Дэлхий дахинд
ДЭМБ-ын санхүүжилтийг зогсоох АНУ-ын “аюултай” шийдвэр
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.04.15/ ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоож буйгаа зарласан нь дэлхий дахинд болсон хамгийн онцлох үйл явдал байлаа. Тус байгууллагын хамгийн гол санхүүжүүлэгч орон ийнхүү санхүүжилтээ зогсоосон нь дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдээд буй энэ цаг үед хамгийн аюултай шийдвэр байлаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Ерөнхийлөгч Трамп шийдвэрээ танилцуулахдаа ДЭМБ-ыг үндсэн үүргээ биелүүлээгүй, цар тахал эхлэх үед олон мянган хүний амь нас, дэлхийн эдийн засгийн уналтаас илүү Хятадын нэр хүндийг хамгаалж, Хятадаас үнэн бодит байдлын талаар мэдээллийг шаардаагүй хэмээн буруутгажээ. Улмаар тус байгууллагын алдаа дутагдал, буруутай үйл ажиллагааг шалгаж дуусах хүртэл санхүүжилтээ зогсоож буйгаа мэдэгдэв. Түүнчлэн ДЭМБ нь АНУ-ын олон мянган иргэнийг хамгаалж чадаагүйг дурдаад, энэ шийдвэр 60-90 хоногийн хугацаанд үйлчлэхийг сануулсан байна.
Харин эсрэгээрээ цар тахал АНУ-д дэгдэж эхлэх үед ДЭМБ-ын зүгээс Трампыг тахлын аюулыг бодитоор үнэлэхгүй байна, үнэ цэнэтэй цаг хугацааг алдаж байна гэж буруутгаж байв. Дэлхий даяар хоёр сая гаруй хүн халдар авч, 134 мянган хүн нас бараад байгаагаас зөвхөн АНУ-д 640 гаруй мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 28 мянган хүн нас бараад байна. АНУ маш богино хугацаанд ийм байдалд хүрсэн бөгөөд үүнд тус улсын удирдагчид тахлын эсрэг хэт удаан ажилласан хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн энэ удаагийн шийдвэрийг өөрийнхөө нэрийг цэвэрлэж, бурууг бусдад тохох гэсэн оролдлого гэж харах хүмүүс ч байна.
АНУ-ын шийдвэрийн дараа хэн юу хэлэв?
- ДЭМБ-ын дарга Тедрос Адханом АНУ-ын шийдвэрт харамсч буйгаа илэрхийлээд, “Өнөөг хүртэл энэ байгууллагын үндсэн зорилго бол коронавирусийн цар тахлын дэгдэлтийг зогсоох байсан. АНУ-тай олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Цаашид ч хэвээр үргэлжлэх болно гэдэгт итгэж байна” хэмээн хэлсэн байна.
- Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас ДЭМБ бол энэ үед хамгийн чухал байгууллага гэдгийг онцлоод, санхүүжилтээ үргэлжлүүлэн өгсөөр байх болно гэдгээ мэдэгдэв. Их Британи бол АНУ-ын дараа орох хамгийн том санхүүжүүлэгч орон юм.
- ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хейко Масс твиттер хуудсаараа дамжуулан ДЭМБ-ыг санхүүжүүлэх нь энэ үед хийж болох хамгийн сайн хөрөнгө оруулалтын нэг хэмээн хэлжээ.
- Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян энэ шийдвэр нь вирусийн эсрэг “олон улсын хамтын ажиллагааг алдагдууллаа” гэж буруутгав.
- АНУ-ын анагаах ухааны нийгэмлэг “Маш аюултай алхам” гэж мэдэгдэв.
- “ДЭМБ-д санхүүжилт урьд өмнөхөөсөө ч илүү хэрэгтэй байгаа өнөө үед ийм шийдвэр гаргасан нь үнэхээр үндэслэлгүй шийдвэр” хэмээн ЕХ-ны Гадаад бодлогын газрын дарга Хосеп Боррелл мэдэгдэв.
- Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Трампын шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлээд, ДЭМБ энэ цаг үед маш чухал үүрэгтэй байгууллага гэдгийг онцлов.
- Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн ДЭМБ-д найдаж буйгаа илэрхийлэв.
- АНУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Элиот Энгель “Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа энэ хямралаас өөрсдийгөө нэр цэвэр авч үлдэхийн тулд юу ч хийж магадгүй” хэмээн хэлжээ.
- Бүгд найрамдах намын гишүүн сенатор Жош Хоули Трампын шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд Бүгд найрамдахчуудын ихэнх нь түүнтэй санал нийлж байгааг дурдав.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай дайтаж байх үед санхүүжилтээ зогсоох нь цагаа олоогүй шийдвэр” хэмээн буруутгав.
- ДЭМБ-ын хоёр дахь том санхүүжүүлэгч Билл Гэйтс ч мөн Трампын шийдвэрийг аюултай хэмээн дүгнэсэн.
ДЭМБ-ыг хэн санхүүжүүлдэг вэ? Тус байгууллагыг буруутгах шалтгаан бий юу?
Швейцарийн Женев хотод төвтэй ДЭМБ нь 1948 онд байгуулагдсан бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн гол агентлаг юм. Олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг НҮБ-ын тусгай салбар байгууллага нь 194 гишүүн оронтой. Тус байгууллагын гол санхүүжүүлэгч нь АНУ бөгөөд тус байгууллагын нийт төсвийн 15 орчим хуийг дангаараа бүрдүүлдэг. 2018,2019 онуудад гэхэд л 900 гаруй сая ам.долларын санхүүжилтийг АНУ тус байгууллагад олгожээ.
Улсаар нь авч үзвэл АНУ-ын дараа Их Британи, Герман, Япон зэрэг улсууд ДЭМБ-д хамгийн их санхүүжилт өгдөг. Түүнчлэн АНУ-ын дараах хамгийн том сайн дурын санхүүжүүлэгч бол “Билл, Мелинда Гейтсийн сан” юм. Харин Хятад улсын хувьд ДЭМБ-д өгдөг санхүүжилтээрээ 21-д жагсч байна.
ДЭМБ нь төсвөө хоёр жилийн хугацаатай баталдаг бөгөөд 2020, 2021 оны төсөвт 4,8 тэрбум ам.долларыг баталжээ. Гишүүн орнуудаасаа нийт төсвийнхөө 51 хувийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг нь хандив, сайн дурын байгууллагууд бүрдүүлдэг.
ДЭМБ-ыг шүүмжлэх үндэслэл бас бий. Дэлхий дахинд мэдэгдэхээсээ өмнө Хятадад энэ өвчин гарсан гэдгийг дотооддоо мэдсэн байсан. Тайвань үүнийг гадарлаж, Уханиас иргэдээ татан, ДЭМБ-д Хятадад ийм өвчин гарлаа гэж мэдэгдээд, Хятадын цагаан сарыг хорьж, Хятадад ирж ажиллаж бодит байдалтай танилцахыг хүссэн захидал илгээсэн байдаг. Гэтэл ДЭМБ Тайванийн анхааруулгыг үл хайхарсан. Үүний дараа Тайвань өнөөх захидлаа ил болгож, АНУ ч энэ талаар сэжиг авсан. Түүнчлэн Тайванийн эрдэмтэд коронаирусийн эсрэг маш үр дүнтэй эм бүтээж үүнийгээ ашиглаж байгаа ба ДЭМБ энэ эмийг нь Тайвань НҮБ-ын гишүүн биш гэдгээр шалтаглаж, бүртгэж авахаас татгалзаж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Үүнээс гадна АНУ нэгдүгээр сарын сүүлчээр Хятадын эсрэг аяллын хориг тавихад ДЭМБ эсэргүүцэж байсан. Мөн амны хаалт зүүх тал дээр ДЭМБ анхнаасаа алдаатай бодлого баримталсан.