Эдийн засаг
Ш.Алтанчимэг: 2021 онд зээлийн батлан даалтаа хоёр дахин өсгөж 30 тэрбум төгрөгт хүргэнэ
Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгтэй жижиг дунд үйлдвэр, бизнес, худалдаа үйлчилгээний өнөөгийн байдал, зээл авахад хэрхэн туслалцаа үзүүлдэг талаар ярилцлаа.
-Та Зээлийн батлан даалтын сан ажиллаж эхэлснээс хойш хэдэн аж ахуйн нэгж, иргэнд үйлчилгээ үзүүлээд байна вэ?
-Монгол Улсын Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 оны хоёрдугаар сард батлагдсан. Ингээд тухайн оны арваннэгдүгээр сараас сангийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Анх жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч зээл авахад барьцаа хөрөнгө хангалтгүй тохиолдолд түүнийг нь гаргадаг байсан. Ингээд 2017 оноос хойш хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлд батлан даалт гаргаж эхэлсэн. Манай сан өнөөдрийн байдлаар нийт 833 аж ахуйн нэгжид 111 тэрбум төгрөгийн батлан даалтын үйлчилгээ үзүүлээд байна.
-Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахал улс орнуудын эдийн засаг, бизнес эрхлэгч нарт нэлээд бэрхшээл учруулж байна. Тэгвэл батлан даалтын сангийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?
-Энэ онд нэлээд бэрхшээл тулгарч хоёр шалтгааны улмаас манай сангийн үйл ажиллагаа саатсан гэж хэлж болно.
Эхний шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлт. Хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдаж арилжааны банкууд зээл гаргалтаа хумьсан. Үүний улмаас батлан даах үйл ажиллагаа багассан. Хоёрдугаарт, манай сангийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан батлан даалт гаргадаг байсан. Тэгээд 2019 онд батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт орсноор иргэн гэдэг заалт байхгүй болсон. Зөвхөн аж ахуйн нэгж байгууллага, хязгаарлагдмал хариуцлагатай компани “Жижиг дунд үйлдвэр эрхлэгч” гэсэн тодорхойлолтоор үйл ажиллагаа явуулна гэсэн заалт орсон юм. Үүнтэй уялдаад манай сангийн батлан даалт гаргалт тодорхой хувиар буурсан. Гэвч Засгийн газраас “Ковид-19” цар тахлын халдвартай холбоотой гаргасан шийдвэрүүдийн дагуу манай сан батлан даалтаа нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгч нарт мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл жижиг дунд бизнес эрхэлдэг, аж ахуйн нэгж байгууллагуудтай манай сангийн мэргэжилтнүүд холбогдож мэдээлэл хүргэх болсон.
-Тэгэхээр жилд дунджаар хэдэн аж ахуйн нэгж хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний туслалцаа хүсдэг юм бол. Энэ онд хэчнээн аж ахуйн нэгжид батлан даах үйлчилгээ үзүүлээд байна вэ?
-Манай санд жилд 100-150 жижиг дунд бизнес эрхлэгч батлан даалттай зээл авах хүсэлт гаргадаг. Энэ онд 72 аж ахуйн нэгжид 26.5 тэрбум төгрөгийн зээл, 13.7 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байна.
-Батлан даалт болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлөлт ямар байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа шүү дээ. Аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүй болох тохиолдол гарвал даатгалд хамрагдсан байдаг уу?
-Батлан даалтын сан аж ахуйн нэгжүүдээс нөхцөл өөрчлөх хүсэлт хүлээн авч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд зээлээ төлөхөд хүндрэл, бэрхшээл учирч байгааг илэрхийлж байна гэсэн үг. Зээлдэгч нар зургаан сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлж өгөөч, хүүг нь төлөөд явъя гэсэн хүсэлт гаргаж байна. Зарим нь үндсэн зээл болон хүүг нь хойшлуулж өгөөч үйл ажиллагаа эхлэхээр төлөөд явъя гэсэн хүсэлт тавьж байгаа. Гэхдээ бүх аж ахуйн нэгжүүд биш. Тодорхой салбарт бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд дээр байдал ийм байгаа. Жишээ нь үйл ажиллагаа нь зогссон караоке, боловсролын салбарт бизнес эрхлэгч зэрэг зээлдэгч нар энд багтаж байна. Үйл ажиллагаа нь зогсоогүй хүнсний дэлгүүр, худалдааны байгууллагууд харьцангуй гайгүй байна. Зээлийн даатгалыг тухайн арилжааны банкнаас шалтгаалж янз бүрээр хийдэг. Тухайн зээлдэгч банктай байгуулсан гэрээндээ тусгаад явдаг тусдаа асуудал. Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй болсон нөхцөлд Батлан даалтын сан төлнө гэсэн буруу ташаа ойлголт байдаг тал бий. Өөрөөр хэлбэл “Эрсдэлийн сан” мэтээр ойлгодог. Тэгвэл батлан даалтын сан аж ахуйн нэгжүүд зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд тусалдаг байгууллага шүү дээ. Манай сан аж ахуйн нэгжүүд зээл авахад барьцаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд 30-60 хувьд нь батлан даалт гаргаж өгдөг.
-Тэгвэл 30-60 хувийн батлан даалт гаргадаг гэхээр дунджаар хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний батлан даалт гаргадаг юм бол?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлд батлан даалт гаргахдаа 30-60 хувь гэсэн хэмжээ тогтоосон. Учир нь энэ төслийн хүрээнд дээд тал нь нэг тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн хязгаартай байдаг. Тэгэхээр үүний 30 хувь гэж бодвол 300 сая төгрөг болно. Манай сан журмаараа дээд тал нь 420 сая төгрөгийн батлан даалт гаргах нөхцөлтэй юм. Үндсэн батлан даалтын тухайд доод хэмжээ заагаагүй. Хэдэн ч төгрөгт батлан даалт гаргуулж болно.
-“Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон жижиг дунд бизнес эрхлэгч нар зээлийн нөхцөлөө өөрчлөх хүсэлт тавьж байна гэлээ. Тэгэхээр ирэх онд танай сан ямар байдлаар ажиллах зорилт тавьж байгаа вэ?
-Бид ирэх оноо өөдрөгөөр төсөөлж байгаа. Ганц манай улс ч биш дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоод байна. Цаашдаа энэ өвчинтэй дасан зохицоод амьдрах байх гэсэн мэдээлэл бий. Засаг төр энэ өвчлөлийг дотооддоо тархаахгүйн тулд чармайн ажиллаж голомтыг нь хумьж байна. Он гараад дотоодод амьдрал хэвийн болох байх. Үүнтэй уялдаад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлэхэд зээлийн хэрэгцээ нэмэгдэнэ шүү дээ. Иймд манай сан ирэх онд зээл батлан даахад зориулж 30 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн. Энэ онд зээлийн батлан даалтад гаргасан 13.7 тэрбум төгрөгийг хоёр дахин өсгөж гаргана гэсэн үг. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид манай үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сайн судлах хэрэгтэй. Ингээд бидэнд хандахад манай хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна.
-Жижиг дунд бизнес эрхлэгчид танай санд хандахад ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бол. Та бүхэн ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Бүрдүүлэх материал нь арилжааны банкнаас зээл хүсдэгтэй ерөнхийдөө адилхан. Тухайлбал, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжийнхээ гэрчилгээ, дүрэм гэх зэрэг бичиг баримт шаарддаг. Банкнаас ялгаатай зүйл бас бий. Учир нь хуулийн заалтаа хангуулах үүднээс барьцаа хөрөнгө нь дутагдалтай байна уу гэдгийг баталгаажуулахын тулд лавлагаа авдаг. Мөн жижиг дунд үйлдвэрлэгч гэдгээ нотлох ёстой. Үүний тулд аж ахуйн нэгжээ Жижиг дунд үйлдвэрийн газарт бүртгүүлж лавлагаа авч ирэх учиртай. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн тухайд төсөл шаарддаг.
-Батлан даалгах хүсэлт хүлээж аваад хэдий хугацаанд шийдвэр гардаг вэ?
-Үйл ажиллагааны журамд 14 хоногийн хугацаанд шийдвэр гаргана гэж заасан байдаг. Гэвч дунджаар 10 хоногт багтаан шийдвэрлээд ажиллаж байна.
-Зээлийн батлан даалт гаргахыг хориглосон бизнесийн салбарууд бий юу?
-Бий. Жишээ нь барилга угсралт, дэд бүтэц, уул уурхайн салбар, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргахыг хориглодог. Азийн хөгжлийн банкнаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бизнест дэмжлэг үзүүлэхийг хориглодог. Мөн томоохон компаниудын салбар аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлдэггүй.
-Азийн хөгжлийн банкны төслийн зээл ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Энэ төсөл 2017 оноос эхэлсэн. Нийт таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид манай сангаас 10 жилийн хугацаатай зээл авч эргэн төлөх нөхцөлтэй гэрээ хийгээд явж байгаа.
-Тэгэхээр танай сангаас зээлийн батлан даалт гаргуулсан тохиолдолд ямар нэг хүү, шимтгэл төлдөг үү?
-Үндсэн батлан даалтаар зээл авч байгаа тохиолдолд нэг удаа хугацаанаас нь хамаарч 1-3 хувийн шимтгэл төлнө. Азийн хөгжлийн банкны төслийн зээлд хамрагдаж батлан даалт гаргуулсан зээлдэгч нар жил тутам зээлийн үлдэгдлээс шимтгэл төлж байгаа. Батлан даалт гаргахдаа хүү тооцдог гэсэн ташаа ойлголт байдаг.
-Танай сангийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хаанаас яаж авч болох вэ?
-Манай сан дээр ирээд авч болно. Үүд хаалга маань үргэлж нээлттэй. Мөн манай сангийн пэйж хуудас, вэб сайтад дэлгэрэнгүй мэдээлэл бий. Бас 77002033, 77002035 гэсэн утсанд хандаж болно.
-Жижиг дунд бизнес эрхлэгчид танай ямар бүтээгдэхүүнийг хамгийн сонирхож байна вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн зээлийн батлан даалт байдаг. Энэ нь зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх МОН-338 төсөл. Батлан даалгаж байгаа хувь хэмжээнээс хамаарч зээлийн хүү нь жилд 12-15 хувь байдаг. Зээлийн батлан даалгах хугацаа нь 10 хүртэлх жил. Хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх гэсэн хоёр зүйлд санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийг арилжааны таван банкаар дамжуулж олгож байна. Бизнес эрхлэгч эхлээд Төрийн, Худалдаа хөгжлийн, Хас банк, Капитрон, Хаан банкинд хандаж хүсэлт гаргадаг.
-Шинээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн бий юу?
-Манай байгууллага банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зорилготой. Иймд Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “Транскапитал”, “Инвесткор” гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 80 хүртэлх сая төгрөгийн үндсэн батлан даалттай зээл гаргах үйл ажиллагаа эхэлж байгаа. Одоогоор зээл гараагүй. Учир нь энэ үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Үүнээс гадна эмэгтэй бизнес эрхлэгч нарт ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломж байгааг судалж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой чиглэлд үйлчилгээ үзүүлэх боломж хайж байна гэсэн үг. Мөн арилжааны хоёр банктай хамтарч ажиллах асуудлыг судалж байна. Азийн хөгжлийн банкнаас одоогоор нэгийг нь хүлээн зөвшөөрөх шатанд яваа. Ийм учраас ирэх онд илүү олон сувгаар бизнес эрхлэгч нарт дэмжлэг үзүүлнэ гэсэн төсөөлөлтэй байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс гадна зах худалдааны төвд лангуу түрээслэгч нар Та бүхэнд хандаж санхүүгийн дэмжлэг хүсдэг үү?
-Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүгд санхүүгийн дэмжлэг авах эрх нээлттэй. Хүмүүс манай санг зөвхөн гутал хийдэг, юм оёдог гэх зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш л дээ. Худалдааны салбарынхан ч зээлийн батлан даалт хүсч болно. Санхүүгийн дэмжлэг авсан нь ч байгаа. Бөөний болон жижиглэнгийн худалдаа, дэлгүүрийн бизнес эрхлэгчид манайд ханддаг. Өнөөдөр лангуу түрээслэн бизнес эрхлэгч нар санхүүгийн мэдлэг, боловсролтой болсон шүү дээ. Аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжээд дансны гүйлгээ, орлогоо нотолж чаддаг болсон. Урьд нь хар дэвтэр гэдэг зүйл хөтөлж зээл хүсээд явдаг байсан. Нэг ёсондоо гараараа тийм гутал, ийм зүйл төдөн төгрөгөөр зарав гэж бичсэн дэвтэр бариад явдаг цаг үе нь өөрчлөгдсөн. Лангууны худалдаа эрхлэгч нар өнөөдөр НӨАТ-ын баримт өгдөг, татвар төлдөг болсон шүү дээ. Тэгэхээр худалдаа эрхлэгчид манайд хандах боломжтой. Томоохон зах худалдааны төвд лангуу түрээслэгч нар түүнийгээ худалдаж аваад өөрийн болгох хүсэлтээ илэрхийлж санхүүгийн дэмжлэг авсан харилцагч олон бий. Нөгөө талаас Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд жилийн борлуулалтын орлого зааж өгсөн байдаг. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг байвал жижиг дунд үйлдвэрлэгч гэнэ гэж заасан. Тэгэхээр үүнээс доош орлоготой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар манайд хандах бүрэн боломжтой юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав