Нийгэм
Б.Оюунсанаа: Монгол улс ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн суурь түвшний тооцооллыг хийсэн
БОАЖ-ын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.
-ОЙН ТҮЙМЭР, ОЙН ХОРТОН ШАВЖ БОЛОН ХУУЛЬ БУС МОД БЭЛТГЭЛ
МОНГОЛ ОРНЫ ОЙГ ХОМСДОЛ ДОРОЙТОЛД ХҮРГЭДЭГ-
–Монгол орны хэмжээнд ойжуулалтын тал дээр ямар бодлого баримталж, ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Манай оронд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврууд бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэйгээр явагдаж байна.Эх газрын хуурай уур амьсгалтай, газар нутгийн ихэнх нь далайн түвшнээс өндөрт оршдгийн хувьд, аливаа өөрчлөлтөд өртөмтгий экосистем зонхилдог. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа учраас ойг нөхөн сэргээх тал дээр шинэ технологиуд нэвтрүүлж байгаа. Учир нь 1960-70 оны үеийнбайгаль, цаг уурын нөхцөл байдал өнөөдөр маш өөр болсон. Үүнийгээ дагаад тухайн үеийн ойжуулалтын арга, зүй технологийг ашиглах учир дутагдалтай болж байгаа юм. Ер нь “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого” –д ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж ойгоор бүрхэгдсэн талбайг 9,0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан байдаг. Энэ бол маш том зорилт учраас ойжуулалтын ажлын чанарыг дээшлүүлж, талбайн хэмжээг эрс нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэ засгийн газрын үед бид мод тариад орхих биш тарьсан модоо ургуулж, амьдруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл ойжуулалтын ажлын чанарыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч байна.
Бид 2013-2017 онуудад хийгдсэн ойжуулалт ойг нөхөн сэргээх ажил дээр хөндлөнгийн хяналт, мониторинг хийлгэж байна. Мөн ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлын өнөөгийн байдлыг дүгнэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор орон нутагт бүсчилсэн хэлэлцүүлгүүдийг хийж байна. Арванхоёрдугаар сарын эхээр ойн аж ахуйн чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс, ойн анги нөхөрлөлүүдийг оролцуулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна. Энэ үеэр ойжуулалтын ажлын норматив, стандартыг шинэчлэн тогтоох зэрэг өргөн хүрээнд ярилцаж шийдлээ гаргана. Ингэснээр энэ ондоо ойжуулалтын стандартыг дахин шинэчлэх боломж бүрдэх юм. Улмаар ойжуулалт, мод үржүүлгийн газрын техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлүүлэх, ойжуулалтын ажилд иргэдийн оролцоог эрчимжүүлэх, ойн мэргэжлийн байгууллагын мэргэжлийн болон техникийн чадавхийг дээшлүүлэх, зэрэгт чиглэсэн тодорхой арга хэмжээг бодлогын болон зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Говь, хээрийн бүсийг ойжуулах үндэсний Ногоон хэрэм хөтөлбөр үргэлжилж байгаа. Энэхүү ажлыг дэмжих зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийн хэрэгжүүлж говь, хээрийн бүсийг ойжуулах ажлыг 10 гаруй жилийн хугацаанд хийж байна. Энэхүү хамтарсан ажлыг Монгол улсын засгийн газар хүлээн авч цаашид үргэлжлүүлэн авч явах юм.
-Хөгжингүй орнуудаас ойн салбарын санхүүжилтийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийн үр дүнд юу хийгдэж байгаа вэ?
-Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, улмаар UN-REDD (Ойн хомсдол доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөр) хөтөлбөрийн түнш орон болж, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлж, тайлагнах үүргийн хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Монгол орны шилмүүст, навчит ойг бүрэн хамарсан Олон зорилтот үндэсний ойн тооллогын ажлыг анх удаа зохион байгуулав. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс арга зүйг боловсруулах, чадавхийг бэхжүүлэх, тооллогын эх мэдээнд дүн шинжилгээ хийх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж, ойн тооллогын эх мэдээ цуглуулах хээрийн хэмжилт, судалгааны ажлыг ойн мэргэжлийн байгууллагын 22 баг, тооллого хийсэн багуудын хээрийн хэмжилтийн чанарыг үнэлэх, баталгаажуулах давтан тооллогын ажлыг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн нийт 5 баг гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг хийснээр олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж, ажилд оролцсон мэргэжилтнүүд, судлаачид ойн бүртгэл тооллогын орчин үеийн аргазүй, багаж тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг, мэдээллээр хангагдаж, мэргэжлийн чадавхи дээшилж байна.
Түүнчлэн Монгол улс ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн хэмжээ (Ойн суурь түвшин) -гээ тооцож, энэхүү тайланг энэ оны зургадугаар сарын 22-нд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын нарийн бичгийн даргын газарт хүргүүлээд байна.
Монгол орны хувьд ойг хомсдол, доройтолд хүргэдэг үндсэн хүчин зүйлсэд ойн түймэр, ойн хортон шавж болон хууль бус мод огтлолт ордог. Түймэр болон мод огтлолт нь хүнээс шууд хамааралтай үйл ажиллагаа юм. Хортон шавжийн тархалт нь ихэвчлэн түймэрт шатсан болон мод огтолсон ойн талбай дээр тохиолддог бөгөөд дэлхийн дулаарлын улмаас хортон шавжийн амьдрахад тохиромжтой хугацаа уртассанаас шалтгаалж, ойг доройтуулсаар байна.
Монгол орны Ойн суурь түвшнийг тооцохдоо 2005-2015 оны хооронд нийт 10 жилийн хугацааг хамруулан тооцсон. Энэ хугацаанд жилд дунджаар 139,481 мянган га талбай түймэр, хортон шавж болон мод огтлолтын улмаас доройтож 5,266 га талбай ойн төрхөө алдсан байна. Харин ойжуулалтын ажлын үр дүнд жилд 304 га талбай ойгоор бүрхэгдсэн талбайд шилжсэн. Ингэж ялгаруулалт, шингээлтийн тооцоог хийж, одоо байгаа түвшнийг тогтоосноор цаашид ойн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үр дүнд суурилсан зарчмаар санхүүжилт авах боломж бүрдэх юм.“Ойн тогтвортой менежмент” гэсэн концепцийг хэрэгжүүлэх замаар зорилтот үр дүндээ хүрэх боломжтой. 1990 оноос манай улсад хийгдсэн нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлт ойн салбарт ч нөлөөлсөн. Тодруулбал, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн шилжилтийн ороо бусгаа цагт, ажилгүйдэл түвшин өндөр, иргэдийн орлого бага үедхүмүүс байгалийн баялаг руу шууд эмх замбараагүйгээр халдах хандлага гарч ирсэн. 1995, 96 оны үед мод бэлтгэл, экспортын хэмжээ хамгийн дээд түвшинд хүрсэн байдаг. Дан ганц ой гэлтгүй байгалийн бусад баялаг болох зэрлэг ан амьтад, тарвага, буга, хүдэр, самар, жимс гээд бүх баялаг руу довтолж эхэлсэн. Ингээд тухайн үеийн засгийн газар байгалийн нөөцийг эрчимтэйгээр хамгаалах бодлогыг баримталсан байдаг.
-ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ТУХАЙН ОЙД УНАСАН,
ХАТСАН БҮХ МОДЫГ АВАХ ЁСГҮЙ-
-Тухайн үед ойг хамгаалах бодлого баримталж байсан юм бол одоо ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?
-Олон улсад хоёр чиглэлээр хамгаалдаг. Нэгдүгээрт, байгалийн экосистемийг онгон зэрлэгээр хамгаалах, хоёрдугаарт, байгалийн нөөц, баялгийг урт хугацааны туршид тогтвортойгоор ашиглах байдлаар хамгаалах. Хамгаалах бодлого бол манай яамны нэн тэргүүний зорилго. Ой бол нөхөн төлждөг баялаг. Тодорхой хэмжээнд ашиглаж байж, эдийн засгийн үр өгөөжөө өгч, ажлын байрыг бий болгодог. Хэдэн жилийн өмнөөс ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь түймэр, хөнөөлт шавьж, өвчин, хүчтэй салхи, их цас болон байгалийн бусад гамшигт өртөн амьдрах чадвар нь суларч доройтсон юмуу хатсан модыг огтолж авах, унанги, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг эрүүлжүүлэх, ойн төлөв байдал, нөхөн сэргэх нөхцлийг сайжруулах зорилготой ойн аж ахуйн арга хэмжээ юм. Ингэхдээ бүх унасан модыг авна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл тодорхой хэсэг нь байгальдаа үлдэж унаад шим тэжээлийн бодисын гинжин хэлхээнд оролцоод явдаг. Ургах, нөхөн төлжих хэрэгтэй газар, усны эх, ан амьтны амьдрах орчин болдог орчныг нь хөндөхгүй хэвээр нь үлдээх ёстой хэсэг ч бий, тодорхой хэмжээнд ашиглах боломжтой хэсэг ч бий. Тиймээс бид энэ бүгдэд нь тохируулан ялгаатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, сүүлийн жилүүдэд манай яамнаас тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалагдах ойн талбай, хэмжээг нэмэгдүүлж байгаа нь хамгаалах бодлогын нэг хэсэг юм.
-Зарим иргэд ойн цэвэрлэгээг хууль бус мод бэлтгэл мэтээр ойлгодог талтай. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн онд ойн арчилгаа, цэвэрлэгээг 34,6 мянган га талбайд хийж хэрэглээний мод 147,8 мянган шоометр, түлээний мод 544,7 мянган шоометр, нийт 692,5 мянган шоометр мод ашиглан ойн төлөв байдлыг сайжруулсан.
2018 онд аймаг, нийслэлийн болон УТХГ-ын ойн сангаас арчилгааны огтлолтоор 2959га талбайгаас 66215шоометр мод, ойн цэвэрлэгээгээр 37786га талбайгаас 1214755шоометр мод ашиглахаар батлуулж, орон нутагт хүргүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу аймаг, сумын мод бэлтгэлийн хуваарийг баталсан ИТХ-ын тогтоол гарч ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүд мод бэлтгэх гэрээ, талбай тусгаарлалт зэрэг ажлууд хийгдэн, орон нутагт мод бэлтгэлийн ажил хийгдэж байна.
Ойг доройтлоос хамгаалж, ойн төлөв байдлыг сайжруулах ажлын хүрээнд насны 1, 2 дугаар ангийн ойд хийгддэг гэрэлжүүлэх болон тохируулах хэлбэрийн арчилгааны огтлолтыг 2017 онд 1000 га талбайд 9 аймгийн 21 ойн ангитай гэрээ байгуулан хийсэн.
Тус арга хэмжээг 2018 онд 2000 га талбайд хийж гүйцэтгэхээр 12 аймгийн 28 ойн ангитай гэрээ байгуулан, гүйцэтгэлийн явцын санхүүжилтийг олгож, орон нутагт тус ажил хийгдэж дуусаж байна. Тэгэхээр бид ойн талаар авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлдог. Тухайн бодлого, хууль, журмын хэрэгжилтийг хянадаг чиг үүрэг бүхий мэрэгжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон орон нутгийн холбогдох байгууллагууд бий. Эдгээр байгууллагууд бодлогын хэрэгжилтийг хангаж, бас хянадаг. Иргэдийн санал гомдолтой холбогдуулан бид ойн цэвэрлэгээ хийж буй газруудад холбогдох хяналтын байгууллагуудтай хамтарсан шалгалтыг тогтмол хийж байна. Ер нь гэрээ цэвэрлэж байгаа юм шиг тухайн ойд унасан, хатсан бүх модыг авахгүй ёсгүй юм. Бид эдийн засгийн хувьд зардал багатай, тухайн орчинд сөрөг нөлөө багатайгаар бэлтгэсэн модоо авах вэ гэдэг тал дээр технологийн туршилтуудыг аж ахуйн нэгж, судалгааны байгууллагатай хамтран хийж байна.
-Ойн хөнөөлт дайсны нэг болох хууль бус мод бэлтгэлийн асуудал тасардаггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мөн ямар ажлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хууль бус мод бэлтгэл нь Монгол орны төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ойн нөөцийг хомсдуулагч, доройтуулагч хүчин зүйлийн нэг болсоор байна. Энэ нь манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд түлшиндээ модыг их хэмжээгээр хэрэглэдэг, үүнийг орлуулах бусад түлш, халаалтын эх үүсвэрийг орон нутгийн түвшинд бүрэн шийдвэрлээгүй, нөгөө талаар нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээгүй, эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцаа алдагдсан зэрэг шалтгаантай холбоотой байна.Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хууль, хяналтын холбогдох байгууллагуудтай хамтран ойн сан бүхий аймгуудын хэмжээнд зохион байгуулж байна. Тухайлбал, хууль бусаар бэлтгэгдэж хураагдсан мод, модон матиериалын хэмжээ 2016 онд 2932,1 шоометр байсан бол 2017 онд 516,1 шоометр болж 82,4 хувиар буурчээ. Харин 2018 онд тус үзүүлэлтийг 35 хувиар бууруулах зорилго тавин ажиллаж байна. Ойн ашиглалт, түүнтэй холбоотой эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт ашиглалтыг цахимжуулах, мэдээллийн санг өргөжүүлэх, хяналтыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд гар утасны цахим хэрэглүүрийн программ зохиож, нэвтрүүлэн ажиллаж байна. Ойгоос мод бэлтгэхээс эхлээд хэрэглэгчид очих хүртлэх бүх үйл ажиллагаа цахимаар бүртгэгдэж, мод бэлтгэх эрхийг хаанаас олгосон, хэдэн шоометр модыг ямар аж ахуйн нэгж бэлтгэсэн, хаанаас бэлтгэгдээд хаана очих зэрэг бүхий л шатанд хянах боломжийг бүрдүүлэх юм.
-ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ТОХИОЛДОЛД БЭЛТГЭСЭН ТЭЭВЭРЛЭСЭН ЗҮЙЛС, ОЛСОН ОРЛОГЫГ ХУРААЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАР 20-120 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ-
-Хууль бусаар мод бэлтгэж байгаад баригдсан хувь хүн, аж ахуй нэгжид ямар шийтгэл ногдуулах хуультай байдаг юм бэ?
-Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан эсхүл эрхийн бичиг зассан, хууль бусаар олсон, бэлтгэсэн тээвэрлэсэн зүйлс, олсон орлогыг хураана. Эрүүгийн хуульд 20,0 сая төгрөгөөс 120,0 сая төгрөгөөр торгох, мөн зөрчлийн тухай хуульд гаргасан зөрчлийн хэлбэрээс нь хамааруулаад иргэнийг 1,0 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 10,0 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Хуулийн хувьд нэлээд хатуу, энэ нь ч аргагүй, манай орны ойн ихэнх нь улсын өмч (бид бүгдийнх) гэтэл хэн нэгэн шунаг сэтгэлтэн зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс огтлоод байх ёсгүй.
-Ойн дагалт баялгийг хууль бусаар хулгайн замаар авдаг асуудал хэр их гардаг вэ?
-Самар, жимс, эмийн ашигт ургамлууд зэрэг ойн дагалт баялгаас иргэдийн хэрэгцээнд хуш модны самар чухал байр эзэлдэг. Манай орны хушин ой нь нөөц, талбайн хэмжээгээр их биш боловч экологийн хувьд өндөр ач холбогдолтой байдаг. Жишээ нь, хуш мод бүхий ойд хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, 6 зүйл хоёр нутагтан, 4 зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Эдийн засгийн хувьд ч тодорхой хувь нэмрийг үзүүлж байгаа. 2017 оны байдлаар хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон аж ахуйн зориулалтаар 6,2 мянган тонныг бэлтгэж, үүнээс төсөвт 5,4 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Үүнтэй зэрэгцээд самрыг олборлож байгаа арга, хэлбэрт тавих хяналтыг өндөрсгөхгүй бол самар түүж буй хүмүүс тухайн ойгоос зөвшөөрөгдсөн хэмжээндээ авахгүй, үргэлж хэтрүүлэх сонирхолтой байдаг. 2018 оны хувьд самрын гарц маш муу байсан. Тийм учраас дөрвөн аймгийн цөөхөн хэдэн суманд зөвхөн ахуйн зориулалтаар самар түүх эрхийг олгосон.
-Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг гэсэн мэдээлэл байдаг. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ жилийн хувьд ой хээрийн түймэр, ойд ямар хэмжээгээр заналхийлэв?
-Нийт түймрийн 90-ээс дээш хувь нь хүний аливаа үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх үйл ажиллагааг зөвхөн мэргэжлийн байгууллагуудын хийдэг ажил биш юм. Энд бүх талуудын буюу иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал. Дэлхийн бусад улс орнуудын жишгээр бол иргэдийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд маш өргөнөөр хамруулдаг. Жишээ нь, АНУ-д түймэртэй холбоотой, түймрээс урьдчилан сэргийлэх асуудаляригдахад 8 настнаас 80 настанууд хүртэл бүгд “Смоки баавгай”-н тухай түүхтэй холбон мэддэг. Энэ нь түймэрт бүслэгдсэн ч, модны хонгилд амь хоргодож гарсан баавгайн бамбаруушын тухай түүх юм. Энэхүү түүхийг ашиглан олон нийтийг түймрээс урьдчилан сэргийлэх маш том компанит ажлыг амжилттай өрнүүлсэн байдаг.
Энэ жилийн хувьд ОХУ-тай хиллэх Улсын хилийн дагуу байрласан сум дундын 16 ойн ангиудад ойг хамгаалах, ойг нөхөн сэргээх зориулалтаар ОХУ-д үйлдвэрлэсэн фургон маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн. Мөн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах зориулалтын үлээгч аппарат, ус шүршигч, ус зөөвөрлөх сав зэрэг багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулсан юм. Хойд хөрштэй хиллэдэг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс зэрэг аймгуудын бүс нутгийн ой, хээрийн түймрийн эрсдлийн зургийг нарийвчлан гаргасан. Мөн Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Увс аймгуудын ОХУ-тай хиллэдэг бүс нутгаар 10-30м өргөн, 500км урт түймрээс хамгаалах шороон зурвасыг байгуулаад байна.
Өнгөрсөн 2017 онд ой, хээрийн түймрийн 225 тохиолдол гарч байсан бол энэ онд харьцангуй гайгүй. Бороо, хур элбэгтэй жил байсан нь их дэм боллоо.
-Сүүлийн үед ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Дээр дурьдсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран явуулсанолон зорилтот ойн тооллогын ололт, амжилт, шинэ аргачлалыг тусгаж, ой зохион байгуулалт, ойн тооллого бүртгэлийнхээ стандартыг шинэчилж байгаа. Нэг ёсондоо энэ ажлыг орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудын арга зүйгээр хийдэг болж байна гэсэн үг.
Уур амьсгалын өөрчлөлт, замбараагүй мод бэлтгэл, хортон шавжийн хөнөөл, түймэр зэргээс болж ой модны нөөцөд заналхийлэл тулгардаг. Сайн чанарын үр ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд юу юунаас чухал. Иймд үрээ бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ойн үр бэлтгэх бүсчлэл гэж бий. Энэ бүсчлэлээс хамааран үрийн стандартыг шинэчлэн боловсруулж байна. Ойн генетикийн нөөцийг хамгаалах төсөл хэрэгжүүлж үр дүнд нь эдгээр ажлуудтайхолбоотой стандартуудыг шинэчлэн гаргаж байгаа.
П.УРНАА
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.