Нийгэм
20 жилийн өмнө хүний амь нас хохироосон гэмт хэргийг шийдвэрлэлээ
Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэжээ. 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалагдан, нас барсан хэрэг гарсан. Дээрхи хэрэгт 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг сэргээж, “тухайн үед хэргийн газраас бэхжүүлэн авсан 19 ширхэг гарын мөрөнд дахин дүгнэлт гаргуулах” тухай даалгавар бичиж хүргүүлсэн байна. Даалгаврын дагуу дүгнэлт гаргуулахад 1 ширхэг мөр нь А.Н гэгчийн баруун гарын эрхийн хурууны дардастай тохирсон тул хяналтын прокурор Н.Ням-Очир хэргийн газраас бэхжүүлэгдсэн зарим эд мөрийн баримтуудаар харьцуулсан дүгнэлт гаргуулах тухай даалгавар бичиж, дүгнэлт гаргуулжээ. Дүгнэлтээр дээрхи гэмт хэргийг урьд 6 удаагийн ял шийтгэлтэй А.Н үйлдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамтарсан ажлын хэсэг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг А.Н үйлдсэн болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. А.Н- нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш 4 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Эх сурвалж: ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.