Нийгэм
Өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурлаа
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл хийлээ.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг пүрэв гараг бүр хүргэнэ
Мэдээллийн эхэнд “Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын А/1016 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа. Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад тогтмол хэвлэлийн бага хурал хийж мэдээллийг хүргэж ирсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусч байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа буюу пүрэв гараг бүр холбогдох байгууллагууд цаг үеийн мэдээллээ хүргэж ажиллана” гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцолж хэллээ.
Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн. Мөн урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд НОБГ, НМХГ, НЦУГ, НАБТГ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс хамтран 56 удаагийн 60 гаруй цагийн хэвлэлийн хурал хийж давхардсан тоогоор 250 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээлэл, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ бусад мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан. Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын 07 дугаар тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд нийт 81 өдөр 1395 удаагийн тээвэрлэлтээр 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд хүргэсэн” гэсэн мэдээлийг өглөө.
Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.
Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байгаа бол 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Нийт ард иргэддээ хандан хэлэхэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулья. Мөн гэр доторх агаарын сэлгэлтээ сайн хийж, дархлаагаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсч байна” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.