Бусад
Ард түмэн 500 төгрөгөөр 200 автобусыг “унтраав”

Энэ өдрийн мэнд хүргэе. Автобусны хаалгаар чихцэлдэн дайрч, урагш тэмүүлсэн олны цуцашгүй хүсэлтэй өглөөг угтлаа. Нэг л зүүгдсэн бол хэн нь ч гараа тавиад гэдрэг эргэдэггүй нь ард түмнийг минь улам ч тэмүүлэл дүүрэн харагдуулна. Тэрнээс үүдэн “Ёоо ёоо үс”, “Наад хөлөө аваач”, “Амнаас чинь эвгүй үнэр үнэртээд байна. Холхон амьсгалаач” зэргээр хэдэр ёдор гэж хэн хэнийгээ “ад үзэцгээнэ”. Тэгж байтал түрүүчээс хойш тэвчээртэй хүлээж зогссон автобусны жолооч аргаа барсан хоолойгоор “Багтахгүй ээ” гэж чангахан орилвол орох гээд зүтгээд л байна манай ард түмэн. Зогсоод л байвал чихээд л байх тул жолооч зугтах шахам хөдөлнө. Зүүнсалаа-МУБИС чиглэлийн автобус өглөө бүхэн л ийм.
Жолоочийн хажууд зогсож явтал “Ард түмэн нь автобусандаа багтахгүй байхад цаана нь 10-аад автобус сул зогсож л байна” гэж тэр хэнд ч юм цухалдав. Жолоочийн энэ үг сонирхол татаж
– Яагаад ах аа? гэж намайг асуувал нэг их сүрхий ажигласнаа
– Яах юу байдаг юм. Улсын л хийж байгаа ажил шт.
– Улс гэхээр? Нийслэл үү?
– Улс маань алдагдалд орлоо гээд манай баазын 10-аад автобусыг албаар үйлчилгээнд гаргахгүй байгаа. Тэгээд л ард түмэн нь энд автобусандаа багтахгүй байна шт. Хаа хаанаа жаахан амьдралтай шийдвэр гаргаж баймаар юм.
Ахын эл яриаг сонсоод нээрэн өмнө нь арай ч ингэж чихцэлддэггүй байсан шиг санагдав. Автобуснаас буугаад жолоочийн яриа бүр бодогдоод болохгүй тул асууж лавлахаар хэдэн газрын хаалга татлаа.
Нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна.
НИТХ-ын шийдвэрээр 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зардлын санхүүжилт буюу төсвөөс татвар төлөгчдийн төлсөн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг автобус компаниудад олгодог болсон.
Тэр цагаас хойш автобус компаниудад өдөр тутмын шугамын орлого хэд байх нь хамаагүй болж орлого төвлөрүүлэх ажил зөвхөн нийслэлийн захиргааны байгууллагын асуудал болсон гэж хэлж болно.
Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг байна. Нийт орлогыг бүтцээр нь авч үзвэл 44.5 хувь нь машин/цагийн системээр олгосон зөрүү санхүүжилт, 22.7 хувь нь үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговор, 32.8 хувь нь нийтийн тээвэр эрхлэгч байгууллагуудын шугамын орлого байгаа юм.
Гэтэл иргэд бэлэн 500 төгрөгөө жолоочийн халаас руу шургуулсаар байгаа нь шугамын орлого өдрөөс өдөрт унаж төсвөөс гарах зардал өдрөөс өдөрт нэмэгдэхэд хүргэжээ. Улмаар “Санхүүжилт муу, хүрэхгүй” гэсэн шалтгаанаар 200 гаруй автобус шугаманд гарахгүй сул зогсч байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл иргэд, зорчигчид картаа уншуулалгүй, жолоочид бэлэн мөнгө өгч явсаар байгаа нь картнаас автобус компанид орох ёстой орлогыг бууруулж, тэр нь даамжирсаар 200 автобусанд өгөх зардалгүй болж шугаманд гаргалгүй зогсооход хүргэсэн гэнэ.
Яахав, 500 төгрөг бол нэг их мөнгө биш л дээ. Гэхдээ жилээр тооцож үзвэл иргэдийн хэтэвчнээс жолоочийн халаас руу орж байгаа таван зуутын дэвсгэртүүдийг нийлүүлбэл 10 гаруй тэрбум төгрөгийн хэмжээнд асуудал яригдах юм байна.
Иргэн Б нэг халааснаасаа 500 төгрөг гаргаж жолоочид өгөөд нөгөө халааснаасаа татварт төлсөн мөнгөө автобус баазуудад өгөөд нийтдээ 1000 төгрөгийн зардал гаргасаар байгаа. Тэгсэн хэр нь автобусанд өмнөхөөсөө ч илүү чихцэлдсээр яваа гэдгийг албаны хүн тайлбарлаж байна.
Харин албаны хүний үгийг бүр ойлгомжтойгоор тайлбарлавал Нийслэлээс гарах зардал=Картын орлого+Нөхөн олговор (Ахмад, ХБИ, Оюутан…)+ Дутсан орлого. Гэтэл тогтмол картаар зорчиж байгаа иргэдийн мөнгө буюу картаар дамжин улсад орж буй мөнгө энэ бүх зардлыг төлөхөд хаанаа ч хүрдэггүй аж.
Одоо тэгэхээр амьсгал давхцтал чихцэлдэхгүй явахын тулд автобусны картаа цаг ямагт цэнэглэж ухаалаг төхөөрөмжинд уншуулж хэвшвэл төсвийн мөнгөнд хэмнэлттэй төдийгүй таны ая тухтай зорчих нөхцөл сайжрах юм байна.
Хотын төвд байрлах “U money” гэсэн таних тэмдэг бүхий ТҮЦ-нүүд хэзээд үүдийг нь татахад нээлттэй байх нь сайхан. Гэтэл Баянхошуунаас, Баруунсалаанаас автобусны картаа цэнэглүүлээд сууя гэхээр дээрх таних тэмдэгтэй ТҮЦ, дэлгүүр тун ховор байх бөгөөд байгаа хэдийнх нь үүд цоожтой байх нь хэцүү.
Үүнд бас хариулт хайлаа. Нийслэлд карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Асуудалгүй амьдрал ч гэж юу байхав. Хотын төвөөс картаа “дүүртэл” цэнэглүүлээд харьж болно л доо. Бас Хаан болон Голомт банкны хамтарсан карт, Мобиком, Скайтел, Юнител-ийн NFC сим гээд цахимаар цэнэглээд ашиглаад байх арга зам ч байна.
Ерөөс автобусаар ажил, хичээлдээ зорьдог хэдүүлээд хоёр сонголт байна.
Нэг нь, карт авахаас, картаа цэнэглүүлэхээс төвөгшөөж бэлэн мөнгөө жолоочид өгөөд цөөхөн хэдэн автобусанд чихцэлдэж явах
Нөгөө нь алгын чинээхэн карт аваад түүнийгээ хугацаанд нь цэнэглээд нийтийн тээврээр зорчиж хэвших
Болохгүй юм байхгүй. Болно доо, тийм ээ?. Бухимдал стресс үгүй хайр дүүрэн мэдрэмж тээсээр эргэн уулзъя

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ