Дэлхий дахинд
БНХАУ: Австралид хориг тавьснаар Монголоос нүүрс импортох нь ихэслээ
Бээжингийн эрх баригчид Австрали улсаас нүүрс импортлохыг хориглосон учир Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд Монголоос нүүрс худалдан авах нь ихэсч, нэг өдөрт л гэхэд мянган машин нүүрс хил давжээ. Гэвч монгол нүүрсний үнэ өндөр, чанар муу, тээврийн зардал хэт их зэрэг нь зарим худалдан авагчдын “толгойны өвчин” болоод байна.
Австралиас коксжих болон эрчим хүчний нүүрс импортлохоо больсонд цаагуураа хоёр улсын харилцаа, улс төрийн зайлшгүй асуудлууд нөлөөлсөн байж болох ч бодит байдал дээр тус шийдвэр хүндээр тусч, Монголоос нүүрс импортлоход олон асуудал үүсч байгаа учир цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бээжин дээрх шийдвэрээ эргэн харахаас гарцаагүй болно хэмээн шинжээчид үзэж байна.
Хятад улстай хил залгаа оршдог Монгол Улсаас нүүрс импортлох нь Бээжингийн хувьд австрали нүүрсийг орлуулах хамгийн тохиромжтой сонголт байсан нь мэдээж. Учир нь АНУ, ОХУ, Канад зэрэг холын орнуудаас богино хугацаанд яаралтай нүүрс худалдаж авах нь боломжгүй зүйл хэмээн S&P Global Platts сүүлийн үеийн тайландаа дурьджээ.
Хэдий Хятадын умард хэсгийн мужуудад дээрх өөрчлөлт төдийлөн хүндээр тусахгүй байж болох ч өмнөд нутгуудад зохион байгуулалт, тээврийн өртөг зэрэг асуудлууд гол асуудал аж. Тиймээс Бээжин дээрх шийдвэрээ эргэн харахгүй бол өмнөд Хятадын хэрэглэгчид илүү үнэтэй дотоодын нүүрсээ ашиглахаас өөр сонголтгүй болох юм.
Одоогийн байдлаар Австралийн нүүрсний импортод тавьсан хориг хүчин төгөлдөр, амжилттай хэрэгжиж байгаа аж. Тиймдээ ч Хятадын нүүрс хэрэглэгчид өөр орнуудын нүүрс экспортлогч компаниудтай холбоо тогтоохоор оролдож эхэлжээ. Гэсэн ч өөр илүү хямд хувилбар үгүй тул Монголын нүүрсний эрэлт нэг хэсэгтээ л өссөөр байх болно хэмээн мэргэжлийнхэн таамаглаж байна.
“Монгол нүүрсний нэг сайн тал нь хатуу коксжих нүүрсийг орлож чаддагт оршиж байна. Далайд гарцгүй Монгол Улсад Бээжингийн шийдвэр ашгаа өгч, сүүлийн үед Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт эрс өсч, нэг өдөрт л гэхэд мянган машин хил давах болсон байна” хэмээн ажиглагч Жеффери Лью, Иле Вен нар онцолжээ.
Ийнхүү экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа нь цаашлаад Монгол Улс нь Хятадын нүүрсний хэрэглээ, тэр дундаа гангийн үйлдвэрийн коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч гэсэн байр сууриа эргэн авах боломж байж магадгүй юм.
Өмнө нь Монгол Улс нь Хятадын тэргүүн нийлүүлэгч орон байсан ч энэ оны эхээр цар тахал, хил хаах зэрэг асуудлаас болон дээрх байр сууриа алдсан билээ. Харин Австрали энэ боломжийг богино хугацаанд ч гэсэн алдалгүй ашиглаж, энэ жил өнгөрсөн гурван жилийнхээс хол илүү хэмжээний коксжих нүүрс Бээжинд борлуулсан байна.
CRU группийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Вугийн хэлснээр хөрш хоёр улсын улс төрийн дотно харилцаа Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд том түлхэц болсон байж магадгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Монгол Улс нь Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээрээ Хятадад экспортлодог усан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, химийн бүтээгдэхүүн тэргүүтэй 366 нэр төрлийн барааныхаа татварыг хасахаар тохиролцож, хоёр улс хоорондын худалдаагаа өргөжүүлэх зорилт тавьжээ. Мөн БНХАУ-ын худалдааны яам Монгол Улс дээрх хэлэлцээртт нэгдсэнээрээ Хятадтай харилцан татварын хөнгөлөлт эдлэхээс гадна зам барилгын төслүүдэд илүү их боломж нээгдэх болно хэмээн цохон тэмдэглэсэн аж.
Гэсэн ч монгол нүүрсний өндөр үнэ, тээврийн зардал, чирэгдэл, чанарын асуудлаас болж Хятадын хэрэглэгчид Австралийн хоригийг эргэн харах талаар шаардлага тавьж магадгүй.
“Хятадын умард нутгууд, ялангуяа Хэбэй мужийн гангийн үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсийг аль хэдийн өргөнөөр хэрэглэж эхэлсэн. Гэхдээ Австралийн нүүрсийг хэрэглэж дадсан, ихээхэн хамааралтай болсон гангийн үйлдвэрүүд хэцүү сонголт өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна. Учир нь одоогийн байдлаар зөвхөн монгол нүүрсний нийлүүлэлт л хангалттай байгаа юм” хэмээн Ву хэлжээ.
Хятадын өмнөд нутгуудын гангийн үйлдвэрүүдийн хувьд тээврийн зардал ихтэй монгол нүүрс, эсвэл өндөр үнэтэй дотоодын нүүрсэнд найдсанаас хямд үнээр гэрээ байгуулж өөр экспортлогчоос нүүрс импортлох нь ашигтай байж магадгүй.
Өмнөд нутгууд, тэр дундаа далайн эргийн мужуудад далайн тээврээр нүүрс хүргэх нь амар байдаг бол харин Монголоос нүүрс худалдан авахад төмөр замаар тээвэрлэх явцад осол гарах, төмөр замын даацын асуудал зэргээс шалтгаалан олон янзын хүндрэл үүсдэг байна.
Гэтэл өөр орноос нүүрс импортлох боломж бага байгаа нь тэдгээр гангийн үйлдвэрүүдэд дотоодын өндөр үнэтэй нүүрсээ хэрэглэхээс өөр сонголт үлдээхгүй бололтой. Хэрэв тэгвэл үйлдвэрүүдийн ашиг орлогод хүндээр нөлөөлөх эрсдэлтэй юм. Жишээлбэл, Канад, АНУ, Мозамбик, ОХУ зэрэг өөр нүүрс экспортлогч орнуудаас нүүрс худалдан авъя гэхэд тэдгээр нь аль хэдийн өөр худалдан авагчийн захиалгад дарагдсан, эсвэл хомсдолтой байгаа. Түүнээс гадна дээрх экспортлогчдоос худалдан авсан нүүрс маш хол замыг туулах учир хэтэрхий уддаг гэнэ. Тухайлбал, Баруун Канадаас нүүрс захиаллаа гэж бодоход дор хаяж 21 хоног, харин АНУ-аас 45 хоногийн дараа ирэх тул одоо захиалбал шинэ он гарах үеэр сая нэг нүүрстэйгээ золгож магадгүй гэсэн үг.
Гэтэл үйл ажиллагаагаа доголдуулалгүйгээр яаралтай хэрэгцээгээ хангахын тулд богино хугацаанд ирэх нүүрс хайж байгаа худалдан авагчдын хувьд дээрх хугацаа нь байж боломгүй урт хугацаа юм. Түүнээс гадна өмнө нь худалдан авч байгаагүй газрын нүүрсний чанар ямар байхыг урьдчилан мэдэх аргагүй нь бас нэг том эрсдэл мөн. Учир нь Австралийн нийлүүлдэг байсан дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрсийг маш цөөхөн орон л санал болгож чаддаг гэнэ.
Харин Австрали Бээжинтэй үргэлжлүүлэн сөргөөцөлдөлгүй, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх ирээдүйдээ анхааран өөр зах зээл эрчимтэй хайж эхэлжээ. Жишээлбэл, Австралийн алт, зэс, литийн экспорт технологийн салбарт эрэлт өндөр байгаа бөгөөд Латин Америктай шинээр түншлэх боломж өндөр байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө