Дэлхий дахинд
КОВИД-19 | Вакцин гаргахад 12-18 сарын хугацаа шаардлагатай
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг /2020.03.01/ өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн баасан гарагт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Бүсийн сайдуудын цахим хурал болсон. Цахим хуралд ДЭМБ-ын Шадар Ерөнхий захирал хэлэхдээ, “Коронавирусийг бүрэн тодорхойлоогүй байна. Гэхдээ чиглэлүүд нэлээн тодорхой болж байна. Коронавирусийн тархалт нь гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдварлах байдал нэмэгдэж байна” гэдгийг онцолсон. Энэ бол энгийн байдлаас давсан хүч чадал шаардаж байна гэдэг мэдээллийг өгсөн. Цахим хуралд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл оролцож, Монгол Улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байгаа. Мөн Хятад, Малайз зэрэг орнууд мэдээлэл хийсэн.
ДЭМБ-аас коронавирусээс сэргийлэхийн тулд мэдээллийн урсгал үнэн зөв байх, сэтгэл зүйн бэлтгэлийг сайн хангах, ойрын хавьтлуудыг сайн илрүүлэх, гэрт нь тусгаарлах, өөрийгөө ажиглах, иргэдийг энэ чиглэлд сургах зөвлөмж өгч байгаа.
Коронавирусийн өвчлөлийг эмчлэх шинэ вакциныг гаргаж авахад 12-18 сарын хугацаа шаардлагатай байна гэж ДЭМБ-аас мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй тохиолдол 16 байна. Ажиглалтад 309 хүн бий. Нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 705 хүнийг ажиглалтад авсан байна. Үүнээс 227 нь сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Энд мөн гадаадын иргэд багтаж байгаа.
ХӨСҮТ-д 88 хүн, Цэргийн төв эмнэлэгт 65, Улсын Хоёрдугаар эмнэлэгт ес, “Асралт мед” эмнэлэгт 32, Жаргалантын сувилалд 41, Баян-Өлгий, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай, Дорнод аймагт тодорхой тохиолдлыг ажиглаж байна” гэлээ.