Энтертайнмент
Хөгжмийн зохиолч Б.Чинбат талархлын тоглолтоо хийнэ
“Никитон” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Чинбат аравдугаар сарын 11-нд талархлын тоглолтоо хийх гэж байна. Түүний “Chinbaa &Friends” хандивын тоглолт өнгөрөгч нэгдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байв.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд хэцүү цагт чин сэтгэлээсээ хандив өгч тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж, уран бүтээлчидтэйгээ хамтран тоглолт хийхээр болжээ. Талархлын тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд аравдугаар сарын 11-нд 17.00 цагт ганцхан удаа болох гэнэ. “Аравт” болон “Niciton & Friends” тоглолтуудын тасалбар авсан хүмүүс TICKET.mn цахим тасалбарт хандан тасалбараа солиулж үзэх боломжтой.
Тэрбээр элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон билээ. Тэдний хагалгаа 2019 оны арваннэгдүгээр сард амжилттай болж, одоо эх орондоо эмчлүүлж байгаа юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.