“Бэлчээр хамгаалах, талхагдлаас сэргийлэх баялаг өвтэй, түүнийгээ уламжлалт ахуйдаа өнөө ч хэрэглэсээр буй Монголчууд бид хот байгуулалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний эвдрэл, элэгдэл, тоосжилт, хатуу шингэн хаягдлын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж буй салангид үйл ажиллагаанууд нь орчны бохирдлын талаарх олон талын хүчин чармайлтыг сааруулах нэг хүчин зүйл хэвээр байгаа тул хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ижил төстэй ажилд цаг, хөрөнгө зарцуулахгүй байх, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах, бодит алхам хийх шаардлагатай байгаа юм.” гэж нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэлцүүлгийг нээсэн үгэндээ онцоллоо.
Байгаль орчин нь тасралтгүй эргэх, бие биетэйгээ салшгүй холбоотой гинжин хэлхээ тул эдгээрт орсон эерэг сөрөг өөрчлөлт бүр алсдаа байгаль орчны тэнцэл алдагдах эсхүл хадгалагдах шалтгаан болдог билээ. Хөрсний асуудлыг хөндөж буй нь агаар, усны бохирдлыг бууруулах, биологийн төрөл зүйлийн өсөлтийг хангах маш чухал асуудал бөгөөд доройтлоос илүүтэй бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүний тулд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх санхүүгийн хөшүүрэг буюу урт хугацаатай бага хүүтэй зээлийн үйлчилгээ, хөрсний бохирдлын асуудал хариуцсан бүтэц, хатуу болон аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хогноос эрчим хүч гаргах зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрсний бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг иргэдэд хүргэх асуудалд эхний ээлжид анхаарал хандуулан хамтарч ажиллахаа оролцогчид илэрхийлэв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Төвлөрсөн ба төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, суурьшлын бүсийн хөрсний бохирдлын байдалд хийсэн тандалт судалгааны дүн” сэдвээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч, доктор Б.Баясгалан, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнгээс” сэдвээр НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Золбоо, “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын судалгаа”, “Эвдэрсэн газрын тооллогын үр дүн” сэдвээр НБОГ-ын ахлах мэргэжилтэн, доктор Ч.Батсайхан, Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэр орчмын хүнд металл, хромын бохирдлыг бууруулах судалгааны үр дүнгээс“ сэдвээр Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын тэргүүн, доктор Н.Эрдэнэсайхан, Улаанбаатар хотын ”“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвээр БОАЖЯ, АХБ-ны төслийн захирал Ж.Чойханд, “Хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлого” сэдвээр УБ хотын ЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын үзүүлэлт ба хүн амын гэдэсний халдварт өвчин хоорондын хамаарлыг судалсан дүн” сэдвээр НЭМҮТ-ийн захирал доктор Д.Нарантуяа нар мэдээлэл хийв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.