Эдийн засаг
Гадаад өрөө нэмсээр байх уу
Одоогийн эрх баригчид буюу МАН “Монгол Улс өрийн гүн ангал руу орлоо. Эх орноо өрнөөс салгана” гэсэн сүржин уриатайгаар 2016 оны сонгуульд оролцсон. Тэд нэг хүнд ногдох өр тэдэн сая хүрлээ, улс өрөндөө баригдаж дууслаа гэж сүржигнэж байсан. 2016 оны II хагаст манай нэг иргэнд ногдох Монгол Улсын нийт өр 7776 ам.доллар, Засгийн газрын гадаад өр 1532 ам.доллар орчим байв. Харин 2019 оны эцэст нэг хүнд ногдох Монгол Улсын нийт өр 9473 ам.доллар, Засгийн газрын гадаад өр 2378 ам.доллар болж өсчээ. Эрх баригчид бид “Их өр төлсөн” гэж ярьдаг ч бодит байдал дээр өрийн хэмжээ нэмэгдсээр байна.
2016 оны II хагасыг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад Монгол Улсын Засгийн газрын өр 2.91 тэрбум ам.доллар буюу 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногт коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин 3 их наяд төгрөгийн гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Бүр түрүүчээс нь зээлээ аваад эхэлчихсэн гэдгээ ч хэлсэн. Нэмэлт 3 их наяд төгрөгийн гадаад зээл нь засгийн газрын өрийг 1.1 тэрбум доллароор нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл МАН засаг барих энэ хугацаандаа 4.01 тэрбум доллароор Засгийн газрын гадаад өрийг нэмж түүхэн дээд амжилтыг тогтооно гэсэн үг.
2012-2016 оны үеийн эрх баригчид 2.77 тэрбум ам.доллароор нэмсэн бол одоогийн эрх баригчид 2019 оны жилийн эцсээр 2.91 тэрбумаар, энэ оны эцэс гэхэд 4.01 тэрбум ам.доллароор Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүлэхээр байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Засгийн газрын өрийг нэмэхгүй гэж шоудсан нь худлаа амлалт, хууран мэхлэлт болсон. Одоогоор тэд Засгийн газрын гадаад өрийг 2.91 тэрбум ам.доллароор нэмчхээд байгаа, коронагаар далимдуулж дахин 1.1 тэрбум ам.доллароор нэмэх гэж байна.
2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ. Тухайлбал 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” 1,000 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар гэх зэргээр тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой.
Эдгээр төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлөх шаардлагатай тулгараад байна. Мэдээж ямар нэг хэлбэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах нь тодорхой. Энэ тохиолдолд татвар төлөгч бүрийн одоо төлж буй хувийн зээлийн өр дээр нь дахин нэг өр нэмэх зэргээр халаасыг нь тэмтэрнэ гэсэн үг.
Гадаад өрийн хэмжээ өндөр төвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга. Өөрөөр хэлбэл бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна гэсэн үг. Тиймээс гадаад зээллэгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болох, гадаад өрийн менежментийг шинэчлэн сайжруулах, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах ажлуудыг яаралтай хийх шаардлагатай байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.