шинэ газар олгож, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Одоо тус сургуулийн барилгын ажил 2 дахь давхартаа явагдаж байна. Гэтэл гурван сарын дараа Монголын төр засаг энэхүү шийдвэрээсээ гэнэт буцаж, Монгол тэмүүлэл сургуулийг байрнаасаа гар, түрээсийн байранд ор гэж шаардаж байгаад эцэг эх, багш, сурагчид бид харамсаж байна. Монгол төрийн боловсролын бодлого макет шиг байж болохгүй” гэв.

Дэлхийн 195 оронд 10 мянга гаруй сургуульд Кембрижийн сургалт хэрэгжиж байгаа. Тухайн улсын үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг давуу талтай аж. 2011 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан байдаг. Монгол улсынхаа бүрэн дунд гэрчилгээг болон ОУ-ын Кембрижийн сургалтынхаа гэрчилгээг авч төгсдөг юм. Олон улсын хөтөлбөр нь үндэснийхээ сургалтыг олон улсын түвшинд үнэлүүлэх боломж нь өргөгдөж өгдөг ажээ. Ингэснээрээ дэлхийн топ сургуулиудад суралцах эрхтэй болдог.
Уг олон улсын хөтөлбөр нь өмнө нь огт байгаагүй зүйл биш бөгөөд 1985 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль гэж байгуулагдаж байжээ. Тухайн үедээ 18 аймаг, 3 хотуудаар багш нар явж 1-2 хүүхэд шалгаруулан гоц авьяастай гэсэн хүүхдүүдийг сурган төгссөн. Эдгээр төгссөн 200 гаруй хүүхдүүд бүгд 95 хувь нь монгол улсынхаа хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмрийг оруулж яваа. Яагаад ардын хүүхдүүд олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцаж болохгүй гэж. Мөнгөтэй боломжтой дарга нарын хүүхдүүд төлбөртэй сургуульд сурч байна. Бид нар түрээсийн байранд шилжиж болно. Бидний эмзэглэж байгаа асуудал нь нэгдүгээрт, багш хөгжлийн асуудал зогссон. Хоёрдугаарт манай сургуулийн байр нь тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Дэлхийн 10 мянга гаруй орны сая сая хүүхдүүд зэрэг шалгалтаа өгдөг. Аравдугаар сард 198 хүүхэд манай сургууль дээр шалгалт өгнө. Ахлах сургуульд суралцаж байгаа бусад сургуулийн хүүхдүүд өгнө. Эдгээр хүүхдүүд материалаа 6 сарын өмнө явуулдаг. Зөвхөн стандарт байранд шалгалтаа өгдөг хэмээн Энхцэцэг онцолсон юм.
Монгол тэмүүлэл сургууль бүтэн долоон жил хичээлийн байртай болохоор хүлээсээр 2017 онд барилгатай болжээ. Гэтэл өнөөдөр ийнхүү тусгай зориулалтаар улсын төсвөөр баригдсан сургуулийн байраа улс төрчдийн шоуны балгаар алдаад зогсохгүй ирэх аравдугаар сард болох ОУ-ын шалгалтаа олон мянган хүүхдүүд өгч чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсээд байгаа нь харамсалтай.
БСШСУЯ улсдаа гуравхан байгаа ОУ-ын Кембрижийн сургалттай сургуулийн сурагчдаа хохироохгүй байвал эцэг, эхчүүд ийн санаагаа чилээхгүй биз ээ.

Нийгэм
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.
Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.
Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.
Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.
Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.
Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.
Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ