Дэлхий дахинд
Канад, Орос, Европын Холбоо гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ
Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлэх ажлын хүрээнд өчигдөр дэлхийн зарим улс орнууд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийджээ.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо улсынхаа хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрээ өчигдөр танилцуулсан байна. “Энэ бол хүмүүсийн амь насыг хамгаалах арга хэмжээ юм” гэж тайлбарласан ерөнхий сайд канадчуудад аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.
Харин тус улсын хилийн хориг зөвхөн АНУ-ын иргэдэд үйлчлэхгүй юм байна. Үүнээс гадна дипломатчид, нисэх онгоцны багийн гишүүд, Канадын иргэний шууд гэр бүлийн хүмүүсийг нэвтрүүлэх нөхцөл тавьжээ.
Өчигдөр бас Европын Коммисс Covid-19 вирусийн тархалтаас сэргийлэх үүднээс гишүүн орнуудынхаа газар нутагт нэг сарын турш гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан байна. Уг шийдвэрийг өнөөдөр Европын Холбооны гишүүн улсууд хэлэлцэж, олонх нь дэмжвэл ажил хэрэг болох юм.
Шийдвэр ёсоор Европын Холбооны гишүүн бус улсын иргэд Шенгений бүсэд 30 хоногийн турш нэвтрэх боломжгүй болох гэнэ.
Сүүлийн үед Европ тив шинэ коронавирусийн дэгдэлтийн голомт болоод байгаа нь ийм эрс хатуу арга хэмжээ авахад хүргэсэн байна. Шенгений бүсэд Их Британи, Ирландаас бусад Европын 26 орон багтдаг.
Европын Холбооны хориг зөвхөн коронавирусийн тахалтай холбоотой ажиллаж буй анагаах ухааны мэргэжилтнүүд, эрдэмтдэд үйлчлэхгүй юм байна.
Даваа гарагт ОХУ-ын засгийн газар түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлажээ.
Энэ долоо хоногийн Лхагва гарагаас мөрдөгдөж эхлэх хилийн хориг тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин өнгөрсөн Ням, Даваа гарагуудад хөрш орнуудын удирдагчидтай утсаар ярьж, хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнийхээ талаар тайлбарласан тухай хэвлэлийн алба нь мэдээлжээ.
Дипломатчид, нисэх онгоцны багийн гишүүд, олон улсын ачаа тээврийн жолооч нар, оршуулгын арга хэмжээнд оролцох хүмүүсийг зөвхөн хилээрээ нэвтрүүлэх юм байна.
Эх сурвалж: AFP, Russia Today