Дэлхий дахинд
Японд коронавирусийн халдвар авсан эхний хүн нас барлаа
Япон улсад шинэ коронавирусийн халдвартай эхний хүн нас барсныг өчигдөр орой зарлажээ.
Энэ нь эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол юм. Нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй байсныг Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээлжээ.
Хэдийгээр талийгаач коронавирусийн халдвартай байсан ч энэ нь үхлийн шалтгаан болсон эсэхийг эцэслэн батлаагүй байгааг тэр бас хэлсэн юм.
Шинэ коронавирусээр халдварладаг өвчнийг албан ёсоор Covid-19 гэж нэрлээд байгаа.
Уг өвчнөөр нас барсан 1,300 гаруй хүний дийлэнх нь эх газрын Хятадад ноогдож байна. Хятадын гадна хүн нас барсан анхны тохиолдол хоёрдугаар сарын 2-нд Филиппинд бүртгэгдсэн юм. Нас барсан хүн нь Ухань хотоос ирсэн Хятадын иргэн 44 настай эрэгтэй байжээ.
Үүнээс хоёр хоногийн дараа Хонг Конгт 39 настай эрэгтэй нас барсан юм. Тэрээр халдвар авахаасаа өмнө Хубэй мужид зорчиж байжээ. Япон улсад коронавирусийн халдварын нийт 248 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнд “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс илэрсэн тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна.
Эх сурвалж: AFP