Нийгэм
10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө
Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.
Сургууль, цэцэрлэг:
Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газарт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлыг бүрэн хийлээ. Ингэснээр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.
Авто зам, замын байгууламж:
Нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд нийт 27 км авто замын газар чөлөөлөлтийг бүрэн хийлээ.
Дэд төв:
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн авто замын, инженерийн шугам сүлжээ, цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийн талбайд өртсөн газрыг чөлөөлж байна. Уг ажлын хүрээнд нийт 910 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 93 хувьтай байна.
Гүүрэн байгууламж:
Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2 км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.