Энтертайнмент
Шилдэг уран бүтээлч шалгаруулах номинацийг нэмэгдүүлжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Шилдэг уран бүтээлч шалгаруулах журамд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр жил бүр шалгаруулдаг шилдэг уран бүтээлчдийн номинаци нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хавсралт Шилдэг уран бүтээлч шалгаруулах журмын 1.2-т “Жил бүр тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин, тайз, дэлгэцийн зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин мэргэжлээр болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан тус бүр нэг хүнийг шалгаруулна” гэж байсныг “Жил бүр тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, бүжигчин, шилдэг уран бүтээлч төрөл тус бүрт нэг хүнийг шалгаруулна” гэсэн өөрчлөлт оруулахаар болж буй юм байна. Ийнхүү шилдэг уран бүтээлчийн шагналыг зөвхөн тайз, дэлгэцийн найруулагч, зураач, хөгжимчин, дуучин, бүжигчинд олгодог байсан бол энэ жилээс тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч, продвссер, удирдаач, бүжиг дэглээч зэрэг мэргэжлийн уран бүтээлчид нэмэгдэж байгаа ажээ. Засгийн газар өнгөрсөн 11 жилийн хугацаанд шилдэгээр шалгарсан 77 уран бүтээлчид 231 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.