Нийгэм
Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө.
Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй” гэдгийг санууллаа.
Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.