Нийгэм
“Сувилагчийн сургуульд амжилттай суралцвал төлбөрийг ТӨРӨӨС ДААНА”
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУШААЛ ГАРГАЛАА
Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлагдсан ба тушаалаар ямар зохицуулалт хийсэн талаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр /2020.04.22/ мэдээлэл хийсэн.
Энэ талаар дахин нэмэлт мэдээлэл хүргэе.
ЭЛСЭЛТИЙН ХУВЬД
2019-2020 оны хичээлийн жилийн эхний статистик мэдээгээр 95 их, дээд сургууль, коллежид 148,5 мянган оюутан суралцаж байгаагаас төрийн өмчийн 21 сургуульд 82,9 мянган оюутан, хувийн өмчийн 71 сургуульд 66,4 мянган оюутан, гадаадын их сургуулийн салбар гурван сургуульд 190 оюутан тус тус суралцаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоолоо.
Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн XII анги төгсөгч 27983 сурагчдад ЭЕШ-д бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор интернэтэд үнэ төлбөргүй орох дата эрх олгох ажлыг аймаг, дүүргийн БСУГ, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, үүрэн телефоны операторууд үнэгүй дата бүхий дугаарыг олгох ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Түүнчлэн энэ жилээс сувилагчийн сургуульд элсэн суралцагч амжилттай суралцвал төлбөрийг нь төрөөс даах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
ТӨГСӨЛТИЙН ХУВЬД
Энэ хичээлийн жилд 22,387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17,420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөнө.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэхүү заалтад бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн 3 ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн 1 суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана. Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8,460 оюутанд 16,6 тэрбум төгрөг батлагдсан гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилийн эхний улиралд их, дээд сургууль, коллежийн 51 дотуур байранд 11,8 мянган оюутан амьдарч байсан. Одоогийн байдлаар 51 оюутны байранд нийт 412 оюутан амьдарч байна. Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчийн эд зүйлсийг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөрт багтаан хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгожээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.