Нийгэм
Улс төр гэр бүл салалтын буруутан, хэтрүүлэг биш
УЛС ОРОН ХЯМАРСАН ЖИЛҮҮДЭД ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛАХ ХҮМҮҮСИЙН ТОО ЭРС НЭМЭГДДЭГ
Чи би, манай танайдаа тултлаа улстөржсөний бараан сүүдэр монгол гэр бүлийн бат бөх байдалд үлэмж нөлөөлөх болов. Өмнө нь гэр бүл салалтыг зөвхөн хосууд хоорондын таарамжгүй харилцаа, хууран мэхлэлт, гэр бүл төлөвлөлт муу, хүчирхийллээс үүдэлтэй гэж боддог байв.
Гэтэл сүүлийн үед энэ байдал өөрчлөгдөж, төрийн эрхэнд байгаа нөхдийн унхиагүй байдал, харалган шийдвэр, тулга тойрсон хэрүүл гэр бүл салалтад шууд болон шууд бусаар нөлөөлж, өнчирч үлдэх бяцхан үрсийн тоог нэмэгдүүлжээ.
Статистикаас харвал жил ирэх тусам салж сарниж буй гэр бүлийн тоо нэмэгдсээр байна.
2001 онд 650 хос гэрлэлтээ цуцлуулсан бол үүнээс гурван жилийн дараа дээрх тоо мянгын босгыг давж, 2009 онд хоёр мянгаар хэмжигдэх болжээ. 2016 онд 4003 гэр бүл хоёр тийш болсон бол өнгөрсөн жил 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан юм.
Он оны статистикийг харвал улс орон хямарсан, ард олны амьдрал хэцүүдсэн жил болон түүний дараах онд гэрлэлтээ цуцлуулах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг байна.
Энэ нийгмийн уг үндэс болсон гэр бүл яагаад ийм хэврэг болов, өдөр бүр арав гаруй хос гэрлэлтээ цуцлуулж буйн үндсэн шалтгаан юу вэ.
Мэдээж хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, хэрүүл маргаан, хэт эрт гэрлэсэн, үүргээ гүйцэд ухамсарлаагүй, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл, дарамт шахалт гээд олон шалтаг, шалтгаан нэрлэж болно. Гэхдээ дээр дурдсан бүхний уг үндэс нь юу юм бол гээд хайгаад үзвэл сонирхолтой, бас харамсалтай дүр зураг гарч ирж байна.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар салсан хосуудын 47.3 хувь нь санхүүгийн бэрхшээлийн улмаас хоёр тийш болсон гэжээ.
Энэ бол нүцгэн тоо биш. Харин хосууд өөрийн гэсэн орох оронгүй, тодорхой ажилгүй, өрхийн орлого тогтвортой биш, өр зээлд баригдсан гээд өнөөгийн нийгэмд тулгардаг нийтлэг бэрхшээл гэр бүл бат бөх байх үндсийг алдагдуулжээ гэж дүгнэхэд болно.
Сүүлдээ улс төрийн үзэл баримтлал таараагүйгээс гэр бүлээ цуцлуулах нь нэмэгдлээ. Ялангуяа орон нутаг, алслагдмал суурингуудад. Ийнхүү гэр бүл салалт нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсны буруутан хэтийдсэн улстөржилт, түүнийг гардан гүйцэтгэгсэд, дагаж намирагсад. хэтрүүлэг биш.
Үнэндээ бидэнд МАН-ын бүлгийн даргаар хэн томилогдох, хэн нь хэнийгээ огцруулах нь тийм ч чухал биш. Албан тушаал тойрсон хэрүүл, бүлэглэл хоорондын тэмцэл тэдэнд өөрсдөд нь л хамаатай байх. Харин ард бидэнд тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, амьдрах таатай орчин л хэрэгтэй.
Гэвч төрийн толгойд сандайлсан энэ хэдэн нөхдөд ард олны зутруу амьдрал, хосуудын хэврэг харилцаа, өнчирч хоцорсон хүүхдүүдийн асуудал хамаагүй аятай, ёстой л орондоо орох завгүй хэмлэлдэн уралцаж сууна. Энэ хооронд монголчуудын ирээдүйдээ итгэх итгэл алдагдаж, амьдрал үгүйрэн доройтож, гэр бүлийн нандин харилцаа өдрөөс өдөрт тасарсаар байна.
• Гэр бүл салалт нийгмийн үзэгдэл болтлоо хавтгайрсны буруутан хэтийдсэн улстөржилт, түүнийг гардан гүйцэтгэгсэд, дагаж намирагсад.
• Уг нь ард бидэнд тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, амьдрах таатай орчин л хэрэгтэй.
• Ямар ч улсын хөгжлийн бодлого гэр бүлийн сайн сайханд чиглэдэг.
Уг нь ямар ч улсын хөгжлийн бодлого гэр бүлийн сайн сайханд чиглэдэг. Гэтэл манай улсад байдал өдрөөс өдөрт дордсоор байгаа нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид гэр бүлийн бодлогыг үл тоож, ард иргэдээ хөсөр хаясны илрэл.
“Улстөрчид гэр бүлийн бодлогын талаар ерөөсөө анхаарахгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Манай улсын хүн ам, гэр бүлийн тоо жил ирэх тусам нэмэгдээд байдаг. Гэтэл үүнд чиглэсэн бодлого, шийдвэр огт алга. Уг нь аль ч нам засгийн эрхийг барьсан Монгол эх орон, монгол гэр бүлийн төлөө үзэл бодлоо нэгтгэх ёстой юм. Гэр бүлийн асуудалд намчирхах хандлага хэзээ ч байж болохгүй.
Барууны хөгжилтэй орнуудад гэр бүл яагаад аз жаргалтай байна вэ. Учир нь улс төрийн бүх нам гэр бүл сайн сайхан байх ёстой гэдэгт санал нэгддэг юм. Түүнээс бидэн шиг намчирхдаггүй. Яахав хэрэгжүүлэх арга зам нь өөр байж болно. Гэхдээ харилцан тохиролцож гаргасан бодлогоо ерөөсөө өөрчилдөггүй юм. Харамсалтай нь Монголын улстөрчид ийм байж чадсангүй” хэмээн гэр бүл судлаач, доктор Т.Намжил хэлсэн нь эрх баригчдад нэгийг бодуулах биз.
Дахиад хэдэн тоон мэдээлэл сонирхуулъя. Дээр өгүүлсэн судалгаанд дурдсанаар өдгөө Монголд өрх толгойлсон 97.5 мянган иргэн байна. Тэдний 78.9 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд салсан хосуудын 97 хувь нь хүүхэдтэй. Мөн тэдний 42 хувь нь хоёроос дээш хүүхэдтэй байгаа аж.
Нэг ёсондоо гэр бүлүүд салахын хэрээр өрх толгойлсон иргэд, хагас өнчин хүүхдүүдийн арми өргөжин тэлсээр байна. Хоёул нийлж амьдралаа авч явахад ч хүнд болсон өнөөгийн нийгэмд ганц биеэрээ амьдралыг туулах гэж зүтгэж яваа 100 мянган хүн байна гэдэг юутай эмгэнэлтэй.
Түүнчлэн тэдний ард үлдэж хоцорсон, эцэг, эхийн аль нэгний хайр халамжаас гээгдсэн хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших бол.
Юун хүн амаа өсгөх бодлого, юун хөгжил. Өөрсдийнхөө өнөө маргаашийг бодсон, сандал суудлын төлөөх улстөржилт чинь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна.
“Хосууд эдийн засгийн шалтгаанаар тусдаа амьдрах нь салалтад хүргэх бас нэг хүчин зүйл. Тусдаа амьдарч буй хосууд маргалдах, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх, харилцаа нь хөндийрч салах магадлал хэвийн хосуудынхаас хоёр дахин өндөр байдаг” хэмээн Нийгмийн бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач С.Түмэндэлгэр хэлсэн юм.
Яаж ч бодсон гэр бүлд элдэв асуудал бага байх тусам үл ойлголцол бага гарч, хоорондын харилцаа эерэг болно. Энд хувийн үл ойлголцол, таарамжгүй харилцаанаас үүдсэн салалтыг огт яриагүй. Мэдээж ялих шалихгүй шалтгаанаар салдаг гэр бүл байдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.
Харин эдийн засгийн гачигдлаас үүдэлтэй хэрүүл маргаан улам даамжирч, бүр хүндрэх шатандаа орсон нь жилд 400 хос салж буй баримтаас бэлхнээ харагдана. Улстөрчид ард олноо амар тайван амьдруулах үндсэн үүргээ хангалтгүй гэхэд дэндүү хангалтгүй биелүүлж буйг бид өдөр ирэх бүр “таньж мэдсээр” байна.
“Одоо нийгмийн шат шатанд, ялангуяа хөдөө орон нутагт улстөржилт хэрээс хэтэрсэн. Энэ нь нийгмийн, гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлж байна. “Энэ, тэр намын хүн” гэж харьцах нь улам гаарлаа. Миний бодлоор ойрын ирээдүйд монгол гэр бүлийн нөхцөл байдал төдийлэн сайжрахгүй.
Яагаад гэвэл нийгмийн орчинд сөрөг харилцаа ноёрхож байгаа учраас энэ нь хүний оюун санаанд нөлөөлөөд байна. Үүнийг арилгахад хамгийн багадаа 3-5 жил шаарддаг. Тэгэхээр өнөөгийн сөрөг үр дагаврууд 2020-иод оноос хойш нийгэмд илүү мэдрэгдэх болно” хэмээн Т.Намжил гуай сануулсныг анхаарахгүй өнгөрч боломгүй.
Бид улстөрчдийн хэрүүлийг өдөр бүр харж, хоёр талд хуваагдан хоорондоо хэрэлдээд байдаг. Гэтэл үүний цаана муу муухай бүхэн цэцэглэн соёолж, ирээдүйг маань харлуулсаар байгаа нь дэндүү харамсалтай.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.