Нийгэм
“Яармаг-100” эмнэлэгт 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн дадлага сургуулилалт хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа.
“Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеэр Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна. Тус эмнэлэгт нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А, B, C гурван бүст өвчтөнийг эрэмбэлэн ангилж /өндөр эрсдэлтэй болон ахмад настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид/ тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулагдсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогджээ. Нэг ээлжинд 90 хүн, нийт гурван ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага сургуулилт хийж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын мэдээлснээр халдварын онцгой дэглэмийн үед улаан, шар, ногоон гэсэн гурван бүсэд хуваадаг. Улаан бүст хэвтэн эмчлүүлэх, оношилгооны, хүлээн авах, шарил хадгалах болон эмийн нөөц, эмнэлгийн хог хаягдлыг хадгалах, ариутгал, халдваргүйтгэлийн хэсгүүд ажиллаж байна. Харин шар бүст үүрэг гүйцэтгэсэн ажилтнууд ариутгал, халдваргүйтгэл хийгдэх хэсэг. Ногоон бүст эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дэд штаб байрлахаас гадна лаборатори, эмийн нөөцийн өрөө, ажлын өрөө, амралтын өрөө, хувцас солих зэрэг хэсгүүд багтаж байгаа аж.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх халдварын голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын аюулгүй байдал, хамгаалах хувцас хэрэглэлд анхаарч ажиллах ёстойг санууллаа. “Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх болно. Харин иргэн бүр хариуцлагатай байж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг даган биелүүлж хамтарч ажиллах ёстой юм шүү. Гамшиг, халдварт өвчний үед бидний хийх шаардлагатай хамгийн чухал хийх ажил бол урьдчилан сэргийлэх явдал юм” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж хэллээ.
Хээрийн эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой
Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Жаргалантын ам дахь спорт цогцолборт баригдаад буй гамшгийн үеийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэгт ажиллав.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн үйл ажиллагааг холбогдох албаны хүмүүс танилцууллаа. Энэхүү хээрийн эмнэлэг нь 50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шаардлагатай тохиолдолд 15 ор нэмэлтээр дэлгэх боломжтойгоос гадна жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой. Өнөөдөр хээрийн эмнэлэгт 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллах байна гэдгийг танилцуулгадаа онцолж хэлсэн юм.
Мөн коронавирусийн халдвар олширч, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хээрийн эмнэлгийг байгуулж ажиллах бөгөөд уг эмнэлэгт мэс засал хийх, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг эмнэлгийн бүхий л үйлчилгээг үзүүлэх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын хэмжээнд цар тахал өвчин дэгдлээ гэхэд хяналтандаа авч, яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнүүдээ хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрэн хангаж, бэлтгэлийг базаасан байна гэж харлаа. Энэ тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотойгоор харилцан ажиллах вэ гэдгээ мэддэг болсон байна. Цаашид ч энэ бэлэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Иймээс иргэд, олон нийт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, гэр бүл, үр хүүхэд болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрсдөө аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Төр засаг, ард иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд коронавирусийн халдвараас бид хамгаалсаар ирлээ. Улс оронд аюул нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан гэдэг нь өнөөдрийн дадлага сургуулилалтаас харагдаж байна” хэмээлээ.
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу дадлага сургуулилалт гурван өдрийн турш үргэлжилж байна. Улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.