Дэлхий дахинд
Саарал жагсаалтаас гарах төлөвлөгөө юу болов
Монгол Улсыг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур СААРАЛ ЖАГСААЛТАД оруулсан. Харин энэ онд манай улс саарал жагсаалтаас гарч чадах уу гэж асуудал анхаарал татаж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар энэ оны эхний зургаан сард багтаж ФАТФ-ын жагсаалтад зэрэглэлээ ахиулж саарал жагсаалтаас гарсан юм. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-аас “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийг баталсан.
Энэ талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хаахдаа “Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ. Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн мэдэгдсэн.
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага энэ онд гурван удаа хуралдах бөгөөд манай улсад удаагийн боломж байгаа гэсэн үг юм. Эхний хурал энэ сард болохоор товлогдсон. Мөн ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд манай улс Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлаа 4 сар тутам Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт тайлагнах учиртай. Энэ дагуу өнгөрсөн сард Улсын дээд шүүх, Хууль сахиулах байгууллагууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, мэргэжлийн холбоод зэрэг нийт 18 байгууллагын 31 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод Хамтарсан бүлгийн хуралд оролцож, эхний тайлангаа хамгаалсан. Уг хурлаас Монгол Улс саарал жагсаалтаас гарахын тулд богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний гурвыг хэрэгжүүлсэн гэж үзсэн юм.
Иймээс эрх баригчид ирэх тавдугаар сард товлогдсон ФАТФ-ын хуралдаанаар саарал жагсаалтаас гарах боломжтой хэмээн харж байна.