Connect with us

Нийгэм

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЙКОТООС эмээх шалтгаан буюу БУРХАНЧЛАЛААС АНГИД…!

Нийтэлсэн

-

-Ерөнхийлөгч өө, Монгол Улс таны хувьчлалаар эзэмшсэн “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал чинь биш шүү. Бизнесийн шуналаа улс төрөөс татна уу-

Төгс ардчиллын загварыг эрж хайсаар төөрч будилж суугаа монголчууд та бидний итгэл алдарсан сэтгэхүй зарим нэг ойрын бодолтой, холын шуналтай улстөрчийн хувьд олз ашиг мэт санагдах болсоор удлаа. Тэр хэрээр 30 жилийг ардаа орхисон Монголын ардчилалд талархал илэрхийлмээр санагдах нь угтаа бол өөрчлөлт шинэчлэлтийн аз завшаан юм. Тэр дундаа, хаан болох хүсэл хийгээд хязгааргүй эрх мэдлийн төлөөх тэмүүлэлдээ шатаж, шархалж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эрх ашгийг Монгол Улс цаашид хангаж дийлэх үү, цатгаж хүчрэх үү, ер нь тэр хүн цадах уу гэж бодвол аймшигтай төсөөлөл тархинд буух нь ч бий. Учир нь, тэрбээр Үндсэн хуулиар бэлгэ тэмдгийн хэмээн тодорхойлогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өдгөө хаан болоод хаанчлалын гишгүүр болон ашиглахаар шийдсэн нь нэгэнт ил боллоо. Энэхүү хүсэл мөрөөдөл, хувь хүний эрх мэдлийн шунал хүслээ хангах, цатгахын тулд “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг ард нийтийн санал асуулгаар асуу гэдэг шаардлагыг УИХ-д энэ сарын 9-ний өдөр тавьсан. Өдгөө УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, ЖДҮ-гээс эхлээд олон хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдээс бүрдэж буй парламентыг тэрбээр энэ шаардлагаараа жинхэнэ утгаараа хүчирхийлэхээр шийдэж. Яг л ёс бус бэлгийн дарамт, ёс бусаар хүсэл таашаалаа хангахаар улайрсан хүчирхийлэгч мэт. Энэ нь бусдын шархан дээр давс цацаж, таашаал авахтай нэгэн адил үйлдэл. Тэр дундаа ардчилсан улс орны Ерөнхийлөгчөөс ийм санал гарч, үүнийгээ тулгаж санаснаар нь болохгүйг мэдэхтэй зэрэгцэн “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа” хэмээн зарлаж ч байх шиг. Энэхүү огцом чанга мэдэгдлээтэйгээ зэрэгцэн Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийхээр аян замд гарч, хоёр алгаа хавсран бурханчлан залбирч буйг нь харахаар төгс хувирал гэдэг энэ байх хэмээн эгдүүцэн эсэргүүцмээр. Харин энэ хооронд нь нохдын дунд мах хаяж өгөх дайны бужигнаан Монголын улс төрд өрнөж байх жишээний. Ерөнхийлөгчийн саналд дагаар мордох уу, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэсэн асуултын дунд яг үнэндээ улстөрчид талцаж,  зөрчилдөх нэг шалтгаан нэмэгдчихлээ. Саяхан л “Парламентын засаглалаа хамгаална” хэмээж байсан улстөрчид “Яагаад засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж болохгүй гэж” гэчихсэн хээвнэг хэвлэлээр хэрэлдэж байна. Ерөнхийлөгчийн гарт зангидагдсан хууль, шүүхээс тэд айсандаа ийн чичирхийлж байна. Албан ёсны төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхий прокурорыг утсан хүүхэлдэй шиг дагуулж явдаг Ерөнхийлөгчтэй учраас тэд айж байна. Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын хууль хяналтын байгууллагын бодлого, шинэчлэлийг олон улсад зарлаж, “Шударга ёсыг тогтооно” гэж эмээхгүй, ичихгүйгээр хэлсэн, зарласан учраас улстөрчид Ерөнхийлөгчөөс айгаад байгаа юм. Тэр улстөрчдийг айлгахын тулд төрийн дэг жаяг, давж гишгэж болохгүй хууль хяналтын байгууллагын удирдлагыг тэжээвэр гөлөг шиг араасаа хөтлөөд АНУ-руу дагуулж явсан нь лавтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлгах тактик ганц энэ биш юм. Тэрбээр дөрвөн жил Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийхдээ ч, хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа ч ийм л байсан. Түүний тэрхүү үеийнх нь эрх мэдлээс үлдсэн эерэг шинэчлэл гэж Монголд байхгүй. Харин өөрийнх нь гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр бол харин өргөжиж тэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Барилгын салбарт ч гал голомтоо бадрааж, өргөжүүлж, тэлж чадсан. Наанаа хэлсэн шударга ёсоо цаашаа хараад мартдаг, Сайншандын аж үйлдвэрийн парк,  280 сая ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт нь золиос болж шалгагдсан цөөнгүй залуусаа тэр хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөс “хулгайл”-аад аваад үлдчихсэн. Монгол Улс Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж суухдаа хүртэл дээрх төмөр замын төслийн зөвлөх асан, хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байсан Ч.Ганбат гэх залуугийн тухай “Би Ч.Ганбатыг Монголд битгий ир” гэж хэлсэн гээд зурагтаар ярьж байх жишээний. Мөн л өөртэй нь холбоотой асуудлаар шалгагдаж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь өдгөө хоригдох бүү хэл суллагдчихаад “Таван нүдэн” брэнд гэгчийг гаргаад бизнес хийсэн шигээ эрх чөлөөтэй алхаж байна.  Ч.Ганбатын хамт шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь ч эрх чөлөөтэй хэвээр. Учир нь, Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн дээрх хэрэг замхарч, Өмнөд Солонгосын түншлэгч компани нь хариуцлага үүрсэн болоод хэрэг хаагдсан. Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр 2013 онд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 23 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Дорноговь аймагт 7000 хүний ажлын байр бий болгоно гэж зарласан ч өнөөдөр шороонд булагдсан цэвэр, бохир усны хоолой, хэн ч явдаггүй хэрэглээгүй болсон зам л үлдсэн. Тэрхүү аж үйлдвэрийн паркад ажилд орох хүсэлтэй дорноговьчуудын нүүдлийн жим өдгөө мартагдаж үлдсэн. Тэд нүүсэн, харин аж үйлдвэрийн паркийн ажил зогссон. Гэхдээ мөнгө нь дууссан. Харамсалтай нь, энэ бол олны мэдэх хоёрхон л жишээ. Нүдэн дээр мөнгөний тооцоо нь дууссан ч ажил нь эцэслэгдээгүй хамгийн дуулиантай төслүүд. Ийм хүн өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон та бидний алдагдсан эрх ашгийг хамгаалах нэрээр өөрийнхөө хүсэл сонирхлыг хаанчлахаар улайрсаар хоёр жилийг ардаа үдлээ. Дахиад хоёр жил, магадгүй улиран сонгогдлоо гэхэд нэмээд дөрвөн жил, хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглаж амжилттай улс төр хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд бүх насаараа та бидний эрх чөлөөг төрийн нэрээр булааж, хулгайлж, өөртөө хувьчилж авах боломжтой болно. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуух нь бүү хэл үг унагахгүй болтол нь эсэргүүцэх ёстой юм.

Үүний тулд ердөө өнгөрсөн хоёр сарын турш болж өнгөрсөн мэдээллийн түүврийг эргэн харцгаая. Учир нь, тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн фанат, харилцан зөвшилцөгч нь байсан. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, зангидан нэгэн багц хууль болгохоор өөрийн зүгээс хангалттай олон заалт бүхий төслөө өргөн барьсан. МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлсэн. Тэр ч бүү хэл энэ дагуудаа  Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Энэ бол ердөө нэг сарын өмнөх шийдвэр. Гэтэл гэнэт Зөвшилцлийн ажлын хэсгээс гарах шийдвэр гаргасан. Үүнийгээ мөн л “Шударга бус өөрчлөлттэй санал нийлэхгүй” гэдгээр тайлбарласан. Уг гоё үгнийхээ цаана жинхэнэ утгаараа “Би хаан болмоор байна. Намайг хаан болгоод өг” гэдэг тулгалтыг хийсэн. Түүнийг хаан болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхийг асуух ёстой ард нийтийн санал асуулгын дундуур “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт оруулах ёстой юм гэнэ ээ. Гэтэл УИХ ч, МАН ч энэ асуултыг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэхтэй зэрэгцэн дээр хориг тавьчихаж байгаа юм. Мэдээж хориг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосны төлбөрийг монголчууд засаглалаараа эрх чөлөөгөөрөө төлж болохгүй. Бүр яаасан ч болохгүй. Үүндээ тулах юм бол жинхэнэ утгаараа Ерөнхийлөгчийн албанаас нь харин огцруулахын тулд үзэл санаа үнэт зүйлээ нэгтгэх ёстой. Яагаад гэхээр тэрбээр хэзээ ч улстөрч байгаагүй. Зөвхөн бизнесмэн л байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн хамгийн их хожсон монгол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр үнэ цэнтэй үйлдвэр,зочид буудлыг өөрийн болгосон. Тэр хөрөнгөтөн болж чадсан. Харамсалтай нь, тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө монголчуудад өртэй бус харин өөрт нь Монгол Улс өртэй мэтээр бодож сэтгэж яваа. Угтаа бол Монгол Улс түүний хувьчлалаар авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал нь биш юм. Бүр цаашилбал ард түмний хандив тусламжийг авч босгосон Чингисийн хөшөө, одоо босгох гээд байгаа Майдар цогцолбор нь ч бүр биш юм. Монгол Улс бол гурван сая гаруй хүний эрх ашиг, амь амьдралын үнэ цэн, хүсэл тэмүүллээр бичигдэх ёстой тусгаар тогносон ардчилсан улс орон. Ийм байхад УИХ-ын нуран унаж буй нэр хүндээр барьцаалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлуулахын төлөө Монголоо барьцаалахаа болино уу, Ерөнхийлөгч өө. Бизнесийн шуналаа улс төрөөс татаж, Үндсэн хуулийн олгогдсон бэлгэ тэмдэг байх ёстой албан үүргийнхээ буулганд захирагдаж ажиллахыг хүсье. Чихэр өгөхгүй бол нулимсаараа айлгаж аав ээжийгээ дарладаг айлын эрх хүүхэд шиг аашлахаа больчих. Монголын ардчиллаас олж авсан хувь хүнийхээ эдийн засгийн эрх чөлөөндөө баярла. Хэн хүний хүсээд ч олж авч чадахгүй эдийн засгийн эрх чөлөөг танд олгосон Монголын ардчилалд таларх. Эс бөгөөс нийгмийн зөрчил хагарал таны атгаг санаанд зангидагдаж, задрахад бэлэн болчихлоо. Харамсалтай нь, энэ дунд төрийн хамгаалалтад багтсан та тайван үлдэж, харин жирийн иргэд амьд золиос болж амьдралаараа хохирно. Долоон сарын 1-нд дарга нар зугтаж, харин шударга бус улстөрчдийн шударга ёсны урианд итгэж хөөрсөн залуус эндэж, алдаж хоцорсон байдаг юм. Иймд ганц удаа Үндэсний эв нэгдлийн тэргүүн гэдэг энэ том хүндлэлд эзэн болчих.

Үгүй ядах нь ээ, ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн улс орнуудаас ямар дарангуйлагчид төрж, яаж улсаа сүйтгэж байгааг олж уншихыг бод. Хавь ойрын тань хөгжөөн дэмжигчид нүдийг тань хаасан байж магадгүй юм. Иймд танд тус болох үүднээс цөөн ч болов хэдэн жишээг үргэлжлүүлэн тоочин дурдая. Алдаа гаргахаас тань сэргийлсэндээ шүү.

“Ялагч бүгдийг авна” гэдэг ганц зарчим ерөнхийлөгчийн засаглалд үйлчилдгийн дээр нэг хүний алдаа нийт улс орны алдаа эндэгдэл болон буудгаараа харгис хатуу авторитар дэглэмийг үүсгэсэн байх нь элбэг. Жишээ нь, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Азербайжан зэрэг улс орныг хар. Үл буулгах, үл өөрчлөх гэдэг эрх мэдлийн зарчим үйлчилдэг эдгээр улс орны Ерөнхийлөгчид өнгөрсөн 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж буй. Тэр хэрээр, авлига хээл хахуул, эрх мэдлийн төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн алдаатай бодлого ноёлж, иргэдийн хяналт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэгч нь байхгүй болчихсон. Мөн тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан энэхүү эрх мэдлээ олж авсан байх бөгөөд Албанийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулан өөртөө хэмжээгүй эрх мэдлийг олж авсан байдаг. Армен улс ч мөн ялгаагүй. Эцэг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нь өөрт ашигтайгаар хувиргаж дөнгөсөн. Кыргизстанд хууль тогтоох засаглал гэж байгаа ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чаддаггүй тийм л сул дорой парламенттай болчихсон. Хэрэв бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ял авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хаанчилсан он жилүүдийнхээ төлөөсөнд эрх чөлөө, эд хөрөнгөө хураалгасан дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын тухай мэдээ мэдээллийг сөхөж үз. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жилийн хорих ял, Бразилийн Ерөнхийлөгч асан Луйс ИнасиоЛула ДаСилва 10 жил, Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав долоон жил, Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил, Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 25 жилийн хорих ял авсан гээд Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлсэн улс орнуудын удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн эдэлснийхээ төлбөрийг хэрхэн төлж байгааг хар, унш, судла. Тэгээд өөрийнхөө алхах гишгэгдэл, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн шуналаа хязгаарла, Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгчийн дутуу хагас эрх мэдэлд хэрхэн дарангуйлж байгааг тань харах тусам эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монголын ард түмэн тантай хариуцлага тооцно гэдэгт улам бүр итгэж байна. Учир нь, монголчууд бол эрх чөлөөний мэдрэмжээрээ нэг хүнийг тахин шүтэх бурханчлалаас ангид үнэт зүйлтэй ард түмэн юм шүү. Тэд таныг өөрийн шунал хүслийн төлөө арга саам ашиглаж бойкотлох тусам тэд, бид эсэргүүцэх болно. Учир нь, эрх чөлөөний мэдрэмж хэзээд бурханчлалаас, хувь улстөрчийг тахин шүтэх хандлагаас ангид байдаг нь өөрөө гайхмаар том давуу тал юм, Ерөнхийлөгч өө.

Л.ПҮРЭВ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.

Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.

Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.

Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.

Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.

Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.

Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.

Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.

“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.

Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.

Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,

  • UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
  • Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
  • Гар утсаараа цэнэглэх,
  • Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.

UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:

Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын  албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр10 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг10 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм11 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм13 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм13 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм15 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм15 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр15 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм15 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг15 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр16 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм16 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр16 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр5 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим